“Америкийг дахин агуу болгоё” (Make America great again) уриатайгаар сонгогдож, “Нэгдүгээрт Америк” (America first) гэх үзэл санааг тууштай баримталж буй Дональд Трамп нь АНУ-ын түүхэнд Гровер Кливлендээс хойш хоёронтоо сонгогдсон анхны Ерөнхийлөгч. Тус улсын 45 болон 47 дахь Төрийн тэргүүн түүний улс төрийн гол нэрийн хуудас нь цагаачлалын эсрэг бодлого билээ. Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Трамп хилийн аюулгүй байдлыг чангатгаж, урьд хожид байгаагүй олон тооны цагаачийг албадан гаргахаа амласны үндсэн дээр Цагаан ордонд дахин “заларсан”. Түүнчлэн уламжлалт либерал даяаршил, чөлөөт худалдааны эсрэг протекционист болон консерватив үзэл санаагаараа нэртэй тэрбээр татварыг бууруулах, тариф тогтоох, цагаачлалын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ хүрээнд хилээ бүрэн хаах, дотоодод хууль бусаар оршин сууж буй иргэдийг албадан гаргах замаар дэг, журам тогтооход анхаарч ирсэн гэгддэг. Ингээд заримдаа хэт хатуу гэмээр цагаачлалын эсрэг Трампын бодлогын талаар дэлгэрэнгүй тайлбарлая.
2015-2016 оны хооронд тэрбээр үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, гольфийн талбайн бизнес эрхэлдэг “The Trump organization” компаниа толгойлохын зэрэгцээ алдарт “The Apprentice” реалити шоуны хөтлөгч, продюсероор ажиллаж, бузгай тэрбумтан явсан. Харин 2015 оны зургаадугаар сард Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшихээ албан ёсоор зарлаж, сонгуулийн кампанит ажлаа эхлүүлсэн юм. АНУ-Мексикийн хилийн ойролцоо томоохон хана барьж, өртгийг нь эл улсаар төлүүлнэ, хууль бус цагаачид гэмт хэрэг үйлдэж, иргэдийн ажлын байрыг булаах нь гаарч буй тул хатуухан арга хэмжээ авна гэсэн нь түүний сонгуулийн амлалт байв. Ийнхүү Ардчилсан намаас өрсөлдсөн Хиллари Клинтоныг ялж, 2017 оны нэгдүгээр сард тангараг өргөснөөр Ерөнхийлөгч болсон.
Тэр даруйдаа Трамп исламын шашин шүтдэг хэд хэдэн орны иргэдийг АНУ руу нэвтрэхийг түр хориглосон захирамж гаргаадхав. Энэ нь Дээд шүүхийн эсэргүүцэлтэй тулгарсан ч “зү сийг нь хувиргаад” зүтгүүлсэн удаатай. Түү ний нэрэмжит цагаачлалын эсрэг хэд хэдэн “алдартай” бодлого байдгийн нэг нь “Үл тэвчих” (Zero tolerance). Үүний дагуу хилээр хууль бусаар нэвтэрсэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, баривчилж эхэлсэн юм. Энэ үеэр хилийн дагуу орогносон эцэг, эхчүүдийг хүүхдүүдээс нь тусгаарлах үйл явц өрнөсөн нь олон улсын болон хүний эрхийн байгууллагуудын хатуухан шүүмжлэлд өртсөн тул нэн даруй цуцалсан билээ. Үүний дараа “Мексикт үлд” (Remain in Mexico) хөтөлбөр санаачилсан нь бас л маргаандагуулсан. Эл хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас орогнол хүсэж буй иргэдийг асуудлаа шийдэгдэх хүртэл тус улсын нутаг дэвсгэрт бус, Мексикийн талд хүлээлгэдэг журмыг нэвтрүүлсэн нь хууль бусаар хил давах урсгалыг мэдэгдэхүйц бууруулсан сайн талтай. Гэвч Мексикийн хилийн дагуух хотууд буюу цагаачдын лагериуд гэмт бүлэглэлүүдийн хатуу хяналтад байдаг тул гэм буруугүй цагаа чид барьцаалуулж, хүчирхийлэл, дээрэм тонуулд өртөх нь нэмэгдсэн. Түүнчлэн тэдэнд Мексикт байх хугацаандаа хуульчаас зөвлөгөө авах, шүүх хуралд биечлэн оролцох боломж хязгаарлагдмал байснаас үүдэн хууль ёсны дагуу орогнол хүсэх эрх нь зөрчигдсөн гэж үздэг байна. Цар тахлын үед энэ байдал улам хурцдаж, хөл хориог далимдуулан ямар нэгэн орогнол хүсэх процессгүйгээр шууд албадан гаргаж эхэлсэн юм.
