Одоогоос 80 жилийн өмнө, 1946 оны зургаадугаар сарын 1-нд Ялалтын маршал хэмээн алдаршсан Георгий Жуков Цэргийн дээд зөвлөлд дуудагдаж “олзны хэрэг” гээ чийн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, түү нийг ялагдсан Германаас “хувьдаа ашиглахаар” гэрийн тавилга, зургууд, хивс болон бусад зүйл авчирч, зуслан дээрээ хадгалсан гэж буруутгав. Oлны дунд өндөр алдар хүндтэй болсон Жуковыг Сталин хийгээд намын дээд удирдлага уучилж чадахаа байсан нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах шалтгаан болсон байна.
1946 оны зургаадугаар сарын 1-нд Москва, Кремльд Иосиф Сталины тэргүүлдэг Цэргийн дээд зөвлөлийн хуралдаан болов. Түүнд оролцогчдын дотор Улс төрийн товчооны гишүүн, маршал Иван Конев, Константин Рокоссовский, Павел Рыбалко, армийн генерал Василий Соколовксий, Андрей Хрулев, хурандаа генерал Филипп Голиков, Сергей Штеменко нар байжээ. Улс төрийн товчооны гишүүн Георгий Маленков, Вячеслав Молотов нарыг үг хэлсний дараа уг хурлыг Зөвлөлтийн хамгийн нэрд гарсан жанжин Георгий Жуковт зориулж буй нь тодорхой боллоо. Маленков, Молотов нар Аугаа их эх орны дайны ялалтын бүхий л гавьяаг зөвхөн өөртөө хамаатуулах гэсэн зохисгүй авир гаргасан хэмээн Жуковыг буруутгасан байна. Зөвлөлтийн олон арван жанжны хувь заяаг өөрчилсөн “олзны хэрэг” гээч ийн эхлэх нь тэр.
Нисэх хүчний маршал, хэд хоногийн өмнө баривчлагдаад байсан Александр Новиковоос Иосиф Сталинд бичсэн захидал гээчийг хуралдаан дээр уншиж сонсгов. Энэ нь хэрэгтээ Новиковыг байцааж, түүгээр хүчээр хэлүүлж авсан мэдүүлэг байлаа. Захидалд “Жуков нь аль болох өндөр нэр хүнд олж авахын тулд хувийн зорилгоор цэргүүдтэй дотно байхыг эрмэлздэг байсан. Тэрбээр хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, тэднийг өөртөө ойртуулж, “сайн ах” нь болж харагдахыг хичээдэг байв” гэж бичсэн байлаа.
“Уурсаж хилэгнэсэн” маршал өөрийгөө тойруулан сэтгэл дундуур, ажлаасаа халагдсан хүмүүсийг цуглуулж, тэднийг хамгаалалтдаа авч, үүгээрээ Засгийн газар, Дээд ерөнхий командлалын эсрэг хандах болсон” гэж Молотов мэдэгдэв. Дараа нь Сталин үг хэлж, Берлинд сэтгүүлчидтэй уулзаад Цэргийн том ажиллагаа нь өөрийнх нь удирдлагаар амжилттай болсон гэж хэлсэн хэмээн дурсаад, үүнээс юу гэсэн дүгнэлт хийж болох вэ. Дээд ерөнхий командлал, Улсын батлан хамгаалах хорооныхон бид бүгд тэнэгүүд юм үү. Жуковын ааш авирыг тэвчихэд бэрх боллоо, тиймээс түүний асуудлыг энэ хуралдаанаар нухацтай хэлэлцэж, хэрхэн хандахаа шийдэх ёстой болж байна” гэсэн аж. Гэтэл Рокоссовский, Рыбалко, Соколовский, Конев, Хрулев нар Жуковыг хамгаалж, аливаа нэг хуйвалдаанд маршал оролцсон гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн нь Сталины хувьд тун санамсаргүй явдал болжээ. Улс төрийн товчооны гишүүд болохоор Жуков өөртөө эрэмших болсон, тэрбээр улс төрийн хувьд боловсроогүй, зан ааш нь хүнтэй нийцэхгүй, ер нь аюултай хэмээн нэгэн дуугаар хэлжээ. Түүгээр ч барахгүй ялалтын маршалд “бонапарт маягийн авир бий” гэх үг ч сонсогдсон аж. Жуков хуралдааны явцад доош харан сууж байснаа үг хэлэх ээлж нь болоход намынхаа бүхий л үүрэг даалгаврыг хариуцлагатай биелүүлдэг коммунист байсан гээд эцэст нь дайснаа ялсан үйлсэд өөрийн гүйцэтгэсэн үүргийг хэтрүүлж үнэлсэн буруутай хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ хуралдаанаас хойш удалгүй зургаадугаар сарын 9-нд маршал Жуковыг хуурай замын цэргийн ерөнхий командлагч, ЗСБНХУ-ын Зэвсэгт хүчний орлогч сайдын албанаас чөлөөлж, Одессын цэргийн тойргийн командлагчаар явуулсан нь үнэндээ цөлсөн хэрэг байлаа. 