Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Бямбацогт кино урлагт “Ноён Солиот”, “Ээждээ үнсүүлэх сэн”, “Ээжийн дайсан”, “Сөрж болдоггүй тавилан”, “Өртөө”, “Сумын атаман” зэрэг кинонддүр бүтээсэн авьяаслаг уран бүтээлч. Харин түүнийг урлагийн салбарт хөл тавихаасаа өмнө спортын гимнастик, волейболоор хичээллэж, цэргийн алба хаасныг ньүзэгчид төдийлөн мэдэхгүй болов уу. Түүнийг “Зөвхөн спортын тухай” буланд онцолж, спорттой хэрхэн нөхөрлөж байсан талаар нь ярилцлаа.
-Таныг харахаар багадаа хөдөлгөөнтэй, сахилгагүйбайсан болов уу гэх бодол хааяа төрдөг. Үеийн тань уран бүтээлчийн олонх нь спортоор хичээллэсэн байдаг юм билээ.
-Би багадаа хөдөлгөөнтэй, юм юм руу үсчсэн хүүхэд байлаа. Зүгээр ч нэг сонирхоод орхихгүй, бүр зорьж, хичээсээр байгаад амжилт гаргана. Аав, ээж ийш тийшээ завгүй гүйх намайг хараад “Чи зээр хөөсөн нохой шиг болов” гэдэг сэн. Энэ нь олон зүйл рүү гүйгээд эцэст нь аль ч үгүй хоцров гэсэн үг юм. Сониуч зан минь ажил, мэргэжилд хожим их нөлөөлсөн. Миний огт сонирхдоггүй зүйл бол зураг. Нийслэлийн 47 дугаар сургуулийн IV ангийн сурагч байхдаа хөнгөн атлетикаар анх хичээллэлээ. Тэр үед гимнастикийн спортоос акробат эргэх нь сонирхолтой санагддаг байв. Бас болоогүй ээ, үндэсний бөх барилдана. Албан байгууллага, зуслангийн тэмцээн, урлагийн үзлэгт оролцож дуулж, барилдаад түрүүлчихнэ. Гүйлтийн тэмцээнд оролцсон хүүхдүүдээс хоцрохгүйн тулд халгайн дундуур ч харайлгана. Тэмцээний олон төрөлд аварга болоход шагнал гардуулж буй хүн “Чи ямар олон юманд түрүүлдэг нөхөр вэ” гээд гайхдаг сан.
-Та гимнастикийн III зэрэгтэй, волейболынспортынмастерцолтойгэсэн. Спортын талбарт хүч үзсэн ч амжилт гаргахаар байсан юмбиш үү?
-V ангид орох жилээ Баянгол дүүргийн 28 дугаар сургууль руу шилжлээ. Гимнастикийн дугуйланд орж турник, савлуур, модон морь, цагариг, чөлөөт хөдөлгөөн гээд заасан бүхнийг сурсан. Хотын аварга шалгаруулах тэмцээндоролцдог болсноор спортын III зэрэг биелүүлэв. Спортоор хичэээллэхийн хажуугаар үлээвэр хөгжмийн ангид явна. Хоёр багш намайг булаалцалдаж, муудалцах нь холгүй их юм болдог сон. 28 дугаар сургуулийн Гомбо багш хөгжмийн нотуудыг надад анх заасан ачтан. Хөгжим, гимнастиктай нэг хэсэг нөхөрлөж байгаад VIII ангидаа волейболоор хичээллэж, сургуулийнхаа шигшээ багт тоглодог болсон юм. Ангийн охин Хишигээгийн ээж, ОУХМ Х.Хандсүрэн багш волейболын секцийн дасгалжуулагч байлаа. Хишигээ нэг өдөр хичээлдээ иртэл “Чи волейболоор хичээллээд үзээч. Чамд яг тохирно” гэж ятгалаа. Багийн спорт руу урвасан нөхөр гимнастик, хөгжмийн багшаасаа сүүлдээ зугтдаг болов. Гурван өөр зүйлээр зэрэг хичээллэхэд амаргүй. Аав, ээж “Манай удамд спорт хөөж, амжилт гаргасан хүн байхгүй” гээд зөвшөөрсөнгүй. Ах цанын спортын тамирчин байхдаа бэртсэн болохоор манайхан спортод тийм ч таатай биш. Тэднийг дургүйцэхээр нь хичээлдээ явлаа гэж худлаа хэлээд байшин доогуур нуусан кет, цүнхээ аваад волейболын секцэнд очиж, бэлтгэл хийдэг байлаа.
-Монголд тухайн үед багийн спортоос волейбол урлаг шиг ид хөгжиж байсан үе л дээ.
