БНХАУ-ын Тяньжин хотноо саяхан болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уригдан оролцсон билээ. Ийн хоёр улсын Төрийн тэргүүн нар хоёр жилийн дараа дахин уулзав. Мөн Хятад, Монгол, ОХУ-ын Төрийн тэргүүн нар гурван жилийн дараа дахин уулзсан юм. Энэ түүхэн уулзалтад БНХАУаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань оролцсон юм. Тэрбээр уржигдар хэвлэлийн хурал хийж, ШХАБ-ын уулзалтын үр дүнг танилцууллаа.
Хэвлэлийн хурлын эхэнд тэрбээр “Саяхан өндөрлөсөн ШХАБ-ын Тяньжины дээд хэмжээний уулзалт нь өнөөг хүртэлх хугацааны хамгийн өргөн цар хүрээтэй, арвин үр дүнтэй уулзалт боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал, “ШХАБ+” уулзалтыг даргалж, 23 улсын Төрийн тэргүүн болон төлөөлөгч, олон улсын 10 байгууллагын тэр¬гүүнтэй нөхөрлөлөө бататган хамтын ажиллагаагаа зөвлөлдөж, хөгжил дэвшлийг хамтдаа төлөвлөлөө. Ши Жиньпин дарга Даян дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлсэн нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хамгийн том онцлох үйл явдал боллоо. Товчхондоо, Даян дэл-хийн засаглалын санаачилга үндсэн таван үзэл баримтлалыг агуулж байна. Үүнд тусгаар улсын бүрэн эрх, эрх тэгш байдлыг эрхэмлэх, олон улсын хууль, эрх зүйг дээдлэх, олон талт үзлийг хэрэгжүүлэх, хүн төвтэй хандлагыг уриалах, үйл ажиллагааны чиг баримжааг анхаарах юм” хэмээн онцлов. Хуралд оролцсон сэтгүүлчдийн асуултад Элчин сайд ийн хариулсныг сийрүүлэн хүргэе.
-Ядуурлыг арилгах нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал. ШХАБ энэ талаар ямар амжилттай туршлага хэрэгжүүлсэн бэ. Ядуурлыг амжилттай устгасан, хөгжиж буй томоохон орны хувьд Хятад улс ШХАБ-ын орнуудад хэрхэн туслах вэ?
-Хятад улс ард түмнийг төв болгох хөгжлийн үзэл баримтлалыг тууштай баримталж, ядуурлыг бууруулах ажлыг төр улсын за¬саглалын бодлогын тэргүүлэх зорилт болгон дэвшүүлсэн. Бодит нөхцөл байдалд тулгуурлан, хөгжлөөр дамжуулан ядуурлыг арилгах арга замыг баримталж, 2012 оноос хойш хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй, хамгийн их хүчин чадалтай, хамгийн олон хүнд үр өгөөжөө өгсөн ядуурлыг бууруулах их ажлыг хэрэгжүүлж, үнэмлэхүй ядуурлын асуудлыг түүхэндээ бүрэн шийдвэрлэж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт туссан ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилээр түрүүлэн биелүүлсэн юм. ШХАБ-ын гишүүн орнуудын зүгээс ч Хятадын ядуурлыг бууруулах туршлага, загвараас суралцаж, хэрэгжүүлэх хүлээлт өндөр байна.
