АНЭУ-ын Абу-Даби хотод эхэлсэн жиү жицүгийн бүсний ангилалтай ДАШТ-д 130 орны 12 000 гаруй тамирчин өрсөлдөж байна. Энэ сарын 21-нд өндөрлөх эл тэмцээнд зодоглож буй манай улсаас мастер2 ангиллын 77 кг-ын жинд Өмнөговь аймгийн “Говь пантера” дэвжээний тамирчин Б.Цолмон анх удаа түрүүлж, дэлхийн аваргуудын нэгээр шалгарлаа. Тэгвэл мастер3 ангилалд ягаан бүсний 77 кг-д “Гаруда” академийн Б.Бундхорол дэлхийн хошой аварга болов. Тэрбээр өмнө нь 2022 онд тус хотод болсон тэмцээнд түрүүлсэн юм. Түүнчлэн бор бүсний 94 кг-д Дорнод аймгийн “Маршал” академийн Ё.Батбаяр мөнгөн медаль хүртжээ. Түүний хувьд 2022 онд болоход хүрэл медалиар спортын гараагаа эхлүүлэн хоёр жилийн дараа ягаан бүсний ангилалд аваргалж бор бүсний болзол хангасан билээ. Тэдний амжилтыг буухиалж мастер1 ангиллын ягаан бүсний 120 кг-д “Thunder bjj” академийн тамирчин, аймгийн арслан Э.Чойням, Хан-Уул дүүргийнхнээс Г.Онолбаатар цагаан бүсний ангилалд дэд байр эзэлжээ. Эмэгтэйчүүдээс Хэнтий аймгийн “Батноров хүчтэн” дэвжээний А.Оюунзул мөн цагаан бүсний 95 кг-д хүч сорьж, багтаа мөнгөн медалийн эзэн болов. Өсвөр үе, залуучуудын ангилалд хөвгүүдээс Ө.Эрдэнэбат 50, Б.Ариунхүслэн 80, Х.Номуун- Эрдэнэ 82 кг-д тэргүүлсэн бол охидоос О.Номин-Эрдэнэ 68 кг-д алт, Б.Энхнаран 57 кг-д мөнгөн медальтай өндөрлүүлжээ. Энэ удаа эрэгтэйчүүдийн барилдааныг Монголоос В зэрэглэлийн олон улсын шүүгч Б.Ариунцог, эмэгтэйчүүдийнхийг А зэрэглэлийн олон улсын шүүгч Б. Буяндэлгэр дэнсэлж байна.