Сур харваа нь олон жилийн түүхтэй, нүүдэлчин түмний оюун ухаан, тэвчээр хатуужил, соёлын нандин өвийг шингээсэн баяр наадмын тэмцээний гол төрлүүдийн нэг юм. Энэхүү спорт нь зөвхөн бай онох тухай бус, нарийн дэг жаяг, гүн ухаан, техник ур чадварыг хослуулдгаараа гайхалтай. Эзэн Богд Чингис хааны үеэс дэлхийн талыг эзлэхэд нөлөөлсөн морь, сур харваа нь өдгөө энх цагт Монгол түмний үндэсний спорт болон хөгжиж, олон орны үзэгчдийн сонирхлыг татсаар байна.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсанхувьсгалын36 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд эмэгтэйчүүдээс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, Баянхонгор аймгийн харьяат, Барилгын инженерийн цэргийн 339 дүгээр ангийн алба хаагч, “Бай-хөндий цамхаг” ХХК, “Алдар” спорт хороо, “Алдар жем” багийн харваач, аймгийн мэргэн Сүхбатын Тогоохүү 38 онож тэргүүлэн, Монгол Улсын мэргэн цол хүртсэн билээ. Аймгийн мэргэн Ц.Эрдэнэбилэгийн урласан нумаар алтан шар зурхайд цэц сорьж, шилдгүүдийн эгнээнд багтсан түүнийг зочноор урилаа.
-Жил бүрийн наадмаар улсын мэргэн цолтон төрөх торгон агшин олны сонирхлыг татдаг. Сурын талбайд та түрүү байрын төлөө 38 оноотой таван харваачтай товх харвасан. Өндөр цолтнуудыг ардаа орхиж, таавар эвдэн тэр их өрсөлдөөнөөс цойлж гарна гэдэг ухаан, ур чадвар, мэдрэмжээс их шалтгаалдаг юм шигээ.
-Энэ удаа наадмын харваанд 850 харваач оролцож, нартай, хуртай цаг агаарын хүндхэн нөхцөлд ширүүхэн өрсөлдлөө. Миний бэлтгэл сургуулилалт жигдэрсэн тул эхний өдрийн тэмцээнд өндөр оноотой, “битүү морь” шиг явсан ч өөрийгөө хянаж тайван байлгасан. Сурын талбайд гарах бүрдээ сандрал догдлолоо дарж, өрсөлдөгчдөө мэдэрч харвахыг их хичээлээ. Наадамчин олон зурхайгаас шинэ мэргэн төрөхөд сэтгэл өндөр хүлээж авдаг. Ийм сайхан аз завшаан хүний амьдралд ховорхон тохиох боломж шүү дээ. Товх харвахад сэтгэл зүйн байдал чухал. Түрүү байрын төлөө шилдгүүдтэй цэц сориход нум урлаач Ц.Эрдэнэбилэг ах минь түшиг болж, зааж зөвлөн сэтгэлийн дэм өгч байлаа. Тэднээс амжилттай онож түмэн олныг баярлуулж түрүүлэхэд нутгийн маань уулс, ус харж ивээсэн болов уу.
-Шил, шувтарга үед босож, харвах бүрд тань Өвөрхангайн Бат-Өлзий сум, Баянхонгор аймгийн харьяат гэж зарлаж байсан. Та аль алинаас нь төрсөн улсын цолтой анхны харваач болж баярлууллаа.
-Миний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, харин ажиллаж, амьдарч буй газар бол Баянхонгор. Хоёр аймгийн аль алинаар нь овоглодог. Төрсөн, амьдардаг газрынхаа нэрийг сурын алтан шар зурхайд дуудуулж, наадах сайхан. Би эдгээр сумаас төрсөн улсын цолтой анхны мэргэн болж байна. Аль аль газрынх нь үзэгчид талархан хүлээж авч буйг Цэнгэлдэхийн талбайд улсынхаа төрийн тэргүүнээс цол, тэмдгээ гардаж авахдаа их мэдэрсэн. Энэ мөчөөс хойш Монгол Улсын мэргэн хэмээн зарлуулж, дуудуулна гэхээс одоо ч өөртөө итгэж чадахгүй зогсоно.