Ядуурлыг бууруулах нь эцсийн дүндээ хөгжлийн асуудал юм. Хятад улс маш том зах зээлийн давуу талаа бүрэн ашиглах, бусад улс оронд хөгжлийн боломж олгохыг зорьдог. Сүүлийн таван жилийн хугацаанд Хятад улс ШХАБ-ын бусад гишүүн оронтой хийсэн худалдааны эргэлт дараалан 300, 400, 500 тэрбум ам.долларыг давж, гишүүн орнуудад хөгжлийн хүчтэй хөдөлгөгч хүчийг авчирлаа. Хятад улс ШХАБ-ын ээлжит даргалагч улс болсноосоо хойш 2025 оныг “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тогтвортой хөгжлийн жил” болгон зарлаж, ядуурлыг бууруулах болон тогтвортой хөгжлийн форумыг зохион байгуулж, гишүүн орнуудтай ядуурлыг бууруулах хамтын ажиллагааг идэвхтэй гүнзгийрүүлэн, хамтдаа хөгжлийг ахиуллаа. Тухайлбал, гишүүн орнуудад ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн 100 төсөл хэрэгжүүлэх, энэ онд багтаан гишүүн орнуудад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэх, ирэх гурван жилд Банкны консорциумын гишүүн банкуудад шинээр 10 тэрбум юанийн зээл олгох, ирэх оноос эхлэн ШХАБын тэтгэлэг олгох квотыг хоёр дахин нэмэгдүүлж, “Лубаны цех” байгуулж, 10 мянган хүнийг сургалт, дадлагад хамруулахаар төлөвлөж байгаа тухай Ши Жиньпин дарга зарласан.
МОНГОЛЫН ДЭД БҮТЭЦ БОЛОН АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛД ЧИГЛЭСЭН САЛБАРТ АНХААРАЛ ХАНДУУЛНА
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал нь хоёр улсын харилцаа, тэр дундаа эдийн засагт ямар нөлөө үзүүлэхүйц цар хүрээтэй болсон бол?
-Төрийн тэргүүн нарын дипломат харилцаа нь хоёр улсын харилцааны хөгжилд орлошгүй стратегийн тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ши Жиньпин дарга нар хоёр талын харилцааны талаар өргөн хүрээтэй, гүнзгий санал солилцсон. Нэгтгэн дүгнэвэл, стратегийн харилцан итгэлцэл, хөгжлийн уялдаа холбоо, ард иргэдийн сэтгэл зүрхийг холбон ойртуулах нь гэсэн гурван үндсэн чиглэлд төвлөрч байна. Тухайлбал, эдийн засгийн салбарт Хятад, Монгол хоёр улс харилцан нөхөх давуу талтай, хөгжлийн эерэг хандлагатай, цаашдын хөгжлийн боломж асар их бий.
Төрийн тэргүүнүүд уулзалтын үеэр хамтын ажиллагааны эрч хүчтэй, тууштай хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн нь хоёр талын хамтын ажиллагааны итгэлийг ихэд дээшлүүлсэн. Бид энэ жил хоёр улсын худалдааны эргэлт, ялангуяа нүүрсний худалдаа тодорхой хэмжээгээр буурсан гэдгийг нуухгүй. Энэ нь ерөнхийдөө өнөөгийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа түүхий эдийн үнийн бууралтаас шалтгаалсан. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засаг энэ жил тогтвортой өсөлтөө хадгалж чадсан бөгөөд эхний хагас жилд 5.3 хувьд хүрсэн нь тэсвэрлэх чадвартайг харуулж, цаашид үргэлжлүүлэн Монгол Улс зэрэг дэлхийн бусад оронд хөгжлийн боломж олгосоор байна. Энэ оны эхний найман сард Монголын Хятадтай хийсэн зэсийн экспортын биет хэмжээ нь 40 хувиар өсөж, экспортын эрэлт 74.7 хувиар нэмэгджээ. Мөн энэ жилээс эхлэн “Сэхээ” боомтын ачаа эргэлтийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс 49 хоногоор түрүүлэн 20 сая тонн давж, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.5 хувиар нэмэгдсэн. Монгол Улсад саяхан зохион байгуулсан уул уурхайн долоо хоног арга хэмжээнд Хятадын Уул уурхайн холбоо, 70 гаруй компанийн хамт оролцон, Монголын талтай туршлага, шийдлүүдээ хуваалцлаа. Эдгээр нь бүгд бодит жишээ юм.
-Хятад улс хөрш орнууддаа хийх хөрөнгө оруулалт, олгох зээл, тусламжаа нэмнэ гэсэн. Монгол Улсын ямар салбарт энэ төрлийн зээл тусламж олгохоор төлөвлөв?
