Хүүхэлдэй урлаач, “N’ Coosh doll” болон “The hun art” брэндийг үүсгэн байгуулагч Ч.Энхтүвшинтэй ярилцлаа. Тэрбээр монгол ахуй соёлыг хадгалсан бүтээлүүд урладгаараа онцлогтой нэгэн.
-Та Монголын хүүхэлдэй урлаачдын анхдугаар үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. Эл үзэсгэлэнд ямар бүтээлээр оролцов?
-Монголын хүүхэлдэй урлаачдын анхдугаар нэгдсэн үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллаа. Хүүхэлдэйн уран бүтээлчид бас чамгүй олон болохыг энэ үеэр мэдлээ, мэдэрлээ. Эл үзэсгэлэнд 25 хүүхэлдэй урлаач өөрсдийн гэсэн утга агуулга бүхий бүтээлүүдээ толилуулсан. Ер нь цаашдаа жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Миний хувьд “Хүрэл эрдэнэ мангас” хэмээх бүтээлээрээ оролцлоо. “Хүрэл эрдэнэ мангас” бол Монголын үндэсний биет бус өв буюу “Жангар” туульд гардаг тэнгэрийн орны эзэн мангас юм. Тиймээс энэхүү бүтээлийг зөвхөн хүүхэлдэй гэхээс илүүтэй бидний өв соёл гэж харах хэрэгтэй. Үүнийгээ цаашид хөгжүүлж, playstation тоглоом болгох зорилготой.
-Таны урласан хүүхэлдэйнүүд үлгэр домогт гардаг дүрүүд шиг тун сонирхолтой өвөрмөц хийц, загвартай байдаг. Хүүхэлдэйн загвар, санаагаа хэрхэн олдог юм бэ?
-Би бүтээлээ зургаан төрлөөр урладаг. Тухайлбал, анимэйшн, мастер, загварын, тоглоомон хүүхэлдэй, худалдааны болон cyber doll буюу хагас робот зэрэг төрлөөр бүтээлээ урлаж байна. Бүтээл төрөх болон бүтээх гэсэн ойлголт бий. Бүтээх гэдэг ур чадвартай холбоотой. Харин бүтээл төрнө гэдэг ур чадвар бус, зүрх, сэтгэлээс улбаатай. Түүний амин чанарыг оршоож, зүрх, сэтгэлээ дэвсэж байж амилдаг. Миний хувьд монгол ахуй соёлд үнэхээр дурласан хүн. Түүний философи, мөн чанарыг нь ойлгосон учраас цаашид ч хүүхэлдэй урлах байх. “Жангар” бол баруун Европ, харин “Гэсэр” Азид илүүтэй түгсэн бүтээл. Ер нь бидний өвөг дээдэс түүхээ үлгэр, домог, туульсаар дамжуулан хойч үеийнхэндээ уламжлуулдаг байж. Хүүхдүүд нь том болоод ухаан суухын цагт энэ бидний түүх гэдгийг ойлгодог байх жишээтэй. Тэгэхээр туулиас санаа авах нь бий.
