Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ.
2014 оны БАЛДОРЖ шагналын дэд байрт “Өнөөдөр” сонины албаны дарга Х.Болормаа “Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан” цуврал нийтлэл, сурвалжилгаараа шалгарсан юм.
Өөрийн гэсэн хашаа байшинтай болоод айлын хажуу өрөөнөөс гарсан тэр өдөр миний хөл газарт хүрэхгүй байх шиг л санагдаж байв. Байшингаасаа байранд ороход надад бүр далавч ургах шиг л болсон. Хуруу хумсаа хуйхлах шахан байж хуримтлуулсан хэдэн төгрөгөө орон сууцын урьдчилгаанд өгч, зээл хөөцөлдөөд бүтмэгц, байраа тохижуулах, төвхнөх гэсээр орон сууцын өрөө талбай хэмжээндээ хүрч байна уу, үгүй юү гэдэгт нэг их анхаараагүй. Мөрөөдөл биелж байгаа мөчид тийм зүйл бодогддог ч үгүй юм билээ. Харин өдгөө олон орон сууцын барилга, тэр ч байтугай хотхон, хорооллоороо байрны талбайн хэмжээ нь дутсан тухай дуулиан дэгдэж байна.
Манай байрны талбай хэмжээндээ хүрч байгаа юм болов уу гэж өөрийн эрхгүй бодогдов. Бараг бүх хүн дэлгүүрээс чихэр авахдаа нэг кг биш 800 грамм байх шиг санагдвал шалгуулдаг, бүр хяналт шалгалтын байгууллагад мэдээлдэг шүү дээ.
Г анцхан хоромд идээд дуусгах чихрийн хэмжээнд тэгтлээ их анхаардаг хэрнээ нэг насаараа амьдрах орон байрныхаа талбайн хэмжээг бид нягталдаггүй юм байна. 200 грамм чихэр дутахыг хоёр ам метр талбай дутахтай харьцуулахад дэндүү өчүүхэн зүйл биз дээ. Мөнгөний хэмжээ нь ч хол зөрүүтэй. Уг нь орон сууцын талбай ам метрээр байтугай сантиметрээр ч дутах учиргүй. Барилгын компаниуд хамгийн багадаа нэг айлаас хоёр ам метр талбай хумсалсан байгаа юм. Энэ бол цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох талбай. Айлаас ийм хэмжээний талбай дутна гэдэг бол тэр айлд нэг хүүхэд мэндлэх боломжийг хааж буй хэрэг. Одоогийн залуу гэр бүлүүд хэдэн хүүхэдтэй болохоо байрныхаа талбай, бэнчингийнхээ хэмжээнд тааруулж төлөвлөдөг болсон учраас хоёрхон ам метр талбай яршиг гээд орхиж болохгүй. Цаана нь монголчууд өнөр олуулаа болж чадах уу гэсэн том асуудал бий.
Дунджаас доогуур орлоготой бидэн шиг хүмүүс хоёр ам метр талбай худалдаж авах дөрвөн сая (зах зээлийн одоогийн хамгийн бага ханшаар тооцоход) төгрөгийг цуглуулах гэж бүтэн жил хөдөлмөрлөнө. Ийм хэмжээний талбай зээлээр авсан бол зээл, хүүгийн төлбөрийг төлөх гэж гурван жил ажиллана. Байр бол монголчуудын бараг бүгдийнх нь мөрөөдөл. Байргүй нь байртай болох гэж, байртай нь томруулах гэж хүсдэг. Монголын нэрийг дэлхий дахинд Оюутолгой, Тавантолгойгоос дутахгүйгээр таниулж байгаа зүйл бол утаа, агаарын бохирдол. Хөрсний бохирдол ч чимээгүй тахал тарьсаар. Үүнийг багасгах хамгийн найдвартай гарц нь иргэдээ орон сууцжуулах гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс барилгын салбарыг төр удам залгах ганц хүү шигээ харж хандаж, байдгаа барьж гүйсэн.