-Хятад Улс хөрш орнуудтай харилцах “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй байх” гадаад бодлогын үзэл баримтлалыг дэвшүүлж, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хөрш орнуудтайгаа хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн, олон жилийн турш буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл тогтмол олгосон байна. Зөвхөн Монгол Улсын хувьд гэхэд Хятадын талаас одоогийн байдлаар дөрвөн тэрбум 86 сая юанийн эдийн засаг, техникийн тусламж үзүүлж, 1.8 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгожээ. Жишээ нь, зам, гүүр, цахилгаан станц зэрэг чухал дэд бүтэц барьж байгуулан, сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв зэрэг ард иргэдийн ахуй амьдралд чиглэсэн олон төсөл хэрэгжүүлсэн. Түүнчлэн сүүлийн хоёр жилд Хятадын тал Замын-Үүд, Гашуунсухайт гэсэн хоёр чухал боомтын дэд бүтцийн байгууламжийг буцалтгүй тусламжаар барьж байгуулсан бөгөөд 1008 айлыг орон сууцжуулах буцалтгүй тусламжийн төсөл, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн хөнгөлөлттэй зээлийн төслийг удахгүй хүлээлгэн өгөх гэж байна. Мөн одоо барилгын ажил нь эхлээд байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Хятадын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл юм. Түүнчлэн бүхий л салбарт Монголын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлж, сургалт дадлагад хамруулж байна. Одоогийн байдлаар бид Хятад, Монголын Төрийн тэргүүн нарын нэрэмжит спортын цогцолбор, Монголын Үндэсний урлагийн их театр, Цөлжилттэй тэмцэх Хятад, Монголын хамтын ажиллагааны төв гэсэн гурван томоохон төслийн барилгын ажлыг дэмжин ажиллаж байгаа. Цаашид Хятадын талаас “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Монгол Улсын дэд бүтэц болон ард иргэдийн амьдралд чиглэсэн салбарт анхаарал хандуулж, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих болно.
-Эрчим хүчний сүлжээ, газрын тос, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн салбарт урт хугацаанд Монгол Улсад шууд ашиг тустай байх гурван талт хамтын ажиллагааны төлөвлөгөө бий юү?
-Ши Жиньпин дарга гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “дэд бүтцийн холболт”-ын хүрээнд гурван улсыг холбосон хил дамнасан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг идэвхтэй дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улс Хятад, Оросын дунд оршдог газар зүйн байршлын онцгой давуу талтай тул гурван талын хамтын ажиллагаанд чухал зангилаа үүрэг гүйцэтгэх боломжтой. Мөн энэ нь Монгол Улсын хувьд өөрийн орны дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд түлхэц болох юм. Хил дамнасан дэд бүтэц, эрчим хүч¬ ний төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, урт хугацааны үр нөлөөтэй хамтын ажиллагааны томоохон төсөл юм. Монгол Улс тогтвортой, хөгжлийн сайн чиг хандлагыг хадгалах нь гурван талын хамтын ажиллагааг урагшлуулахад маш чухал.
ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА НЬ ЭНЭ БҮХНИЙ ТӨВ ЦӨМ
-Монгол-Хятадын хоёр талын дээд хэмжээний уулзалтаар байгуулсан протокол, санамж бичгүүд нь Монгол Улсаас БНХАУ-д экспортлох уул уурхайн бус бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилготой гэж ажиглагдсан. Энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү?