1946 оны зургаадугаар сараас Жуковын дээр өтгөн хар үүл хуралдаж байжээ. Тэрбээр дайны талбарт стратегийн мастер байсан ч олон түүхчийн үзсэнээр ялалтын бэлгэ тэмдэг болсноор аливаагаас айхаа байсан нь түүний алдаа аж. Берлиний комендатурт ажиллаж байхдаа ч, Кремлийн коридор дотор ч ярилцагч этгээдийнхээ зэрэг дэв, гавьяа зүтгэлийг үл хайхран, хатуу ширүүн үг хэлэхээс халгадаггүй байж. Гомдлоо дотроо хадгалж, хариугаа авах боломжийг хайдаг муу санаа өвөрлөгчдийн тоо нэмэгдсээр байсанд гайхах юмгүй. Жуковын талаар мэдээлэл 1945 оны хавраас Москвад байнга ирэх болжээ. Маршал намын удирдлагыг шүүмжилдэг, түүний хувьд хүндлэх дээдлэх юмгүй болсон тухай тэдгээрт өгүүлнэ. Сөрөх тагнуулын газрын дарга, генерал Александр Вадис “Жуков догшин ширүүн, ихэмсэг зантай, “Маршал Жуковын алдар бадартугай” гэсэн үгтэй зурагт хуудас замын дагуу байрлуулж, өөрийн гавьяаг дөвийлгөдөг” гэж мэдээлсэн байдаг.

Маршалын нэр хүнд улам бүр өсөж, түүний толгой даасан байдал газар авч байгаа нь Сталиныг тавгүйтүүлэхгүй байж яахан чадах. Үүний зэрэгцээ Зөвлөлтийн удирдагчийн залгамжлагч нь Жуков гэж хилийн чанадад ч үзэх болсон байна. Вашингтонд болсон нэгэн дайллага дээр генерал Дуайт Эйзенхауэр маршал Жуковыг өөрийн анд нөхөр гэж нэрлээд би удахгүй улс төрд оролцож, АНУ-ын Ерөнхийлөгч болно. Гитлерийг хамтран бут цохисон миний анд Жуков Сталиныг өөд болохоор ЗХУ-ыг удирдаж, бид шинэ ертөнцийг бүтээн байгуулна гээд хэлчихжээ. “Арми хийгээд улс орондоо жанжин Жуковын нэр хүнд, олон улсад ч өсөж буйг Сталин тэвчиж чадахгүй байсан” гэж маршалын охин Маргарита дурссан байдаг. Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд түүний “учрыг олох”-ыг Жуковын алдар хүнд зогсоож байсан хэмээн маршал Конев дурсамждаа тэмдэглэн бичжээ. Чухам ийм хувь тавилан маршал Тухачевский (1937 оны зургаадугаар сарын 12-нд буудуулсан), Александ Егоров (1939 оны хоёрдугаар сарын 23-нд буудуулсан) нарт оногджээ. Гэхдээ Жуков болон фронтод тулалдаж явсан түүний хүрээллийн генералуудыг зүгээр л тайван орхичхож Сталин чадаагүй аж. Түүний өгсөн шийдвэрээр “Ялалтын маршал”-ын асуудлыг Аюулгүй байдлын сайд Виктор Абакумов хариуцах болов. Тэрбээр Жуковт хэрхэн хандах аргыг хайсаар эцэст нь олжээ. Улаан арми Берлинд тулж очоод байсан 1945 оны хавар Гуравдугаар рейхийн СС-ийн дээд албаныхан бүгд Англи-Америкийн холбоотнуудад бууж өгч, Зөвлөлтийн цэрэгтэй нүүр тулгарахгүй хэмээн горьдож, Өрнөд рүү зугтав. Орд харш, өндөр өртөгтэй эдлэн газар, сууцууд эзэнгүй хоцорч, олон жилийн дайнд ядарч туйлдсан цэргүүдийн харааг тэдгээр нь булаах боллоо. Улаан армийн командлал тэдгээр олзыг авахыг эхний үед хориглосонгүй. Тэгээд олон хүн хүү хэд, ар гэрийнхнээ хувцаслахын тулд тэндээс юухан хээхэн явуулсан байна.