2008-2009 онд барилгын салбар уналтад орж, компаниуд барьсан барилгаа борлуулж чадахгүй сандрахад төрөөс тэдэнд хөнгөлөлттэй зээл олгож, “4000 орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэн, найман хувийн хүүтэй зээл анх удаа гаргаснаар орон сууц борлогдож, энэ салбар уналтаас гарсан юм даг. Үүний дараа тэнгэрт хадсан үнэтэй орон сууцууд “Ашиглалтад орсон тул захиалга авч байна. Цөөхөн байр үлдлээ. Захиалга авах утас” гэсэн зар бүхий хулдаас өлгөчихөөд хэдэн жил болсон. Борлогдоогүй тэр барилгууд өнгөрсөн зургаадугаар сараас олгож эхэлсэн найман хувийн хүүтэй зээлийн хүчинд л эрэлттэй бараа болоод байгаа нь булзах аргагүй үнэн. Энэ жил барилгын гол материал болох цемент, арматурын үнийг өсгөлгүй, тогтоон барихын тулд Засгийн газар Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд нэлээд мөнгө зарцууллаа. Энэ бүх арга хэмжээ дан ганц барилгын компаниудыг дэмжихэд чиглээгүй, цаана нь иргэдээ бодсон бодлого байгаа ч ийм дэмжлэгийн ачаар барилгынхан башийж буй нь үнэн билээ. Ингэж бөөцийлөөд байхад барилгынхан худалдан авагчдаасаа хулгай хийж иржээ. Иргэдийн эрэлт хэрэгцээ, олонхынх нь нэгэн насны мөрөөдлөөр даажигнан, арайхийж авсан ганц, хоёр өрөө байрных нь талбайгаас хумсална гэдэг байж боломгүй хэрэг.
19 КОМПАНИ ХУДАЛДАН АВАГЧДАА ХОХИРООСНЫГ ТОГТООГООД БАЙНА
Галладаг зуухаа халдаг паараар сольж, халуун ус хананаасаа авах хэрэгцээ Монголын ард түмний 76 хувьд нь бий. Сумын төвд амьдардаг, хөдөө мал малладаг хүмүүс хүртэл наанаа ил гаргаж хэлдэггүй ч цаанаа ийм мөрөөдөл битүүхэн тээж явдаг. Оосор бүчгүй орд цагаан өргөөнд тухлахын тулд монголчууд харьд боолын хөдөлмөр эрхэлж, эх орондоо Туулын мөсийг долоож яваа. Ингэж хуруу хумсаа хуйхалж байж авсан орон сууцынх нь талбайгаас барилгын компаниуд хулгайлж байжээ. Хулгайд үл хөдлөх хөрөнгийнхөө нэг хэсгийг алдсан иргэд байрныхаа талбайг хэмжүүлэх, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-т өргөдөл гаргах, орон сууцыг нь барьсан компанийн хүмүүсийг олж уулзах, хохирлоо барагдуулж авах гээд хөл хүрэх газар бүрээрээ явж, хэл хүрэх эрх мэдэлтэн бүхэнтэй уулзан, 10 тамаа эдэлж явна.
ЗААВАЛ МӨРДӨХ ЁСТОЙ СТАНДАРТЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭЭД ШҮҮХЭД ХАНДЖЭЭ
Худалдан авагчдаасаа хулгай хийсэн барилгын компаниуд харин юу ч болоогүй мэт байх нь даажинтай. Зарим нь бүр ичсэн хүн хүн ална гэгчээр ШӨХТГ-ыг шүүхэд өгчээ. “Тайгам Алтай” компанийн Нарны гүүрний баруун урд барьсан “Алтай” хотхоноос байр авсан 47 иргэн ШӨХТГ-т хандаад байна. Тус компани эдгээр иргэнийг 227 сая төгрөгөөр хохироочхоод тэдний хохирлыг одоо болтол барагдуулаагүй байгаа аж. Стандартчилал хэмжил зүйн газар “Орон сууцын барилгын доторх сууцын талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандарт баталж, 2010 оны хоёрдугаар сарын 1-нээс Монгол Улсын хэмжээнд мөрдүүлж эхэлсэн. Орон сууц барьж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хэн ч бай энэ стандартыг заавал мөрдөх ёстой. Хэрвээ ямар нэг стандарт алдаатай, мөрдөх боломжгүй бол батлагдсанаас нь хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг аж. Харин энэ стандарт мөрдөгдөж эхлээд дөрвөн жил болж байна. Гэтэл “Тайгам Алтай” компани “Энэ стандартыг хүлээн зөвшөөрөхгүй, ийм стандарт барьж биднийг шалгалаа” хэмээн ШӨХТГ-ыг шүүхэд өгчээ. Тиймээс ШӨХТГ тус компанийг 10 сая төгрөгөөр торгож, барилгын тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэхээр БХБЯнд хандаад байна.
