Японы Кобэ хотод зохион байгуулсан олон улсын марафонд Гавьяат тамирчин Б.Сэр-Од улсаа төлөөлөн хурд сорив. Тэрбээр 42 км 195 метрийн зайг хоёр цаг 22 минут 48 секундэд туулж, нийт оролцогчдоос 26 дугаар байрт орлоо. Бүтэн өдрийн турш ширүүн бороо орсон ч тамирчид шантралгүй тэвчээр гарган гүйсэн нь олны анхаарлыг ихэд татсан байна. Дээрх марафонд эрэгтэйчүүдээс эзэн орны тамирчин Коки Сато (2:09:46), Кенийн Барнаба Кипкоэч (2:09:54) мөнгө, Намиби улсын Даниел Нгидинва Паулус (2:10:33) хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдээс Уганда улсын гүйгч Аннет Чеменгич Челангат (2:28:09), Кенийн Антонина Квамбай (2:09:54), Японы Котоми Цүбокүра (2:28:31) нар эхний гурван байрт шалгарсан байна. Уралдааны явцад Коки Сато Барнаба Кипкоэчийг гүйцсэнээр Кобэгийн марафонд түрүүлсэн Японы анхны тамирчин болж, 11 жилийн дараа эх орондоо алтан медаль авчрав. Тэгвэл Аннет Чеменгич Челангат бүтэн марафонд анх удаа хурд сорьсон бол Котоми Цүбокүра (“Wacoal” баг) хувийн дээд амжилтаа шинэчлэв.