
Х.Цэцгээ С.Тунгалагтамир
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир нартай боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Боловсролын салбарт хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөж байна. Энэ хичээлийн жилийг боловсролын салбарынхан зуун задгай, жаран хагархай угтлаа. Жилээс жилд хүүхдийн сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр. Үүнд ХЭҮК-ынхон хэрхэн анхаарч байна вэ?
Х.Цэцгээ: -Монгол Улс ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэж Үндсэн хуульдаа заасан бөгөөд энэ нь хүн бүрийн сурч боловсрох эрхийг баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхийг нь эдлүүлэхэд төр хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүрэг хүлээсэн. Засгийн газраас эхлээд салбар яам, тамгын газар, хэрэгжүүлэгч агентлаг, төрийн албан хаагч зэрэг бүх л байгууллага хүний сурч боловсрох эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүрэг хүлээж байгаа. Сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж, сандал, ширээ, тоног төхөөрөмжийн хүртээмж, ажиллах багш, ажилтны хүрэлцээ, сурах бичиг, сургалтын хөтөлбөр нь хүүхдийн нас, хүйс, сэтгэхүйн онцлогт нийцсэн байх нь төр үүргээ биелүүлж буй нэг үзүүлэлт юм. Гэтэл өнөөдөр хүүхдүүд сурч боловсрох эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадахгүй байна. Сургууль нь засвартай, барьж дуусаагүй, нэгдүгээр ангийнхан сурах бичиггүй, хүрэлцээгүй, багш боловсон хүчин нь хангалтгүй, шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг сандал, ширээ нь стандартад нийцээгүй гэх мэтээр олон асуудал тулгарч буй.
2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 885 сургууль сургалтын үйл ажиллагаа эрхэлснээс 180 нь хувийн өмчийнх. Сургуулийн өмнөх боловсролд 1407 байгууллагад 264 818 хүүхэд суралцаж байна. Тэдний 11 660 хувилбарт сургалтад хамрагдаж байгаа гэсэнстатистик бий. Ерөнхий боловсролын сургуульд 79 7905 суралцагч байгаагаас 50.2 хувь нийслэлд, 49.8 хувь нь орон нутагт бий. Мөн өнгөрсөн онд 4300-4400 багш дутагдаж байсан бол энэ жил 3500 орчим багшийн хомсдол үүсжээ. Тэр дундаа байгалийн ухааны чиглэлийн 500 орчим багш дутагдаж байгааг холбогдох төрийн байгууллагаас мэдээлсэн. Мөн 35-аас дээш хүүхэдтэй анги улсын хэмжээнд 8028 байна гэсэн мэдээлэл бий. Нийслэлд шинээр 17 сургууль, 22 цэцэрлэг ашиглалтад оруулсан боловч сандал, ширээ, тоног төхөөрөмжгүйн улмаас 17 мянган хүүхэд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна. Нэгдүгээр ангийн сурагчид сурах бичиггүй хичээлдээ орлоо. Энэ долоо хоногтоо сурах бичгийг хэвлэж түгээнэ, орон нутгийн сургуулиудад ирэх долоо хоногт түгээхээр төлөвлөсөн бололтой. Энэ бүхнээс харахад хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөх байдалд хүрч байна. Иймд төр хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүднээс эдгээр асуудалд анхаарал хандуулж шийдвэрлэх шаардла га тай.