Өнөөдөр “Hu” хамтлаг олон улсад ур чадвараараа тэргүүлж байна. Дэлхийн найман тэрбум хүнээс ухамсар, оюун санааны хувьд бид дутахааргүй гэдгээ харууллаа шүү дээ. Үүний адилаар “Жангар” яагаад видео тоглоом болж болохгүй гэж хэмээх бодол өвөртлөөд “N’ Coosh doll” брэнд болон “The hun art”-ыг үүсгэн байгуулсан юм. “The hun art”-ын hun гэдэг нь эрт үед хүннүчүүдийг хүн буюу хучууд гэж дууддаг байсантай холбоотой. Тэр ч утгаараа хүн төвтэй, хүн дагасан соёлыг бэлгэдэж ийм нэр өгсөн. Миний гол зорилго бол үндэсний томоохон биет бус өвийг биет өвөөр дамжуулан олон улсын эргэлтэд оруулах, сурталчлах юм. Үүгээрээ монголчууд бидний нүүдэлчин ахуй соёлыг таниулахаас гадна оршихуйн үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой. Биет бус өв соёл буюу тууль, үлгэр, домгийг залуус сүү¬ лийн үед төдийлөн сонирхохгүй байна. Тиймээс биет соёлоор дамжуулан түгээхийг хүссэн юм. Үндэсний хэмжээний контентыг үүсгэх үүднээс “Хүрэл эрдэнэ мангас” game doll, модель загвараа урласан. Энэ төсөл цаашид ч үргэлжилнэ. Гэхдээ үүнийг үндэсний хэмжээнд бүтээж, олон улсын зах зээлийн эргэлтэд оруулахын тулд бид багийн системээр ажиллах ёстой юм билээ. Уран бүтээлчдийн, маркетингийн болон хөрөнгө оруулагч, гадаад үйл ажиллагаа хариуцсан баг гэх мэтээр төрөлжих учиртай. Ер нь тоглоомын зах зээл дэлхийд нэлээд том санхүүгийн эргэлт үүсгэчихдэг юм байна. Тэгэхээр хүүхэлдэй урлал бол модель загвараараа дамжаад үндэсний хэмжээний контент бүтээх, түүгээрээ дэлхийн зах зээлд гарах боломж бололцоо бий гэж хардаг.
-“Жангар”-ыг ойролцоогоор хэдэн ундаа уншсаны эцэст “Хүрэл эрдэнэ мангас” “төрсөн” бол?
-Унших боломжтой “Жангар” гэж байна. Бүр ойлгохгүй, хэцүү хэллэгтэй нь ч бий. Жишээлбэл, Ц.Дамдинсүрэн, Т.Дүгэрсүрэн гуайн халимаг хэлнээс орчуулсан цэнхэр дэвтэр бол уншихад их хэцүү, хуучны үг хэллэг олонтой. Харин П.Хорлоо гуайн сүүлд гаргасан хоёр бор дэвтэр болон Т.Галсан гуайн ногоон цуврал уншихад харьцангуй дөхөм, бас их амьтай санагддаг. Ер нь туулийн амин чанарыг нь алдагдуулалгүй бичих нь чухал. Учир нь бидний үүх түүх гэдэг утгаараа үг хэллэг бүрд нь ач холбогдол өгөх ёстой гэх юм уу. Бидний өнөөгийн үг хэллэгүүдээс ангид шүү дээ. Ер нь олон давтаж уншихаар дүр нь нүдэнд харагддаг болчихдог.
“Хүрэл эрдэнэ мангас”-ыг полимер гэдэг баримлын материалаар цутгасан, бас металл оруулга ихтэй учраас ойролцоогоор 30 орчим кг жинтэй. Өндөр нь 88, өргөн нь 94 см. Яг барьж аваад өдөр, шөнөгүй “ноолоод” байвал арай бага хугацаа шаардах байх. Харин миний хувьд барин тавин хийсэн гэхэд болно. Эх загвараа хийж, түүнийгээ хүрлээр цутгаад, угсрахад нэлээд хугацаа орсон. Ойролцоогоор 2-3 сар болсон байх.
Би “Жангар” хэмээх төслийг таван жилийн өмнө ганцаараа эхлүүлсэн юм. Ганцаараа “ноолж” гарсан. Бараг гурван жил зарцуулсан байх. Тэгээд л энэ бол багийн системээр хийх ёстой ажил болохыг сайтар ойлгосон. Эрдэм шинжилгээний багийнхан “Жангар” гэж юу болох тухай философи, мөн чанар талаас нь таниулах ажлыг хийх бол бид бүтээлээ урлана гэсэн үг.
-Энэхүү туулийн ач холбогдол, үнэ цэнийг та юу гэж хэлэх бол?