-Сур харваа тухайн хүнийг олон талаар сорьдог амаргүй спорт. Харваачдын ам бүлд нэлээд шалгуур давж, нэгдэж байгаа харагддаг.
-Тийм ээ. Мэргэчүүдийг жил бүр төрүүлдэг сур харваачдын халуун ам бүлд анх хөл тавьж, нэгдэхдээ олон шалгуур давсан шүү. Би Барилгын инженерийн цэргийн 339 дүгээр ангийн алба хаагч. Харьяа байгууллагынхаа “Алдар” спорт хорооны үндэсний спортын тамирчин. Намайг анх тус хорооны босгоор алхахад дасгалжуулагч, Монгол Улсын даян мэргэн С.Энхтунгалаг “Алдар”-ын мэргэчүүдийн тоог нэмээрэй. Сайн харвана шүү” гэж хэлээд уриалгахан хүлээж авсан. Миний хувьд мэргэн эгчийнхээ захиас, хэлсэн үгийг амжилттай биелүүлж төрийн наадмын түрүү харваачаар тодрон улсын цолтнуудын эгнээнд багтлаа. Үе үеийн спортын алдартнуудыг төрүүлсэн эл байгууллагынхаа хамт олны итгэлийг дааж, амамжилтаар хүндтэй бэлэг барьсандаа баярладаг.
-Богино хугацаанд шаргуу хичээллэж, амжилт гаргасан цөөн харваачийн нэг нь та боллоо. Харваачдын олонх нь 10-аас дээш жил хөдөлмөрлөж, улсын цолд хүрдэг шүү дээ.
-Үндэсний сураар таван жил хичээллэж, баяр наадмын харваанд гурав дахь удаагаа оролцлоо. Өмнө нь улсын цолтой мэргэчүүдийг хараад “Хэзээ нэг өдөр тэдэн шиг шилдэг харваач болж аав, ээж, ах дүүс, найз нөхөд, нутгийнхаа олныг баярлуулна даа” гэж боддог байв. Энэ хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлдээ хүрэхийн тулд өөрийгөө бүх талаар дайчилж, хичээсний ачаар богино хугацаанд амжилтад хүрлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, энгэрийн тэмдэг зүүн өгч, зарлиг уншихад “Би нээрээ түрүүлчихсэн гэж үү дээ” гэж өөрөөсөө дахин асуусан. Монгол түмэн эв нэгдлийн бэлгэдэл, эцэг өвгөдийнхөө хойч үедээ үлдээсэн гайхамшигт өв соёлыг эрхэмлэн дээдэлж, эрийн гурван наадмынхаа өвөрмөц онцлогийг үндэснийхээ спортоор харуулдаг нь юутай ч зүйрлэшгүй бахархал юм. Ийм сайхан түүхтэй эх орныхоо иргэн нь болж төрсөндөө үргэлж талархдаг. Энэ өдрөөс эхлэн олны хайр хүндлэл, итгэл найдварыг дааж явах маш том үүрэг, хариуцлага Монгол Улсын мэргэн хэмээх цолыг дагаж ирлээ.
-Наадмын өдрүүдэд түрүүлэх харваачийн сум арай л өөр тусдагийг сурын зурхайд илүү мэдэрсэн байх.
-Жил бүрийн наадмын сурын талбайд өөдрөг бодол өвөртөлж ирдэг. Энэ удаа ч өөртөө итгэлтэй, сайхан бодол тээж зурхайд цэц сорьсон. Бэлтгэлийн дундуур аймгийн мэргэн, спортын мастер Ц.Эрдэнэбилэг ахын урласан нум, улсын гоц харваач Д.Мөнхгэрэлийн хийсэн сумаар харвалаа. Миний барьж буй хоёр дахь нум юм. Шинэ нумаар гурав дахь тэмцээндээ харваж байна. Өмнө нь үндэсний сур харваачдын УАШТ, “Хүрээ цам” даншиг наадамд IV байр эзэлсэн бол улсын наадмын харваанд 38 онож, нум, сумныхаа ид шидийгнаадамчин олонд харууллаа. Энэ удаа түрүүлж, эхний таван байрт шалгарсан сур харваачдын олонх нь шинэ нумаар харвасан байна билээ. Нум, сум маань эзэндээ алдар нэр, амжилт бүтээл, хайр хүндлэл, улсын цол авчирсанд бэлгэшээсэн. Түрүүлж байх агшинд амжилтад хөтөлсөн багш, сайхан нум урлаж өгсөн Ц.Эрдэнэбилэг ахаараа бахархсан. Түүний урласан нумаар олон харваач цолоо ахиулж, зорилгодоо хүрсэн дээ.