“Гангар инвест” компанийнхан ч бас “Тайгам Алтай”-тай адил байж боломгүй зүйл ярин, ШӨХТГ-т гомдол гаргасан 11 худалдан аваг чийнхаа 23 сая төгрөгийн хохирлыг төлөхгүй байгаа аж. ШӨХТГ-ын дарга О.Магнай өчигдөр хохирсон иргэдийг хүлээн авч уулзахдаа “Гангар инвест” анх иргэдийн хохирлыг барагдуулна гэж байсан ч сүүлдээ үгнээсээ буцсан. Энэ компанийг 10 сая төгрөгөөр торгож, барилгын тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэхээр БХБЯ-нд хандахаар болсон” гэж тус компаниас байр худалдаж аваад хохирсон иргэдэд мэдээлсэн юм.
1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨС 200 САЯЫГ НЬ ТӨЛӨӨД БАЙНА
ШӨХТГ-т сарын өмнө барилгын 18 компанитай холбоотой гомдол ирсэн байсан бол өчигдрийн байдлаар энэ тоо 47 болж нэмэгдсэн байв. Эдгээр компани 180 худалдан авагчаасаа 1.5 тэрбум төгрөг хулгайлжээ. Түүнээсээ 23 иргэний 200 сая төгрөгийг буцаан өгөөд байгаа аж. “Макс өргөө” компани гэхэд таван худалдан авагчийнхаа нэгийнх нь, “Их үйлсийн эрэлд” компани “Баян монгол” хорооллын 10 оршин суугчийнхаа бүгдийнх нь хохирлыг барагдуулжээ. Харин “Өндөр буянт” хоёр иргэний, “Эс Би холдинг” дөрвөн иргэний, иргэн Сүрэнцэцэг 14 иргэний, “Эко констракшн” таван иргэний, “Хан хур”, “Хараа сүмбэр” зэрэг компани иргэдэд учруулсан хохирлоо төлөөгүй байна. Тэд энэ сарын 20-ны дотор иргэдийг хохиролгүй болгохоор хугацаатай үүрэг авчээ. Барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниар орон сууцынхаа талбайг хэмжүүлэхэд талбай нь дутсан иргэдэд “Ти Ди Си” компани “Манайх хэмжилтийн компанитай тул өөр компанийн хэмжилтийг зөвшөөрөхгүй. Бид өөрсдөө хэмжинэ” гэж хэлжээ. “Хараа сүмбэр” компани “Орон сууцын талбай дутсан асуудлыг одоо хөндөх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн хариу иргэдэд өгсөн гэнэ.
“Хансвил” хорооллыг барьсан “Тектоник” компани 22 худалдан авагчаа нэгдүгээр сарын 15-ны дотор хохиролгүй болгохоор хугацаатай үүрэг авсан хэрнээ өчигдрийн байдлаар барагдуулаагүй байв. Орон сууцын дутсан талбайн мөнгөө буцааж авахаар очсон худалдан авагчдадаа “Барилгын материалын үнэ өссөн тул дутсан талбайн мөнгийг буцааж өгөх боломжгүй” гэж хэлжээ. Өдгөө орон сууцынхаа нэг ам метр талбайг гурван сая төгрөгөөр үнэлж буй тус компани зарим айлын байрнаас бүр 20 ам метрийг дутаасан байх юм. Тус компанийн санхүүгийн ажилтнууд орон сууц худалдахдаа мөнгөө хувийн дансанд хийлгэж авсан байна. Тиймээс ШӨХТГ-аас тус компанийг шалгуулахаар Татварын ерөнхий газарт хандахаар болжээ. Амласан хугацаандаа иргэдийн хохирлыг барагдуулаагүй тул ШӨХТГаас тус компанийг 10 сая төгрөгөөр торгосон ч торгуулиа төлөөгүй байгаа аж.