-Урт хугацааны туршид уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа нь Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны тулгуур байсаар буй хэдий ч хоёр талын үргэлж хичээн чармайж ирсэн зорилт бол худалдааны бүтцийг сайжруулах, шинэ өсөлтийн эх үүсвэрийг нээх явдал юм. Энэ удаа байгуулсан “Монгол Улсаас БНХАУ-д экспортлох үеийн зөгийн балд тавигдах хяналт, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагын тухай” протокол, “Амьтан, ургамал хилээр оруулах, гаргах үеийн хорио цээрийн техникийн хамтын ажиллагааны тухай” санамж бичиг зэрэг нь худалдааг төрөлжүүлэх чиглэлээр талуудын дахин нэг хүчин чармайлт гаргаж буйн илрэл болж байна. Хятад бол Монгол Улсын гэрийн үүдэнд байдаг асар том зах зээл юм. Хятадын хүн ам 1.4 тэрбум, түүний дотор 400 сая орчим нь дундаж орлоготой давхаргад багтдаг. Хятадууд “Хоол хүнс бол амьдралын үндэс” гэж үздэг учир, ард түмний сайхан амьдралын хүсэл тэмүүлэл нь тэдний хүнсний хэрэглээний төрөл, чанар, хүртээмжид тавих анхааралд ч бүрэн илэрдэг. Монголын зөвхөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг авч үзэхэд, эдгээр нь Хятадын зах зээлд маш их эрэлттэй. Талууд улаан буудай, сүү сүүн бүтээгдэхүүн, малын тэжээл, ноолууран бүтээгдэхүүн, нядалгааны зориулалтын хонь зэрэг олон төрлийн бүтээгдэхүүний хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан байна. Мөн хоёр талын хорио цээрийн хяналт шалгалтын стандартуудыг нийцүүлэх асуудал ч хамрагдсан юм. Бид Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлохыг өргөжүүлэх асуудалд нээлттэй ханддаг, одоогоор бодлогын хувьд ямар нэгэн саад байхгүй, гурван л чухал асуудал бий. Нэгд, уялдаа холбоогоо сайжруулж, гарын үсэг зурсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг орчин үеийн, эрчимжсэн хэлбэрт шилжүүлж, бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарыг сайжруулах шаардлагатай. Гуравт, миний ойлгож байгаагаар Монгол Улс одоогоор ДЭМБ-ын мал амьтны гаралтай өвчний голомтот бүсийн жагсаалтад бүртгэгдсэн хэвээр. Монголын талаас аль болох хурдан арга хэмжээ авч, энэ статусыг цуцлуулна гэж найдаж байна.
-ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулахаар болсон. Энэ банк чухам ямар үүрэгтэй ажиллах вэ?
-ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах санаачилгыг анх 2010 онд Хятадын тал гаргасан бөгөөд энэ удаагийн Тяньжины дээд хэмжээний уулзалтаар байгуулах шийдвэрт хүрсэн нь түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо. Ингэснээр гишүүн орнуудад илүү бие даасан, өндөр бүтээмжтэй эдийн засгийн хамтын ажиллагааны платформ бий болж, ШХАБ-ын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж¬той болж байна. ШХАБ-ын гишүүн орнуудын сангийн байгууллагууд цаашид уг банкийг байгуулахтай холбоотой тодорхой асуудлуудаар хэлэлцээ хийж, бүс нутгийн онцлогт нийцсэн, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих олон талт хөгжлийн санхүүгийн байгууллагын загварыг хамтран боловсруулах юм.
-ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр болсон сүүлийн үеийн үйл явдал, яриа хэлэлцээний үүднээс танай төлөөлөгчид Монгол, Орос, Хятад гурван талт хамтын ажиллагаа, стратегийн зохицуулалтыг цаашид бэхжүүлэх, ялангуяа бүс нутгийн харилцаа холбоо, эдийн засгийн интеграцчлал, аюулгүй байдлын хам¬тын ажиллагаа зэрэг салбарт ШХАБ-ын гүйцэтгэх үүргийг хэрхэн үнэлж байна вэ?
-ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь юуны өмнө Хятад, Монгол, ОХУ гурван улсын хоёр болон гурван талт уулзалтуудыг зохион байгуулах чухал боломж олгодог. Та бүхний мэдэж байгаачлан, Хятад, Монгол, Оросын Төрийн тэргүүн нарын уулзалтын механизм байгуулагдаад 11 жил болсон бөгөөд өнөөдрийг хүртэл нийт долоон удаа уулзалт зохион байгуулсан. Эдгээр нь ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хийгдэж ирсэн. Мөн өнгөрсөн жил ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтын хүрээнд Хятад, Монгол, ОХУ-ын Ерөнхий сайд нарын анхны гурван талт уулзалт амжилттай болсон. Гурван улсын удирдагчид эдгээр уулзалтаар стратегийн түвшний харилцаа холбоо тогтоож, хоёр болон гурван талт хамтын ажиллагааны үндсэн зарчим, хөгжлийн чиглэлийг тодорхойлж иржээ. Монголын талыг ШХАБ-ын үүрэг оролцоог өндрөөр үнэлж, бүх гишүүн оронтой харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж буйд баяртай байна. Би хувьдаа Хятад, Монгол, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагаа бол энэ бүхний төв цөм гэдэгт итгэлтэй байна.
