Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өнгөрсөн баасан гаргийн өргөтгөсөн хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 2027 оны тэргүүлэх чиглэлүүдийг танилцууллаа. Тэрбээр ирэх онд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах бодлого түлхүү баримтална гэв. Ингэхдээ гурван үндсэн чиглэлээр төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх аж. Нэгдүгээрт, цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн үр дүнг сайжруулах, хоёрдугаарт, бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, хамгаалал, хөгжлийг цогцоор нь дэмжих, гуравдугаарт, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаталсан тусламж, үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэхийг зорьжээ.
Манай улсын нийт хүн амын 11.4 хувийг 0-5 насныхан эзэлж буй бөгөөд хүүхдийн амьдралын эхний жилүүдэд тархи, бие бялдар, хэл яриа, танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн хөгжил хамгийн эрчимтэй явагддаг тул энэ үеийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, хамгаалал, хөгжлийн дэмжлэг онцгой ач холбогдолтой байдаг. Иймд 2027-2030 онд бага насныхны цогц хөгжлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлж, өсөлт, хөгжлийг нь тогтмол үнэлэх, хөгжлийн хоцрогдол, эрсдэлийг эрт илрүүлэх, зөв зохистой хооллолтыг дэмжих, эцэг, эх, асран хамгаалагчдын хүүхдээ асрах, хүмүүжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарна гэсэн юм. Мөн хүүхэд, өсвөр үеийнхний дунд сэтгэл түгших, гутрах, зан үйлийн өөрчлөлт, үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт болон бусад эрсдэл нэмэгдэж байгаа учраас сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг улам сайжруулахаа онцолсон. Үүний хүрээнд “Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих арга хэмжээний төлөвлөгөө 2027-2031”-ийг боловсруулан хэрэгжүүлэхээр болжээ.
О.Ундрах