Дайны жилүүдэд германчууд ЗХУ-ыг хайр найргүй дээрэмдэж, чухам хар шороотой хөрснөөс бусдыг нь зөөсөн билээ. Зөвлөлтийн цэргүүд 1945 онд буцахдаа тансаг хэрэглээний гэхээр олон юм авч явсан, тэдгээр нь хэсэг хугацаанд ЗХУ-д нэг ёсны валют болж байв. Түүхч, Аугаа их эх орны дайныг судлаач Алексей Исаевын хэлснээр тэр цаг үед “барахольство” гэж хэлдэг байсан “хог новш зөөх” үзэгдэлтэй маршал Жуков хамгаас идэвхтэй тэмцэж байсныг түүний гаргаж байсан тушаалуудаас төвөггүй мэдэж болох аж. Исаевын ярьснаар Одер мөрөн дээр шалгалт зохион байгуулж, өөрийн өмч болгоогүй юмыг авч гарах гэвэл хураах тушаал Жуков гаргажээ. Маршал өөрөө ч вагон вагоноор эд материал гаргаж байжээ. Нэгэн гааль дээр гэрийн тавилга бүхий 85 хайрцаг ачсан долоон вагоныг саатуулж шалгахад бүрдүүлсэн баримтаараа маршал Жуковт хамаатай байв. Зэвсэгт хүчний яамны нэгдүгээр орлогч сайд Николай Булганин 1946 оны наймдугаар сарын 23-нд Сталинд ийн бичиж байжээ. Жуков зарим нэг “олз” Сталинд өөрт нь явуулж байсан ч энэ мэт бэлгийг жолоодогч огт сонирхож байсангүй. Фронтын командлагчийн хувьд Жуков хүссэн бүхнээ худалдаж авах боломжтой байв. Үнэтэй бэлэг ч их авдаг байж. Варшавыг чөлөөлснийхөө төлөө гал тогооны мөнгөн хэрэглэл бүхий хайрцаг авч байсан удаа бий гэдэг.
Аюулаас хамгаалахын сайд Виктор Абакумов цэргийн сөрөх тагнуулын ажилтнуудад үүрэг болгосноор тэд гурван чиглэлээр ажиллаж байсны нэг нь Жуковын тухай мэдээлэл цуглуулах. Хоёр, гурав дахь чиглэлийнхэн улс төрчид, цэргийнхний хоорондын нууц холбоо сүлбээг илрүүлэхийг хичээж байлаа. Эдгээр ажиллагааны эхний үр дүн нь “нисэхийнхний” гэх хэрэг байв. Орос улсын нисэх хүчний үйлдвэрлэл Өрнөдийнхнөөс хоцорч яваа нь үүний гол шалтгаан болсон байна. Нисэх хүчний маршал Александр Новиков, Сергей Худяков нарыг баривчилж байцаажээ. Новиковын мэдүүлгийг 1946 оны зургаадугаар сарын 1-нд цэргийн зөвлөлийнхөнд сонсгов. Тэрбээр эхний өдрөөс л “намайг зориуд унтуулахаа байсан. Өдөр, шөнөгүй байцааж, өглөө 06.00 цагт хоригдлууд босож байхад хорих өрөөнд аваачна. Ийм байдалтай 2-3 хоноход би босоогоорчзүйрмэглэдэгболсонч даруй сэрээнэ. Хэдэн өдөр өнгөрөхөд унтаж амрахгүй шаналсан би энэ зовлонгоос л салж байвал ямар ч мэдүүлэг өгөхөд бэлэн болсон” гэж хэлсэн байдаг. Харин маршал Худяков тун айхтар “хэрэгт” орооцолдсон нь түүнийг Германы биш, Японы цэргийн хөрөнгөөс “завшсан” гэж үзсэн явдал байв. Худяков 1945 онд Японы тоглоомын улс болох МанжГо-д десант буулгах ажлыг зохион байгуулсан юмсанж. Уг десант Эзэн хаан Пу И-г нь барив чилж, Манжуурын алтны бүх нөөцийг нь олзолж, тээврийн хоёр том онгоцоор ачсан байна. Харамсалтай нь, нэг онгоц нь Москваг зорих замдаа алга болчихжээ.