-Тийм ээ. Би одоо ч волейболд дуртай. Багийн зохион байгуулалт, нэгдмэл байдал, тоглолтын үед нэг хүн шиг ажиллах чадвар нь илүү таалагддаг. Уран бүтээлч болоход энэ бүхэн ач тусаа ч өгсөн. Волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийг Ц.Дагва-Очир багш бэлтгэл хийлгэдэг байв. Тэр үеийн дасгалжуулагчид түүнийг Монголын “Даймацү” гэнэ. Тамирчдад өндөр шаардлага тавьдаг, хатуу, зарчимч зангаараа бусдаас ялгардаг байсан юм. Түүний хийлгэдэг хүнд бэлтгэлийн ард гарна гэдэг чанга даваа. 10 хоног бэлтгэл хийхдээ амьдралдаа үзээгүй ачаалал авч билээ. Биднийг тэмцээнд оролцохоор ирэхэд өөр дүүргийн багууд “Даймацүгийн шавь нар ирлээ” гээд эмээдэг байсан. Тийм хатуу хүний удирдлагад бэлтгэл хийсэн бид тэмцээн бүрд түрүүлнэ. Тэр хэрээр бие, сэтгэл зүй, ёс зүй, хандлага, харилцаа өөрчлөгдөж, хэцүү гэж бодогддог бүхнийг даваад гарах тэнхээтэй болсон доо. Би урлагийн ачаалал даах чадварыг спортоос сурсандаа бахархдаг. Цэрэг, Багшийн дээд сургуулийн кино драмын ангийн оюутан байхдаа ч волейболын шигшээ багт тоглосон. Спортын талбараас сурсан бүхэн минь урлаг, амьдралын аль алинд нь хэрэг болсоор байна.
-Та цэргийн алба хаана хаасан бэ. Цэргийн амьдралд хөл тавьсан даруйдаа онжавууддаа волейбол хэрхэн тоглохыг заавуу?
-Зэвсэгт хүчний барилгын 017 дугаар ангид алба хаах үедээ одоогийн “Сэмүүн” студийн найруулагч С.Баяртай нэг баг болж, “Хүч” нийгэмлэгийн АШТ-д оролцдог байв. Миний хувьд зургаар яваагүй ч хараад хуулж зурахдаа сайн байсан юм. Ашиглалтад оруулсан заалаа тохижуулахын тулд шинэ цэргүүдээр цэвэрлүүлж, дараа нь тамирчдын медаль, олимпын таван цагариг зураг хананд нь наана. Намайг кино драмын ангид шалгалт өгөхөд их дэмжсэн хүн бол тус ангийн штабын дарга, хурандаа Самбапүрэв гуай. Би цэргийн ангиас шөнө оргож, кино драмын ангид шалгалт өгсөн хүн шүү дээ. Тухайн үед манайх “Зурагт”-д байлаа. Дээд сургуульд тэнцэж, томилолт авахад “Чи долоодугаар сарын 22-нд ирж сангийн аж ахуйд ногоо хураах намрын ажилд яваарай” гэв. Барилгын цэргийн ангид алба хаасан цэргүүд наймдугаар сард халагддаг. Халагдахаасаа өмнө кино драмын ангид тэнцсэн тул сургууль дуудаад болдоггүй ээ. Нэг өдөр Самбапүрэв хурандаатай уулзахаар томилолтоо бариад өрөө рүү ньорлоо доо. Тэрбээр волейболынспортод дуртай. Миний томилолтыг үзээд “Хөөх, чи чинь дээд сургуульд тэнцчихээ юу. Баяр хүргэе” гэж урам хайрласан. Тэр жил (1988 онд) цэргийн ангиас анх удаа их, дээд сургуульд шалгалт өгч болох журам Боловсролын яамнаас гаргасан юм. Тэр журам миний амьдралыг гайхалтай өөрчилсөн. Биднийг Багшийн дээдийн сургуулийн кино драмын ангид хоёр жил сурсны дараа СУИС байгуулагдахад намар нь ширээ, сандлаа зөөгөөд орж байлаа. Бидний үеийнхэн СУИС-ийн анхны төгсөгч.
-Дээд сургуульд тэнцсэн томилолт ч хүчтэй юмаа. Цэргийн ангийн хурандааг зөвшөөрүүлэх зориг танд “хайрласан” байна.
-Цэргээс халагдахаар сургуулийнхаа томилолтыг бариад ороход Самбапүрэв хурандаа “Чи өөрийн оныхныг тушаалаа уншуулахад наймдугаар сард ирээрэй. Одоо явж болно” гэж хэлээд халагдсан гэдэг бичиг өгөв. Цэргүүд нэртэй төртэй халагддаг. Тэгсэн би цэргийн ангийн хашаагаар өмссөн хувцастайгаа гарч билээ. Би халагдаж буй болохоорцэргийн хувцас дахиж өмсөх биш. Үүдний буйдан дээр сууж байсан шинэ цэрэгт бүсээ өгөөд л явсан.Тэгтэл хоёр хоногийн дараа ирж тооцоогоо хийгээрэй гэв. Яваад очтол жил гаруйнхугацаанд галч хийсний цалин 1080 төгрөг бодогджээ. Одоогийн мөнгөний ханшаар бол 10 гаруй сая төгрөг. Цэргийн ангиас мөнгөтэйхалагдсаннөхөр чанамал жинс, хятад шаахай, араб алчуур авч өөрийгөө бүрэн хувцасласан даа. 1988 он бол миний амьдралд шинэ өнгө төрх нэмсэн, өөрчлөлт, эргэлт хийсэн өөдрөг жил байв. Цэргийн дэг журам ямар ч эрийг хатуужил тэвчээрт сургаж, зөв хүн болгож хүмүүжүүлдэг. Хэрвээ цэргийн алба хаагаагүй бол өөрийгөө ямар хүн болсон байхыг төсөөлж ччадахгүй нь. Би хэдийгээр урлагийн салбарт хөл тавьж, уран бүтээлч болсон ч спортоор хичээллэсэн дадлаасаа холдоогүй.