-Товх харвахын өмнө та сандарч, тэвдээгүй. Тэр үед ямар бодол хамгийн түрүүнд төрөв?
-Би нэг сум алдаж, 38 оноотой болсноор таван харваачтай тэргүүн байрын төлөө товх харвасан. Тухайн үед түрүүлнэ гэж өөртөө итгээгүй ч “Ямар ч байсан эхний таван байрт шалгарна даа” гэсэн бодолтой талбайд гарсан. Сурын алтан шар зурхай намайг ивээлээ. Яг ийм сэтгэл догдлуулсан торгон мөчийг мэдрэх гэж сур харваачид олон жил уйгагүй хөдөлмөрлөдөг. Эх орондоо элэг нэгтнүүдийнхээ баярлахыг харж, уухайн дуу тасралтгүй эгшиглэсэн наадмын талбайд сэтгэл их огшлоо. Энэ амжилт зөвхөн ганц минийх биш. Надад итгэж дэмжсэн гэр бүл, хамт олон, нутгийн олны амжилт юм. Түрүүлчихээд хамгийн түрүүнд гэрийнхэнтэйгээ холбогдож дуулгасан. Ээж минь баярын нулимс унагаж, удаан ярьж чадалгүй утсаа салгасан. Одоо тайвширч, охиноо улсынхаа Ерөнхийлөгчөөс цол, тэмдгээ гардаж авсныг зурагтаар хараад сэтгэл нь амарсан биз ээ.
-Та бэлтгэл сургуулилалт хийхдээ харвааныхаа юунд анхаарал хандуусан бэ?
-Сур харваагаар хичээллэсэн он жилүүдэд бэлтгэл сургуулилалтдаа өөрийгөө бүрэн зориулж, нум, сумаа харваандаа тааруулахад анхаарал түлхүү хандуулсан. Харваач хүнд нум, сумаа зөв сонгох нь хамгийн чухал. Энэ нь бэртэл гэмтлээс сэргийлэх, харвах техникийг эхнээс ньсурч, амжилт гаргахад их нөлөөлдөг. Хичнээн сайн харвасан ч нум, сум нь тохирохгүй бол амжилт гаргахгүй. Шаргуу хичээллэж, зорьсон зүйлдээ хүрэхэд зэвсэгт хүчний байгууллагын хамт олны халуун дулаан харилцаа, эвсэг байдал, ажлын маань орчин нөхцөл, тэсвэр хатуужил багагүй нөлөөлсөн. Үндэсний спорттой нөхөрлөж, ахмад болон үеийнхээ харваачдаас олон зүйлийг мэдэж, тэдний авьяас, туршлага, нэгнээ дэмждэг зан чанараас суралцаж, ур чадвараа хөгжүүлсэн.
-Монгол Улсын хүндэт мэргэн Т.Батмөнх багш таныг түрүүлэхэд “Хоёр шавь минь сайхан амжилт гаргалаа” гээд баярын нулимс дуслуулж, хэвлэлийнхэнтэй сэтгэгдлээ хуваалцсан даа.