УЛСЫН КОМИССТ ШӨХТГ-ЫН МЭРГЭЖИЛТНИЙГ ОРУУЛЪЯ
Уг нь Улсын комисс орон сууцын барилгуудыг ашиглалтад хүлээж авахдаа талбайн хэмжээ дутаж байгаа, эсэхийг нягтлан шалга чихдаг байсан бол барилгын компаниуд иргэдийг ингэж хохироож, дараа нь уг хохирлыг барагдуулах гэж ШӨХТГ бөөн ажил болохгүй байв. Иймд Улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжилтнээ оруулахаар ШӨХТГ-ын дарга О.Магнай Барилга, хот байгуулалтын сайдад ханджээ.
ШӨХТГ-ын дарга О.Магнай өчигдөр иргэдтэй уулзаж, хохирлыг нь хэрхэн барагдуулж буйгаа танилцуулсан юм. Энэ үеэр “Компаниудыг 10 сая төгрөгөөр торгох нь багадаж байна. Торгуулийнхаа хэмжээг нэмж болохгүй юм уу” гэсэн иргэдийн асуултад тэрбээр “Барилгын компаниудыг торгох, эрхийг нь цуцлахыг урьтал болгохгүй. Манай байгууллага компаниудыг 10 сая төгрөгөөр хэдэн ч удаа торгох эрхтэй, тэгж болно. Гэхдээ та бүхний хохирлыг барагдуулж, дахин ийм хууль бус зүйл гаргуулахгүйн төлөө бид ажиллаж байна. Энэ нь чухал биз дээ. Одоо хуульд өөрчлөлт оруулахдаа компаниудын дансыг царцаах гэх мэтээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах заалт түлхүү оруулах шаардлагатай байгаа. Уг нь бид компаниудад нэлээд хугацаа өгч, боломж олгосон, иргэдийн хохирлыг барагдуулахыг хүлээсэн. Өнөө өглөө би компаниудын төлөөлөгчидтэй уулзлаа. Одоо дахиж хүлээхгүй” гэсэн юм.
Барилга барьдаг инженер хүртэл гэр хороололд амьдарч, өөрийн гараар сүндэрлүүлсэн орон сууцдаа орох цагийг мөрөөдөж явна. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө хэрэгтэй. Байртай болох, байгаагаа томруулахад зарцуулах мөнгийг ид шидээр бус, ажил хөдөлмөрөөр бий болгодог. Гэтэл иргэдийн мөрөөдлөөс хулгайлж, орон сууцынх нь талбайгаас хумсалсан барилгын компани ганц нэгээрээ биш хэдэн арваараа байна. Тэдний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр, иргэдийг хохироосон арга мэх нь илчлэгдсээр байна. Орон байртай болох гэсэн иргэдийн эрэлт хэрэгцээнд дөрөөлөн, эрээгүй аашилсан барилгын компаниуд иргэдийг ямар аргаар хэрхэн хуурч мэхэлснийг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.
ГЭРЭЭНДЭЭ ХОЁР ӨӨР ХЭМЖЭЭ БИЧИН ТӨӨРӨЛДҮҮЛЖЭЭ
Иргэдийг төөрөгдүүлж, гэрээндээ хоёр өөр хэмжээ бичих аргыг олон компани хэрэглэжээ. Тэдний нэг нь “Тайгам Алтай”. Эднийх Улаанбаатарт барьж буй бүх орон сууцынхаа худалдан авагчидтайгаа байгуулсан гэрээнийхээ 1.1 дэх Захиалагчийн захиалга өгч байгаа орон сууцын үнэ, тодорхойлолт гэсэн хэсэгт талбайн хэмжээг MNS 6058:2009 болон МКВ гэсэн хоёр өөр тоо тавиад 1.2-т “Захиалагчийн захиалга өгч байгаа орон сууцын талбайн хэмжилт нь ханын ось тэнхлэгээс хэмжсэн болно”, 1.3-т “Талбайн хэмжээтэй танилцсан бөгөөд тайлбарласан болно”, 1.4-т “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг MNS 6058:2009 гарахыг зөвшөөрсөн” гэж бичсэн байв.
Гэрээндээ хоёр өөрөөр бичсэн талбайн хэмжээг худалдан авагчдад “Нэг нь стандарт хэмжээ, нөгөө нь манай компанийн стандарт” гэж тайлбарласан байна. Тухайлбал, талбайн хэмжээг нь гэрээндээ MNS 48 болон МКВ 45 гэж хоёр өөрөөр бичсэн айлаас 48 ам метрээр тооцон, мөнгөө авчээ. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гараад иртэл 48 биш, 45 ам метр гээд биччихсэн байж. Уг айл байрныхаа талбайг барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжүүлтэл 45 биш, бүр 40 ам метр байсан аж.
ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ ТАВЬДАГГҮЙ
Худалдан авагчдаа хохироосон компаниудын түгээмэл хэрэглэсэн өөр нэг арга нь орон сууц худалдах, худалдан авах гэрээндээ тухайн худалдан авагчийн авч буй байрны хэмжээг би чээгүй явдал юм. Хуучны байруудыг л иргэд нэг, хоёр, гурван өрөө хэмээн талбайн хэмжээгээр биш, өрөөний тоогоор тооцон, зарж, худалдан авдаг. Ийм байрны гал тогооны өрөөг байрны тоонд тооцдоггүй. Хэмждэггүй учраас хонгил, ариун цэврийн өрөө, тагтны талбайг байрны хэмжээнд тооцдоггүй. Харин одоо бол энэ бүхнийг орон сууцын талбайд тооцдог болсон тул хоёр өрөө байр 60 сая төгрөгийн үнэтэй хэмээн иргэдтэй гэрээ байгуулах нь залилж буй хэрэг гэхээс өөр юу гэх вэ.
Иргэдийн олонх нь байраа бэлэн мөнгөөр бус, банкны зээлээр авдаг. Барилгын компаниуд үүнийг далимдуулан иргэдэд “Гэрээгээ хурдан байгуулахгүй бол дараагийн хүнд байраа зарлаа. Банкнаас мөнгөө авах гэж бид ажил болдог. Түүний оронд бэлэн мөнгөөр зарчихвал амар. Шууд бэлэн мөнгөөр авъя гэсэн хүн бий. Таныг эхлээд ирж уулзсан учраас хүндэтгээд танд банкны зээлээр өгье гэж байхад гэрээ байгуулахгүй удаж, төвөг учрууллаа” хэмээн боловсон гэгч нь шахалт үзүүлдэг аж. Барилгын компаниудын борлуулалтын ажилтнуудыг ингэж хэлэхэд иргэд итгэж, “Дахиад байр хайвал цаг алдаж, чирэгдэл учирна” гэж бодоод гэрээгээ гүйцэд ч уншилгүй гарын үсгээ зур чихдаг юм байна. Барилгынхан иргэдийг ингэж олзолж, худалдан авагчид ч хялбархан зууш болсоор өдий хүрчээ.
ГЭРЭЭГЭЭ ӨӨРЧЛӨХ НЬ ГЭМТЭЙ
Барилгын компаниудын түгээмэл хэрэглэсэн гурав дахь арга нь гэрээ өөрчлөх. Орон сууцын талбайн хэмжээг бичсэн гэрээ анх иргэдэд үзүүлж, гарын үсэг зуруулна. Энэхүү башир аргыг ашигласан компаниудын ихэнх нь орон сууцын төлбөрийг 30:30:30:10 гэх мэтийн харьцаатайгаар, хуваан төлүүлжээ. Захиалга өгч, гэрээ байгуулахдаа нийт үнийн дүнгийн 30 хувийг, барилга барих явцад 30, 30 хувийг, түлхүүр хүлээлгэн өгөхийн өмнө 10 хувийг төлүүлсэн байв. Ийм байдлаар худалдан авагч даас мөнгөө бүрэн авсан барилгынхан “Улсын комисст байраа шалгуулах гэтэл танай байрны дугаар буруу байгаа тул өөрчил гэж шаардсан. Энэ байрыг 10 биш, 11 гэж дугаарлах ёстой юм байна. Тиймээс гэрээн дээрх байрны дугаарыг бас өөрчлөх шаардлагатай болсон учраас гэрээгээ шинэчилж байгуулъя” гэж иргэдэд итгүүлдэг аргатай аж. Өнөө маргаашгүй шинэ байрандаа нүүж орох болсон иргэд тэдэнд гэрээгээ ямар нэг муу санаагүйгээр өгчихдөг юм байна. Ингээд барилгынхан башир аргаа гүйцэлдүүлж, орон сууцын талбайн хэмжээ, ам метр талбайн үнэ ханшийг бичсэн өмнөх гэрээг нь устгаад талбайн хэмжээ огт бичээгүй шинэ гэрээ өгчихнө. Хуучин гэрээгээр бол иргэн А 40 ам метр талбайтай байрны нэг ам метрийг нэг сая төгрөгөөр худалдан авч, нийт 40 сая төгрөг төлсөн байсан бол шинэ гэрээгээр 40 ам метр талбайтай нэг өрөө байрыг 40 сая төгрөгөөр, эсвэл нэг өрөө байр 40 саяар авсан болж хувирна.