-Өмнө дурдсанчлан бидний өвөг дээдэс түүхээ үлгэр, домог, туульсаар дамжуулан хойч үеийнхэндээ уламжлуулдаг байж. Хүүхдүүд нь том болоод ухаан суухын цагт энэ бидний түүх гэдгийг ойлгодог. Монголчууд тухайн улсыг эзэлчхээд нүүхдээ соёлоо аваад явчихдаг их сонин ард түмэн байж. Нүүсний дараа гэрийн бууринаас өөр ул мөргүй. Учир нь соёл бол тухайн ард түмний хамгийн чухал үнэт зүйл гэдгийг тэд мэддэг байж. Тиймээс би хүүхэд багачуудад “Чи эмч, эсвэл программист болж болно. Гэхдээ “Жангар”-ыг заавал унш. “Жангар”-ыг уншсанаар чиний тархины түгжээ тайлагдана. Уншихад эхлээд мэдээж хэцүү, ойлгохгүй. Харин яваандаа илүү ойлгомжтой болж, сүүлдээ бүр төсөөлдөг болно” гэж хэлдэг юм.
Тоглодог тоглоомоор нь дамжуулж ухамсарт нь суулгах гээд байна шүү дээ. Би бол дүрийнхээ “сүнс”-ийг л барьж авдаг.
-Дүрийн судалгаагаа хэрхэн хийдэг тань их сонирхолтой санагдлаа.
-“Жангар”-ын тухайд гэвэл туужаа л уншина. Уйлж, дуулж, баясаж уншина. Уран бүтээлч хүний хувьд дүрээ их хайж уншдаг. Тухайлбал, Жангар ямар зан ааштай юм гэдгээс эхлээд бие анатоми нь ямар байх вэ гэхчлэн хайж унших хэрэгтэй.
Жангарын зүүн жигүүрийн эрхэм баатар бол Хонгор. “Амийг нь аварсан эрхэм анд чи зүүн жигүүрт магнай баатар бол” гэдэг. Монголчууд эрт үеэсээ нар, сараа шүтэж ирсэн шүү дээ. Тиймээс зүүн жигүүр буюу наран мандах зүгийг эрхэмлэдэг байж. Өнөө үед бөхчүүд зүүн жигүүрээ булаацалдаад байдаг чинь үүнтэй холбоотой. Тэгэхээр наран мандах зүг, аливаа зүйлийн гэрэл гэгээ гэж үздэг байж.
-Та барилгачин, балетчин, барималчин гээд олон салбарт хүч сорьсон шүү дээ. Чухам яагаад хүүхэлдэй урлалын салбарт тунаж үлдэх болсон тухайгаа хуваалцахгүй юу?
-Би “Монгол ахуй соёл” буюу XIII зуун цогцолборыг 2005 онд бүтээн байгуулсан. Түүхэн гурван кино хийхэд баатруудын хуяг дуулгыг урлах зэргээр гүйцэтгэх үүрэгтэй оролцсон юм. Би эндээс нэг л зүйл ойлгосон. Ахуй соёлыг төрөөс түрүүнд нь тавих ёстой юм билээ. Ахуй соёл байхгүй бол ард түмэн үгүй. Ард түмэн байхгүй бол төр үгүй юм билээ. Ард түмэнгүй ганцхан хаан байх боломжгүй биз дээ. Тэгэхээр монголчууд бид өөрсдийнхөө өв соёлыг ойлгохгүй бол бусдын соёлд автана. Энэ бол хүн төрөлхтний л зарчим. Харин өөрийн соёлоо мэддэг, мэдэрчихсэн хүн хэзээ ч бусдын соёлыг хоосон шүтэж, даган дуурайхгүй гэж боддог.
Ингээд монгол хүний оршихуйн үндэс, ахуй соёлыг шингээсэн брэнд үүсгэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд “N’ Coosh doll” брэндээ 2005 онд үүсгэсэн. Дараа нь монгол ахуйг харуулах 208 ширхэг дахин давтагдахгүй хүүхэлдэйн үзэсгэлэнг 2006 онд дэлгэсэн. Ингээд л энэ урлагт дурласан гэх юм уу. Сүүлдээ үлгэр домог, туульд “донтсон”. Би сайн дүрээс зохиол төрдөг гэж боддог. Шүлгээс уран зураг, уран зургаас шүлэг төрнө гэдэг шиг хоорондоо уялдаатай юм билээ.