-Надад сур харвааны эрдмээс анх заасан багш бол Баянхонгор аймгийн мэргэн, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ. Багш дээрээ би нум татаж, сум тавьж үзээгүй, энэ спортын талаар ямар ч ойлголтгүй хүн очиж байлаа. Тэр үеэс харвааны гайхамшгийн талаар нэг бүрчлэн тайлбарлан, бэлтгэл хэрхэн хийхийг өөрийн биеэр үлгэрлэн заасан. Юу ч мэдэхгүй охиныг улсын мэргэн цолны эзэн болтол мэддэг, чаддаг зүйлээ харамгүй хуваалцсан багшийнхаа хичээл зүтгэлд талархдаг. Түүний ачаар би өндөр цолд хүрч, амьдралдаа мартагдахааргүй сайхан дурсамж үлдээлээ. Мөн Монгол Улсын хүндэт мэргэн Т.Батмөнх багш намайг анх хараад “Энэ охин нэг л өдөр юм дуулгах харваач даа” гэж хэлсэн нь санаанд тод үлдсэн байна. Тэр үеэс “Чи өөрийгөө сорьж, УАШТ-д оролц” хэмээн зөвлөж, сурын талбайд дагуулан авчирч байлаа.
-“Алдар” спорт хорооны үндэсний спортын тамирчид наадмын бөх, сур, шагайн харвааны тэмцээнд амжилт гаргалаа. Та хэзээнээс харваачидтай нь нэгдсэн бэ?
-Өнгөрсөн хавар тус спорт хорооны үндэсний сур харвааны багийнхантай нэгдэн, улсын даян мэргэн С.Энхтунгалаг дасгалжуулагчийн удирдлагад, улсын мэргэн Ц.Баярсайханаар ахлуулан сургуулилалт хийхдээ өмнө нь гаргадаг байсан алдаа, дутагдлаа нэг бүрчлэн зассан. Түүнчлэн харвах техник болон сэтгэл зүйн бэлтгэл хангахад анхаарч, хичээсний үр дүн гарлаа. Хүн унасан газар, угаасан ус, амьдарч, ажиллаж буй нутагтаа талархаж, сүслэн залбирч, дээдлэжявахыг эрхэмлэх ёстой юм. Намайг амжилт гаргахад Баянхонгор аймгийн Барилгынинженерийн 339 дүгээр ангийн удирдлага, хамт олон дэмжиж, бүх талаар тусалсан. Байгууллагынхан маань наадмын өдрүүдэд намайг хэрхэн харвахыг харж, сураг ажиг сонсон догдолж суусан гэдэг.
-Сурын талбайд бэлтгэлээ базаасан өдрүүдэд халширч шантрах зүйлтэй багагүй тулгарсан биз. Тийм үед өөрийгөө хэрхэн зоригжуулан хурцалж байв?
-Үндэсний сур харваа сэтгэл, зүтгэл, зориг, зорилго маш их шаарддаг. Өдөр бүр талбайд ирж бэлтгэл хийнэ гэдэг амар ажил биш ээ. Бороо орох, нар шарах, халуунд халж, хүйтэнд хөрөх гээд цаг агаар, уур амьсгалын ямар ч нөхцөлтэй тулгарсан харваж л зогсдог. Өөрийгөө ялан дийлэх ухаан, хатуужил тэсвэр, сэтгэлийн хаттай байхыг суралцах тэр үед хамгийн түрүүнд “Энд хань, үр хүүхдээ орхин байж яах гэж ирсэн билээ” гэж их боддог юм билээ. Нөхөр минь намайг ойлгон, сайн дэмжиж, ар гэрийнхээ бүх зүйлийг найдвартай хариуцдагийн ачаар би амжилт гаргасан. Спортынхны дунд цол дагаж, бяр гэдэг үг бий. Миний хувьд улсын цол хүртлээ гэж баярлаж хөөрөхөөс илүү үнэ цэнийг нь алдуулахгүй өндөрт өргөж явах үүрэг, хариуцлагатай тулгарч байна. Тиймээс энэ спортоос сурсан бүхнээ зөвхөн өөрөө эзэмших бус, залгамж халаагаа бэлтгэж, мэргэн цолтнуудыг төрүүлэхийн төлөө зорьж ажиллахыг хичээдэг. Үүгээр хичээллэхийн давуу тал их. Сур харвах нь бясалгахтай адил. Нум эвшээлгэн татаж, сумаа тавих тэр агшинд ажлын ачаалал, бухимдлыг мартаж, дотоод амар амгаланг мэдэрдэг юм.