С.Тунгалагтамир: -Нийт сурагчийн сурч боловс рох эрхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамран сургах эрхийн асуудлыг зайлшгүй ярих хэрэгтэй. Энэ асуудалд ХЭҮК-оос тогтмол анхаарч ажилладаг. ХЭҮК-ын гишүүн гомдол, мэдээллийн мөрөөр, эсвэл өөрийн санаачилгаар хяналт шалгалт хийж, үр дүнд нь комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох албан тушаалтанд хүргүүлдэг. Тухайлбал, 2023 онд нийслэлийн ерөнхий боловсролын 116, 29 дүгээр сургуульд холбогдох хяналт шалгалт хийсэн. Тухайн шалгалтын үеэр суралцагчтай хүнлэг бус харьцах, нэр төрийг нь гутаах тохиолдол цөөнгүй гарсныг илрүүлсэн. Мөн сургуулийн үйл ажиллагааны доголдлын улмаас 29 дүгээр сургуульд суралцагчдын сурч боловсрох эрх зөрчигдсөн тохиолдол гарсан. Мөн сургуулийн дотуур байранд хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөж, амьдрах, айдас түгшүүргүй, аливаа хүчирхийллээс ангид байх боломж бүрдээгүй байсан. Түүнчлэн 116 дугаар сургуульд харааны бэрхшээлтэй хүүхдэд ерөнхий боловсрол олгох сургалтын агуулга, хөтөлбөр нь сурагчдын бодит байдалд нийцээгүй байв. Сургуулийн захирал, багш нар нь тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдээгүй, мэргэжлийн чиг баримжаа, арга зүйг багш нарт олгох шаардлагатай, давтан сургах арга хэмжээ хангалтгүйн улмаас зарим хичээлийг нэр төдий зааж байгаа зэрэг хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдсөн асуудлууд цөөнгүй тогтоогдсон. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог, хэрэгцээг хангаж чадахгүй, брайл ном, сурах бичиг хүртээмжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иймд илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар ХЭҮК-ын гишүүний шаардлагахүргүүлсэн. Үр дүнд нь тухайн сургуулиас хамааралтай, томоохон төсөв шаардлагагүй, шууд арилгах боломжтой зөрчлүүдийг арилгасан, урт хугацааны туршид засаж сайжруулах асуудлуудад төлөвлөгөө гарган ажиллаж байгаа тухай хариуг манайд ирүүлсэн. Бид энэ онд багтаан Боловсролын ерөнхий хуулийн дагуу ялгаатай хэрэгцээтэй хүүхэд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах талаар хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байна.
-Сурагчид гурван ээлжээр хичээллэж, нэг ангидаа 60-70-уулаа чихэлдэж, стандарт шаардлага хангаагүй түрээсний байрт толгой хоргодох зэргээр олон бэрхшээлтэй учирч байна. Эдгээр бэрхшээлийг бууруулахад чиглэсэн зөвлөмж хүргүүлж байв уу?
Х.Цэцгээ: -ХЭҮК 2001 оноос хойш Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д жил бүрийнэхний улиралд багтаан хүргүүлдэг. Энэ хугацаанд нийт 24 илтгэл хүргүүлсний есөд нь хүүхдийн сурч боловсрох эрх, боловсролын салбар дахь хүний эрхийн асуудлыг хөндсөн байна. Хүртээмж, багш, боловсон хүчин, дотуур байр, өдөр өнжүүлэх, сургуулийн гадаад, дотоод орчин зэрэг олон асуудлыг хөндөж байсан. Хамгийн сүүлд 2024 онд гаргасан 23 дахь илтгэлдээ боловсролын салбар дахь хүний эрхийн асуудлын талаар тусгасан. Боловсролын салбарт тулгамдсан асуудлыг нэлээд нарийвчлан гаргаж, УИХ-д өргөн барьсан. 23 дахь илтгэлийг хэлэлцүүлсний дараа УИХ-ын тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах нь Засгийн газар, холбогдох байгууллагуудын үүрэг юм. Үүнд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хяналт тавих үүрэгтэй. Нөгөө талаас ХЭҮК сурч боловсрох эрхтэй холбоотой гомдол, мэдээллийг шалгаж, хүний эрх зөрчигдсөн тохиолдолд таслан зогсоох, арилгах чиглэлээр комиссын гишүүний шаардлагыг байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг. Мөн хүний эрхийг зөрчиж болзошгүй нөхцөлд урьдчилан сэргийлэх чиглэлээр комиссын гишүүний зөвлөмж хүргүүлжбайгаа. Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Сурч боловсрох эрх, хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар комиссын гишүүний шаардлага зөвлөмжийг холбогдох байгууллага, сургууль, харьяа агентлаг, боловсролын газарт нь хүргүүлж, тухай бүрд нь зөрчлийг арилгуулсан тохиолдол цөөнгүй.
-УИХ-ын тогтоолд боловсролтой холбоотой ямар санал тусгасан бэ?