Мөрдөн байцаагчид Британитай тагнуулын холбоо сүлбээтэй байснаа хүлээхийг маршал Худяковт ятгасаар, 1946 оны дөрөвдүгээр сарын эхээр тэрбээр Агаарын цэргийн хүчний генералуудын томоохон бүлэг, нисэх хүчний аж үйлдвэрийн зүтгэлтнүүд хийгээд маршал Жуковын эсрэг мэдүүлэг өгсөн байна. Худяковыг 1950 оны дөрөвдүгээр сарын 18-нд буудан хороов. Маршал Новиков түүнийг мэдүүлэг өгсний дараа ширүүн дарамтад орж, ямар ч хэргийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахад бэлэн болжээ. Мөрдөн байцаагчид Жуков руу улам дөхөж, ойр ажиллаж байсан хүмүүсийг нь баривчилж олзны хөрөнгийг нь хурааж авчээ. Маршалын ойрын анд нөхөр генерал Иван Серовыг юуны түрүүнд хорив. Серов Берлинг эзэлж авахад шууд оролцож, Эзэн хааны нь банканд дайрч орсон хүн юм. Германы банкнуудад тэр үед 80 сая ам.доллартай тэнцэх рейхийн марк хадгалж байлаа. Үүний 77 саяыг нь “шуурхай хэрэглээнд” зарцуулсан гэж Серов мэдэгдсэн байдаг. “Олзолсон хөрөнгө, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлж ашигласан” гэх хэрэгт өндөр албан тушаалтай 100 гаруй генерал, офицер баривчлагдаж, олон арван мянган цэргийн даргыг янз бүрийн хугацаагаар шоронд хорьжээ.
Маршал Жуковын үзсэнээр түүний эсрэг кампанит ажлын эцэст ойрын хүрээллийн 74 хүн хохирсны дотор генерал Владимир Крюков, гэргий дуучин Лидия Русланова гэх тухайн үеийн алдар, хүндтэнүүд орсон байна. Русланова ардын олон дуу, түүний дотор алдарт “Катюша”-г дуулжээ. Бас 1945 оны тавдугаар сарын 2-нд казахын найрал дуучидтай хамт Рейхстагийн дэргэд концерт тоглосон аж. Тэгэхэд баатрууд, энгэр дүүрэн одонтой фронтын бүргэдүүд хэнээс ч зоволгүй нулимсаа асгаруулж байсан гэдэг юм. Тэгээд бас тэд дуртай дуугаа захиалан дуулуулж байв. Концерт шөнө дөл болтол үргэлжилж, эцэст нь Георгий Жуков энгэр дээрх одонгоо тайлж аваад олон зуун хүний нүдэн дээр Руслановад зүүж өгч байв. Дуучныг концерт тоглочхоод Казань хотод зочид буудалд ирэхэд Улсыг аюулаас хамгаалах яамны ажилтнууд хүлээж байсан бол нөхрийг нь гэргийгээ угтаж авахаар Внуковийн нисэх онгоцны буудал дээр очиход нь баривчилжээ. Тухайн үед нөгөө “олзны хэрэг” маань “Цэргийнхний хуйвалдаан” гэх хэрэг болж хувирсан байлаа.
Нөхөр, гэргий хоёрын “Horch-951A”, “Audi” болон “Mercedes benz” машинуудыг нь Оросын зураачдын 132 бүтээлийнх нь хамт хурааж авсан байна. Мөн эртний хивснүүд, үслэг эдлэл, хүрэл, гантиг чулуун баримлууд, ваар сав, эртний Германы номууд бүхий сан, 700 мянган рубль, 312 хос шинэ загварын гутал, 87 костюм болон бусад олон зүйлийг хуу хамжээ. Түүнээс гадна Руслановаг байцаахдаа маршал Жуковын эсрэг ямар нэг юм ярихыг нь ихээхэн сонирхож байв. Эцэст нь, Русланова, нөхрийнх нь хамт Зөвлөлтийн эсрэг суртал нэвтрүүлэг хийсэн хэмээн буруутгажээ. Энэ нь тэд Жуковын байгуулсан гавьяаг дөвийлгөснөөр бусдын, юун түрүүнд Сталины гавьяаг бүдэгрүүлсэн болж таарчээ.