-Game doll буюу тоглоомын хүүхэлдэй нь бусад төрлөөсөө юугаараа ялгаатай бол?
-Game doll бол зохиолтой байх ёстой. Зохиолын дагуу дүрүүдээ урладаг. Үйл явдал, хөдөлгөөн гээд бүгдийг нь сайтар судлах хэрэгтэй. Наанадаж Хүрэл эрдэнэ мангас хэрхэн тулалддаг, ямар арга, техниктэй болохыг судалж байж бүтээл маань илүүтэй амьд харагдана. Хүрэл эрдэнэ мангас Наранмандах охиныг бага хатнаа болгоод авчихсан, Жангараас татвар авдаг, өрөөл бие нь унтаастай, өрөөл бие нь сэрүүн байдаг зэргээр туульд дүрсэлдэг. Тэгэхээр өөрийн гэсэн шинж чанар, илбэ шидтэй мангас байх нь. Харин Жангар бол зүүн гарын жанжин Хонгор, баруун гарын жанжин Алтан цээж гэх мэт 12-13 баатартай. Нэг жанжин л гэхэд найман түмэн цэрэгтэй гэх зэргээр дүрсэлдэг юм. Ер нь тууль гэдэг хүний тархины түгжээг тайлах увдистай оньс гэж боддог юм.
-Бүтээлүүдийг тань бөө хүмүүс их сонирхож авдаг гэсэн. Уг нь та шашин номын хүн биш биз дээ.
-Ер нь бүтээлүүдээ амьтай урлахыг хичээдэг. Амьтай зүйлтэй хүн ярьж, итгэл үнэмшлээ өгдөг юм билээ. Зарим бүтээлийг минь харсан хүн уйлдаг. Маш олон сүнслэг зүйл тохиолддог. Гэхдээ надад тийм онгод байхгүй. Харин магадгүй уран бүтээлийн онгодтой байх гэж боддог.
-Өдгөө хүүхэлдэй урлаач төдийгүй, уран бүтээлчдэд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Манай нийгэм, эдийн засгийн байдал муу байна. Ний нуугүй хэлэхэд, манайд үндэсний хэмээх тодотголтой томоохон байгууллагууд өв соёлдоо төдийлөн элэгтэй ханддаггүй. Тэгэхэд гадаадын оронд үндэсний бүтээн байгуулагчид нь өөрийнхөө соёлд хөрөнгө оруулахыг эрмэлздэг. Тэрхүү соёл нь тухайн орныг авч явдаг болохыг ойлгодог гэсэн үг. Харин манайд бол эсрэгээрээ. Надаас гадна маш олон уран бүтээлч бор зүрхээрээ л бүтээлээ туурвиж байна. Ер нь үндэсний эрх ашиг гэдэг ойлголт бол мөнгөөр хэмжигдэхгүй шүү дээ.
-Таны цаашдын зорилго юу бол?
-Хүн болсны хэрэг гэх юм уу, уран бүтээлч хүний хувьд биет бус өв, монгол хүний онцлог шинж чанарыг хадгалсан үндэсний контентыг олон улсад гаргах хүсэлтэй. Хүний нас хязгаартай гэдэг. Тиймээс үлдэх нэр, явсан мөр минь наранд сүүдэртэй, харанхуйд гэрэлтэй явахыг хичээдэг. Төрсөн, үхсэнийг чинь хэн ч мэдэхгүй байх харамсалтай биз дээ. Тархи бол зүрхний ходоод буюу боловсруулах эрхтэн гэж боддог юм. Тархи болон зүрхний ухамсар тусдаа. Тархи бол хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв гэж бодно. Хэзээ ч тав гэж бодохгүй. Харин зүрх бол хоёр дээр хоёрыг нэмээд дөрвөн тэрбум гаргах ч боломжтой. Өөрөөр хэлбэл, зүрх бол орон зайд ажилладаг ухамсар гэсэн үг. Үүнийг нь тархи боловсруулдаг. Тиймээс тархи бол зүрхний ходоод. Тэгэхээр зүрх, сэтгэлээ хяна. Бүх зүйл сэтгэлээс эхтэй.
У.Сүрэн