Дэлхийн 120 гаруй орны төлөөлөл бүхий байгаль орчны мэргэжилтэн, судлаачид нүүдлийн шувуудыг хамгаалах асуудлаар Кени улсын Найроби хотод чуулж буй талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэхүү чуулганы үр дүнд улс орнуудын төр засаг, олон улсын судалгааны байгууллагууд, санхүүгийн институт нэгдэн хил дамнасан шувуудын нүүдлийн замыг хамгаалах Найробигийн тунхаглалыг баталжээ. Ингэснээр нүүдлийн шувуудын замыг хамгаалах томоохон санаачилга, төсөл, хөтөлбөрийг олон улсын хэмжээнд эрчимтэй хэрэгжүү лэх, энэ чиглэлд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх таатай боломж бүрдсэн байна.
Уг тунхаглалыг баталсантай холбоотойгоор хөгжлийн банкууд болон олон улсын донорууд нүүдлийн шувуудын гол амьдрах орчин бүхий ус, намгархаг газрыг хамгаалахад зориулж тэрбум, тэрбум ам.долларын санхүүжилт гаргахаа чуулганы үеэр амлажээ. Тухайлбал, энэ чиглэлийн ажлуудад Азийн хөгжлийн банк гурав, Латин Америкийн хөгжлийн банк 3-5 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо зарласан аж.
Түүнчлэн эл чуулганыг зохион байгуулагч Олон улсын амьд байгаль, шувуу хамгаалах холбооны гишүүн, түнш байгууллагууд биологийн олон янз байдлыг хамгаалах томоохон конвенцууд болон шинээр баталсан тунхаглалын хэрэгжилтийг дэлхийн хэмжээнд хангаж, бодит ажил болгоход ямар үүрэг, амлалт хүлээхийг хурлын үеэр тодорхой болгожээ. Мөн энэ үеэр “Дэлхийн шувуудын төлөв байдал-2026” тайланг танилцуулсан бөгөөд үүнд тусгаснаар манай бөмбөрцгийн хэмжээнд бүртгэгдсэн нүүдлийн шувуудын 45 хувь нь ямар нэг хэмжээгээр цөөрчээ. Иймд тэдгээрийг хамгаалах шинжлэх ухааны үндэслэл, нэгдсэн бодлогыг нарийвчлан тодорхойлох шаарлагатайг судлаачид хөндсөн байна.
Ж.Сувд