ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд болж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд ЛДПР намын дарга Леонид Слуцкий, Төрийн Думын дэд дарга, “Шинэ ард түмэн” намын гишүүн Владислав Даванков, Төрийн Думын депутат (Коммунист намын фракц) Николай Харитонов, тус улсын одоогийн ерөнхийлөгч Владимир Путин нар өрсөлдөж байна.
Энэ удаагийн сонгуульд 18 насанд хүрсэн, бичиг баримтын бүрдэл хангасан, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа болон дамжин өнгөрч буй ОХУ-ын иргэд саналаа өгч байна. Тодорхой хэлбэл, Монгол Улсад ажиллаж амьдарч буй 2000 гаруй орос иргэн Ерөнхийлөгчийн сонгуульдаа саналаа өгчээ. Сонгуулийн санал хураалт өнөөдөр албан ёсоор эхэлж, Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт байрлаж байгаа сонгуулийн төвд иргэдийнхээ саналыг өглөөний 08:00 цагаас авч эхлээд байна. Сонгуулийн санал хураалт орой 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгуульд оролцогчдын идэвх оролцоо харьцангуй сайн байгааг гэдгийг албаныхан хэлж байлаа.
Зарим ажиглагч энэ сонгуулийг “ялагч нь тодорхой” гэж тодорхойлж байна. Учир нь энэ удаагийн сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путин нэр дэвшиж буй. Мөн хэвлэлүүд ч 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Путиныг “гол нэр дэвшигч” хэмээн нэрлэж байгаа юм.
Өмнө нь үйлчилж байсан хуулиар Путин дахин сонгогдох боломжгүй болоод байсан үед 2021 онд олон нийтийн санал асуулга явуулж, ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой болсон. Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийгөө дахин хоёр удаа сонгогдох хуульд гарын үсэг зурсан юм. Энэ хуулийг Путин санал болгож, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу баталж байв.
Үүнээс өмнө, “ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” Холбооны хуулийн 19-д зааснаар хоёр удаа улиран сонгогдсон эсвэл сонгууль товлох тухай албан ёсны шийдвэр нийтлэгдсэн өдөр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа Оросын иргэн дахин ерөнхийлөгчөөр сонгогдох эрхгүй гэж заасан байлаа. Харин олон нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу эдгээр өөрчлөлтийг “хүчин төгөлдөр болох үед төрийн тэргүүний алба хашиж буй хүний Ерөнхийлөгчөөр ажилласан хугацааг тооцохгүй” гэж хуульд тусгасан байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг тус улсад анх удаа цахимаар санал өгөх хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд санал асуулгыг 29 бүс нутагт явуулж байгаа аж.