Х.Цэцгээ: -Комисс 23 дахь илтгэлдээ боловсролын салбар дахь хүний эрхийн асуудлаар УИХ-д 11 санал хүргүүлсэн. Үүнд үндэслэн УИХ-ын 37 дугаар тогтоолыг 2024 оны тавдугаар сарын 2-нд баталсан. Боловсролтой холбоотой гурван асуудлыг угтогтоолд орууллаа. Тодруулбал, бүх шатны боловсролын байгууллага, дотуур байрны гадаад болон дотоод орчны аюулгүй байдал, стандартыг хангуулах, боловсролын байгууллагын барилга, өргөтгөлийн ажилд төр, иргэний хамтарсан хараат бус хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхийг тусгасан. Сургуулийн орчин стандартын дагуу бус, аюултай байгаа нь хүүхдийг эрсдэлд оруулж байна. Улсын сургуулийн барилга, өргөтгөлийн ажил яст мэлхийн хурдаар урагшилдаг, үүнээс болж хүүхдүүд гурван ээлжээр хичээллэх гэх мэт зөрчил, дутагдал байсаар буй учир бидний хүргүүлсэн саналыг тогтоолд тусгайлан оруулсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн эрхийг хангах хүрээнд тэднийг дэмжих төв ажиллуулж, тохирох орчныг бүрдүүлэх, тусгай сургалтын хэрэглэгдэхүүн бий болгох, эцэг, эхийн оролцоог хангаж, багшийн туслахаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, багшийн туслах ажилтанд нэмэгдэл хөлс олгох, хуулиар тогтоосон арга хэрэгслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, удирдлага, зохион байгууллалтын цогц арга хэмжээ авахыг тогтоолдоруулжээ. Түүнчлэн хувийн өмчийн сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавих шаардлага, шалгуурыг нарийвчлан тогтоох, хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах стандарт, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хангалтгүй учраас хамрагдаж байгаа хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, стандарт, эрх зүйн орчин бүрдүүлэх саналыг УИХ-ын тогтоолоор баталсан. Уг тогтоолынхэрэгжилтийг салбарын яам, холбогдох байгууллагууд хангаж ажиллах үүрэгтэй.
-Комиссоос олон зөвлөмж, шаардлага хүргүүлдэг ч үр дүн нь тодорхойгүй үлддэг шүү дээ.
С.Тунгалагтамир: -Комиссоос жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг боловсруулж УИХ-д хүргүүлэх хуулийн заалттай. 2020 онд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталсны дараа УИХ-д өргөн барьсан илтгэлийг чуулганаар хэлэлцэж хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох асуудлуудыг сайжруулах, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гаргадаг болсон. Өмнө нь холбогдох байнгын хороод хэлэлцээд, тогтоол гаргадаг байсан. Харин одоо УИХ-ын бүх гишүүн илтгэлтэй танилцаж, анхаарал хандуулж санал бодлоо хэлдэг болсон нь ач холбогдол өгч буйг харуулж байна. Мөн комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээж авсан албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй. Хэрэв биелүүлэхгүй тохиолдолд ажлаас чөлөөлөх хүртэл үндэслэл болохоор Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд заасан байдаг. Тэгэхээр илтгэлийн мөрөөр баталсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй, нөгөө талаас комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг биелүүлэхгүй бол хүний эрхийг хангах үүргээ хөсөр хаяж байна гэсэн үг.
Х.Цэцгээ: -Сургууль болон холбогдох боловсролын байгууллагад цаг тухайд нь зөвлөмж хүргүүлдэг. Тухайлбал, ерөнхий боловсролын V сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орохгүй хэдэн жил болсон. Комисс зөвлөмж хүргүүлснээрөргөтгөлийн ажлыг дуусгаж ашиглалтад оруулж, 1-5 дугаар ангийнхан нь өргөтгөлийн барилгадаа хичээллэж байна.
-Тэгвэл хүүхдийн эрхийг зөрчих нөхцөл бүрдсэн байгууллага, албан тушаалтанд та бүхэн шаардлага хүргүүлж байна уу?
Х.Цэцгээ: -Хүүхдийн эрх зөрчсөн гомдол, мэдээлэл манай байгууллагад ирдэг. Сүүлийн 10 жилийн байдлаар комисст хүүхдийн эрхийн асуудлаар 480, сурч боловсрох эрхтэй холбоотой 175 гомдол иржээ. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль болон комиссын гомдол шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу хяналт шалгалт хийж, асуудлыг шийдвэрлэж, шаардлага, зөвлөмж хүргүүлжээ. Алхам тутамдаа л сайжруулах ёстой. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид, шинээр элсэн суралцагчдын тоо бүртгэл, мэдээлэлд үндэслэн бодлого хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж төлөвлөж, урьдчилан бэлдэх боломжтой юм.
-Шинэ хичээлийн жил эхэлснээс хойш сурч боловсрох эрх зөрчсөнтэй холбоотой гомдол ирэв үү?
С.Тунгалагтамир: -2025 оны наймдугаар сарын 31-ний байдлаар сурч боловсрох эрхтэй холбоотой 22 гомдол ирүүлсэн. Харьяаллын дагуу сурч чадахгүй байгаа, сургууль, цэцэрлэггүй үлдсэн гэх мэт гомдлын дагуу харьяа байгууллагад нь хүүхдийн сурч боловсрох эрхийг эдлүүлэх шаардлага хүргүүлсэн. Боловсролын салбарт хүртээмж болон тэгш хамруулах эрхийн зөрчил байнга гардаг. Асуудлыг гал унтраах байдлаар бус, нэг мөр ул сууриар нь шийдвэрлэх шаардлагатай гэж харж байна.
