
Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Хон Мён Богийг улс даяараа үзэн ядаж байна.
Тус улс 2022 онд Катарт болсон тэмцээнд 2026 оны дэлхийн аваргад оролцох эрхээ авсан ч хэсгийн шатнаасаа гарч чадалгүй хасагдсан юм. Өмнөд Солонгосын баг Чехийн багийг 2:1-ээр хожиж урам зоригтой эхэлсэн ч Мексик, дараа нь Өмнөд Африкийн багт тус тус 0:1-ээр хожигдсон.
Энэ бүх бүтэлгүйтэлд солонгосчууд үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаа буруутгах болов.
Хонг Мён Бо 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа огцрохоо ням гарагт мэдэгдэв. Тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүтэлгүйтлийн хариуцлагыг бүрэн хүлээж, "Манай багийг дэмжсэн Солонгосын олон нийтээс уучлалт гуйж байна. Өнөөдөр би огцорч байна" гэж ард түмэндээ хандан мэдэгджээ. Тэрбээр энэхүү шийдвэрийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён багийн тоглолтыг "утгагүй" бөгөөд системийн боловсон хүчний алдаанаас үүдэлтэй гэж олон нийтийн өмнө хатуу шүүмжэлсний дараа гаргажээ.
Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын цагдаа нар Хон Мён Богийн амь насанд "аюултай заналхийлсэн" хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн тухай хэвлэлүүд мэдээлэв.
Үзэн ядалтын мессежүүд цахим сүлжээгээр цуварч, үйлчилгээний газрууд хөөрхий дасгалжуулагчийг үйлчлэхгүй гэж эсэргүүцлээ илэрхийлж байна.
Өмнөд Солонгосын шигшээ багийг хоёр дахь удаагаа толгойлж байгаа 57 настай Хон Мён Бо ийнхүү багаа хоёр дахь удаагаа хожигдолд унагааж байгаа юм. 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тэрбээр багатайгаа мөн адил эрт хасагдсан юм.
Хайр дурлалаас үзэн ядалт хүртэл ганцхан алхам гэдэг шиг шигшээ багийн ахлагч асан Хон Мён Бо нь тус улсын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг гэж тооцогддог байв. 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Өмнөд Солонгосын шигшээ багийн хамгаалагч байсан тэрээр тэмцээний чансаанд гуравдугаар бичигдэн, “Хүрэл бөмбөг” хүртсэн юм. Тэгэхэд Өмнөд Солонгос тус тэмцээний хагас шигшээд шалгарч, Хон Мён Бо үндэсний баатар болж байв.