Трамп болон түүний “улаан” дэмжигчдийн үзэж буйгаар хууль бус цагаачид АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд хямд ажиллах хүч болсноор дундаж давхаргын америкчуудын ажлын байрыг булааж, цалингийн үнэлэмжийг бууруулдаг, татвар төлдөггүй мөртлөө улсын эмнэлэг, сургууль, нийгмийн халамжийн системийн ачааллыг нэмэгдүүлж, улсын төсвийг үргүй зарлагадаж байна гэдэг. Мөн АНУ-Мексикийн хилээр дамжин хар тамхи, зэвсгийн болон хүн худалдаалах гэмт хэрэг ихээр гарах болсон хэмээдэг билээ. Бүгд Найрамдах намын консерватив сонгогчдын гол айдас бол цагаачлалаас үүдэлтэйгээр Америкийн уламжлалт соёл, үнэт зүйл алдагдах явдал. Гэтэл нөгөөтээгүүр либерал зүүнтнүүд Европоос ирсэн цагаан арьст суурьшигчид уугуул америкчуудын газар нутгийг хүчээр булаан авч, түрэмгийлсэн атлаа өнөө цагт “Энэ бол бидний газар нутаг, соёл” гэх нь ёс зүйгүй, хоёр нүүртэй үйлдэл хэмээдэг аж. Америк бол эрх чөлөөний баянбүрд, цагаачдад ээлтэй нийгэм гэх үнэт зүйлээрээ танигдсан атлаа ийм бодлого хэрэгжүүлж буй нь зүйд үл нийцнэ гэж ч “хатгаад” амжжээ. Харин сүүлийн жилүүдэд тус улсын хилээр нэвтэрсэн цагаачдын тоо түүхэн дээд цэгтээ хүрсэн нь Америкийн нийгэмд бухимдал үүсгэснийг Трамп овжиноор ашиглаж, “Энэ бол Ардчилсан намынхны бү тэлгүйтэл” гэж зарлан олон нийтээс улс төрийн дэмжлэг авч, дахин сонгогдсоноор эдүгээ эл бодлогоо улам бүр эрчимжүүлж буй нь энэ гэж улс төрийн шинжээчид таамагладаг.
Трамп 2024 онд Ерөнхийлөгчид дахин өрсөлдөхдөө өрсөлдөгч Камала Харристай эдийн засаг, үр хөндөлт, гадаад харилцаа, цагаачлал гэх үндсэн дөрвөн асуудлаар “гал гартал” мэтгэлцсэн билээ. Энэ үеэр Трамп Камала руу нэг ч удаа хараагүй нь тун хоржоонтой. Түүний мэтгэлцээний стратеги нь Камалаг Жо Байденд хамаатуулж, өнгөрсөн дөрвөн жилд Америкийн эдийн засаг, гадаад харилцаа, цагаачдын асуудал хэрхэн дордсоныг сөхөхөд чиглэсэн. Үр дүнд нь тэрбээр уг сонгуульд ялалт байгуулж, хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа АНУ-ын түүхэн дэх хамгийн өргөн хүрээний албадан гаргах ажиллагааг эхлүүлсэн юм. Үндэсний гварди болон цэргийн хүчийг ашиглан тэднийг баривчлах, АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн цагаачдын хүүхдүүдэд шууд иргэншил олгодог практикийг халахаар “улайрч” байна. АНУ-ын Үндсэн хуульд “АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн буюу иргэншил авсан, мөн АНУ-ын хууль эрх зүйн харьяалалд хамаарах бүх хүн АНУ-ын болон тэдний оршин сууж буй мужийн иргэн мөн” гэж заасан нь бий. Уг хэргийн эцсийн шийдвэр ирэх даваа гарагт гарч магадгүй байна.
“АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохоос татгалзах нь зөвхөн Үндсэн хууль зөрч сөн хэрэг бус, Америкийн үнэт зүйлсийг уландаа гишгэсэн увайгүй үйлдэл” гэж Америкийн иргэний эрхийн холбоо (ACLU)-ны гүйцэтгэх захирал Энтони Ромеро мэдэгдэлдээ дурджээ. Нью-Йорк хотын Колумбын хуулийн сургуулийн Цагаачдын эрхийг хамгаалах клиникийн захирал Элора Мукержи “Трампын засаг захиргаа цагаачлалын тогтолцоог хүмүү сийг албадан гаргадаг “махны машин” болгон хувиргалаа” хэмээсэн.
Хууль бус цагаачлалыг онц аюул хэмээн зарлаж, Пентагонд хандан хилийн хана барих, саатуулах байр бэлдэх, цагаачдыг тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг тушааснаас гадна шаардлагатай бол хил рүү цэрэг илгээх эрх мэдлийг Батлан хамгаалахын сайдад олгов. АНУ-д хууль ёсоор болон хууль бусаар оршин сууж буй нийт цагаачийн тоо 53.3 сая орчим. Энэ нь Америкийн нийт хүн амын 15.8 хувийг эзэлж буй нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард “Ройтерс” агентлагаас явуулсан санал асуулгаас харахад америкчууд Трампаас хойш хууль бус цагаачдад илүү хатуу ханддаг болсон ч түр саатуулах лагерь байгуулах зэрэг хэт туйлширсан арга хэмжээг төдийлөн сайшаахгүй хэвээр байгаа аж. Харин цагаачид эх орон руугаа буцах уу, Мексикийн хил дээр үлдэх үү гэсэн сонголттой нүүр тулаад буй.
Д.Хэрлэн