-Нийслэлийн сургуулиудад сурагчид нь багтахгүй, орон нутагт нэг анги 10 хүрэхгүй хүүхэдтэй, зарим нь ахлах бүлэггүй хичээллэж байна. Энэ гажуудлыг засах боломж бий юү?
С.Тунгалагтамир: -Орон нутагт яг төв суурин газрын нэгэн адил нөхцөл бүрдүүлсэн цагт л боломжтой байх. Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ нь чанартай, ажлын байр олдоцтой, цалин хөлс нь хангалттай, нийгмийн болон төрийн үйлчилгээ нь хүртээмжтэй, чанартай байвал орон нутаг эзгүйрэхгүй шүү дээ. Энэ зорилгоор Бүсчилсэн хөгжлийн бодлогыг баталсан гэж ойлгож байгаа, гол нь зөв хэрэгжүүлэх нь чухал болов уу.
Х.Цэцгээ: -Төр хүний эрхийг хүндэтгэн хамгаалах үүрэгтэйг дахин хэлье. Тухайн улс, орон нутагт хэдэн ч хүн амьдарч байсан адилхан эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх ньчухал. Энэ эрхийг эдлүүлэхэд л төр бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж, хүний аятай таатай амьдрах орчин нөхцөлийг нь бүрдүүлж сургалт хүртээмжтэй, хүрэлцээтэй, чанартай байхад заавал хот газар гэлтгүй орон нутагтаа амьдарч, сурч боловсорч, их, дээд боловсрол эзэмшиж болно. Үүнийг л төр хангах ёстой.
-Хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, айлд амьдарч байгаа хүүхдүүдийн сурах эрхийг хэрхэн хангаж байна вэ?
С.Тунгалагтамир: -Комиссоос Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилт ямар байгаад дүн шинжилгээ хийхээр ажиллаж буй талаар өмнө нь дурдсан. Энэ хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард нийслэлийн хувийн болон төрийн өмчийн сургуулийн 60 гаруй багштай уулзаж, тулгамдсан асуудлыг нь сонслоо. Туслах багш зайлшгүй хэрэгтэй, уян хатан, ганцаарчилсан сургалтын хөтөлбөр шаардлагатай, багшийн хөгжлийг дэмжих, ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, суралцах орчны хүртээмж хангалтгүй байгааг багш нар ярьж байна. Эдгээрээс гадна эцэг, эхчүүд болон олон нийтийн тууштай дэмжлэг хэрэгтэй гэсэн чухал санал дэвшүүлсэн.
Орон нутгийн багш нарын дээрх хуулийн талаарх мэдлэг ойлголтыг тандах, тулгамдсан асуудал, шийдлийг тодорхойлохоор судалгаа авахаар бэлдэж байна. Ялгаатай хэрэгцээтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй, үндэсний цөөнх, бусад дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хүүхдүүдтэй ажиллахад анхан, дунд шатныхан анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хууль, бодлогын баримт бичиг нь байгаа хэдий ч хэн, хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг арга зүй, ур чадвар дутмаг байна уу гэж хардаг. Иймд энэ чиглэлд салбарын яам зайлшгүй анхаарал хандуулах, хуулийг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-Цэцэрлэг, сургуулийн сургалтын хөтөлбөрт хүний эрх, жендерийн агуулгыг тусгана гэж байсан. Үүнийг тодруулахгүй юу?
Х.Цэцгээ: -Боловсролын яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан. Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд бүх шатны сургалтын хөтөлбөрт хүний эрх, жендерийн агуулгыг тусгахыг хуульчилсан. Энэ хүрээнд Боловсролын сайд 2024 оны долоодугаар сард тушаал гаргаж, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох254 хүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Комисст боловсруулсан сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг ирүүлээд байна. Үүнд бид хүүхдийн нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон, хүний эрх, хүүхдийн эрхийн үндсэн зарчимд нийцсэн, хүүхдийн эрхийг зөрчөөгүй, хүүхдэд ээлтэй байх, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтын агуулга бүхий зураг, дүрслэл, үг, өгүүлбэр, агуулга байгаа, эсэхэд дүн шинжилгээ хийж, холбогдох санал дүгнэлтээ Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд явуулна. Үүний дараа сургалтын хөтөлбөрт санал дүгнэлтийг тусгахаар ажиллаж байна.