1949 онд Руслановаг 10 жил хорих ял оноож, барилга дээр ажиллуулсан байна. Туслах, дэд хурандаа Семочкинийг нь баривчилсны дараа Жуковын хувьд хамгийн таагүй явдлууд эхэлжээ. Тэрбээр эртний эдлэл, үнэт зүйлстэй нууцлаг нэгэн чемодан даргад бий гэж мэдүүлсэн аж. Кремльд Цэргийн дээд зөвлөлийн хуралдаан болсноос бүтэн хагас жилийн дараа, 1948 оны нэгдүгээр сард Аюулаас хамгаалах яамны ажилтнууд нэгжлэг хийхээр Жуковынд ирэв. Нэг баримтад өргүүлснээр ихэд бухимдсан Жуков мөрдөн байцаагчдад бараг л зэвсэг гаргасан гэсэн байдаг. Гэвч садан төрлийнхнийх нь дурссанаар тэрбээр мөрдөн байцаагчдад тайван амгалан хандаж, аль болох туслахыг хичээж байжээ. Аюулаас хамгаалахын сайд Виктор Абакумов болохоор Жуковынд нэгжлэг хийсэн тухайгаа Сталинд илтгэхдээ “Тэдний гэрт ороод Москвад байна уу, Берлинд үү гэж гайхмаар байсан” гэж хэлжээ. Жуковын зуслангийн байранд очоод шуурхай ажилтнууд эртний эдлэлийн дэлгүүрт орчихов уу гэмээр болжээ. Олон хайрцаг, савтай юм байсны нэгэнд нь л гэхэд Британийн “Holland and Holland” фирмийн ангийн 20 гайхалтай буу байсны дээр булга, сармагчин, үнэг, каракулийн 323 арьс байв. Ханан дээр нь байгаа уран зургууд л гэхэд орон сууцад биш, улсын сан хөмрөг, музейд л байхаар бүтээлүүд аж. 20 гаруй хивсээр бүх өрөөнийхөө шалыг “хучсан” байв.
Сталинд нөгөө Абакумовын өгсөн илтгэлд ийн өгүүлсэн байв. Харамсалтай нь, эдгээр олон олон ярианы нэг нь ч нэгжлэгээр нотлогдоогүй юм гэдэг.
1948 оны нэгдүгээр сарын 20-нд гаргасан “ЗХУ-ын маршал нөхөр Г.К.Жуковын тухай” гэх Улс төрийн товчооны тогтоолд Зөвлөлтийн армийн командлагч, Коммунист намын гишүүний өндөр нэр хүндийг Жуков Германд гутаав гэж тэмдэглэсэн байв. Улс төрийн товчооны дүгнэснээр бол маршал маань албан тушаалын байдлаа буруу ашиглаж, дээрэмчин, тонуулчны замд орсон мөртөө тайлбар өгөхдөө шударга бус хандсан байх нь. 1948 оны хоёрдугаар сарын 4-нд Жуковыг Одессын цэргийн тойргийн командлаг чаас огцруулав.
Сталиныг нас барсны дараа Жуковыг шинэ дэвшил, шударга шийдвэр хүлээж байлаа. Маршалын хүсэлтээр дуучин Лидия Руслановагийн гэх хэргийг шуурхай эргэн хянаад түүнийг ямар нэг гэмт хэрэг хийгээгүй гэж үзэв. Дуучин эрх чөлөөтэй боллоо. Концертыг нь Зөвлөлт орон даяар радиогоор дамжуулав. Крюковын “хэргийг” ч дахин хянаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул түүнийг ялаас мулталж, Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар 1953 оны зургаадугаар сарын 13-нд цэргийн, улсын хоёр удаагийн баатар цол, төрийн бусад шагналыг нь эгүүлэн олгов. Улсыг аюулаас хамгаалах тогтолцооны бүхнээс хүчтэй удирдагч, нөлөөгөөрөө зөвхөн Сталины дараа л орж байсан Дотоод хэргийн сайд Лаврентии Берияг Жуков 1953 оны зургаадугаар сарын 26-нд Сайд нарын зөвлөлийн хуралдаан дээр баривчлуулсан байна. Зөвлөлтийн шинэ удирдагч Никита Хрушевийг Жуков дэмжиж, Зөвлөлтийн цэргийн удирдлагын оройд дахин гаргасан ч Хрушев хожим нь яг Сталин шиг Жуковоос айж, түүнийг гаргууд нь хаясан байдаг. “Ялалтын маршал” гэдэг титэм мөн ч өндөр үнээр олджээ.
Р.Жаргалант