Гэрээг нь ингээд өөрчилвөл иргэд шүүхээр заргалдах ямар ч боломжгүй аж. “Нэг өрөө байр 40 саяар зарсан байна. Буруу юм алга” гээд иргэдийн гомдлыг шүүх авч хэлэлцэхгүй. Хуулийн энэ цоорхойг барилгынхан дэндүү сайн мэддэг учраас түүгээр иргэдийн халаасанд гараа дүрсээр иржээ.
“Хансвил” орон сууцны хороолол барьж буй “Асар порпертиз” компани худалдан авагчидтай хоёр удаа гэрээ байгуулжээ. Ашиглалтад оруулах ёстой хугацаанаасаа зургаан сарын дараа оруулж, төлбөрөө 30, 30, 30, 10 хувиар дөрөв хувааж авсан. Худалдан авагчаас мөнгөө авч дууссаны дараа “Гэрээгээ шинэчилж байгуулна. Танай байрны дугаар 101 биш юм байна. Хот төлөвлөлтийн газар байрныхаа дугаарыг соль гэсэн. Тиймээс гэрээгээ шинээр хийе”, эсвэл “Гудамжны нэрийг гэрээндээ буруу бичжээ. Өөрчлөх хэрэгтэй боллоо” гэж хуураад гэрээ сольсон. Гэрээгээ сольж, шинээр байгуулахгүй гэхээр “Тэгвэл больчих. Мөнгийг чинь буцааж өгье. Байраа буцаавал үнийн дүнгийн 10 хувийг суутгана. Та 2.1 саяар авсан, одоо манай байрны нэг ам метр талбайн үнэ 2.4 сая болсон” гэж сүрдүүлж байгаад гэрээг нь сольсон байх юм.
АМ МЕТРИЙН ҮНЭ БИЧИХГҮЙ БАЙХ НЬ БАС НЭГ АРГА
Иргэн М Баянзүрх дүүргийн XVI хороонд “Тайгам Алтай” компанийн барьж буй 156 айлын орон сууцын аравдугаар давхарт 53.1 ам метр талбайтай хоёр өрөө орон сууц захиалжээ. Түүнтэй байгуулсан гэрээндээ “Тайгам Алтай“ компани нэг ам метр талбайн үнийг тусгалгүй, нийт 84 сая 960 мянган төгрөг гэсэн нийт үнийн дүнг тавьсан байлаа. Энэ нь иргэдийг залилж буй барилгын компаниудын бас нэг шалгарсан арга нь аж. Дээрх гэрээ өөрчилсөнтэй төстэй энэ аргыг олон компани хэрэглэсэн байна.
Б.АЛЕКСАНДР: ДУТСАН ТАЛБАЙГАА ДУНДАА ХИЙЧИХЬЕ ГЭСЭН
-Манайх “Тайгам Алтай” компанийн Баянгол дүүргийн I хороонд барьж буй “Алтай” хотхоноос 53.7 ам метр талбайтай байр 53 сая төгрөгөөр худалдаж авсан ч таван ам метр талбай дутсан. Талбай дутаж байгааг “Тайгам Алтай”-н ажилтанд хэлэхэд дундаа хийчихье гэсэн. 2.5 ам метр талбайн мөнгийг л надад өгнө гэж байгаа юм. Эднийх анх байр худалдан авах гэрээ байгуулахад надад худал мэдээлэл өгч хуурсан байна лээ. ШӨХТГ-т энэ компани “Орон сууцын барилгын доторх сууцын талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартыг зөвшөөрөхгүй гэж хэлсэн байна. Монгол Улс даяар заавал мөрдөх ёстой стандартыг зөвшөөрөхгүй, мөрдөхгүй юм бол орон сууцын барилга барих хэрэггүй шүү дээ.
Х.Болормаа