-Гурван улсын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтаар “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг таван жилээр сунгасан. Энэ хугацаанд ямар гол ажил, төслүүдийг хэрэгжүүлэх вэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд ямар төсөл, хөтөлбөрүүдэд хэдий хэмжээний санхүүжилт олгоод байна вэ?
-Энэ удаагийн Хятад, Монгол, ОХУ гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр гурван тал Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг таван жилээр сунгахаар санал нэгтэй шийдвэрлэсэн нь гурван талт хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэх чухал алхам болсон. Гурван улс одоогийн хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх чин хүсэлтэй байгаагийн илэрхийлэл боллоо. “Хөтөлбөр”-т тусгасан олон төслийг цаашид тогтвортой урагшлуулах, гүнзгийрүүлэх шаардлагатай, ялангуяа дараагийн шатанд гурван улсыг холбосон хил дамнасан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тухайлбал, Хятад, Монгол, ОХУ-ын төмөр замын дунд чиглэлийн шугамын шинэчлэл нь гурван талын болон бүс нутгийн худалдаа, уялдаа холбоог бэхжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой. Гурван тал энэ төслийг хамтын ажиллагааны чухал чиглэл гэж үзэн, харилцан ойлголцол, уялдаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлнэ гэж найдаж байна.
ТӨСӨЛ ЗӨВХӨН НЭГ ТАЛД АШИГТАЙ БОЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ
-Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтаар “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо гэж Орос болон Монголын талын албаны хүмүүс мэдэгдсэн. Энэ төслийн санхүүжилт болон үр дүнг Хятадын тал хэрхэн харж байгаа вэ?
-Ямар ч том төслийг хэрэгжүүлэхийн өмнө зайлшгүй техник, эдийн засгийн үндэслэл хийх шаардлагатай байдаг. Мөн аливаа төсөл зөвхөн нэг талд ашигтай, бусад талд хохиролтой байвал хэрэгжүүлэх боломжгүй. Тогтвортой байж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Ийм ч учраас Хятадын тал “Бүс ба зам” санаачилга болон бусад улс оронтой хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны төслүүддээ “хамтаар зөвлөлдөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг үргэлж баримталж ирсэн. Таны дурдсан хамтын ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх тухайд бол, энэ нь гурван талын харилцан зөвшилцөл, яриа хэлэлцээрээр тодорхой болох асуудал гэж үзэж байна.
-Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтаар “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо гэж Орос болон Монголын талын албаны хүмүүс мэдэгдсэн. Энэ төслийн санхүүжилт болон үр дүнг Хятадын тал хэрхэн харж байгаа вэ?
-Ямар ч том төслийг хэрэгжүүлэхийн өмнө зайлшгүй техник, эдийн засгийн үндэслэл хийх шаардлагатай байдаг. Мөн аливаа төсөл зөвхөн нэг талд ашигтай, бусад талд хохиролтой байвал хэрэгжүүлэх боломжгүй. Тогтвортой байж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Ийм ч учраас Хятадын тал “Бүс ба зам” санаачилга болон бусад улс оронтой хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны төслүүддээ “хамтаар зөвлөлдөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг үргэлж баримталж ирсэн. Таны дурдсан хамтын ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх тухайд бол, энэ нь гурван талын харилцан зөвшилцөл, яриа хэлэлцээрээр тодорхой болох асуудал гэж үзэж байна.
-Монголын нутгаар хөндлөн гулд дайран өнгөрөх энэ төслийн манай байгаль экологид үзүүлэх нөлөөллийг талууд хамтарч хийх үү. Сөрөг нөлөөллийн улмаас Хариуцлага хүлээхэд хүрвэл талууд адил тэгш оролцох уу?
-Би сая хэлсэнчлэн аливаа төсөл нэг талдаа ашигтай, нөгөө талдаа хохиролтой байж болохгүй. Энэхүү байгалийн хийн хоолойн төсөл нь Орос, Хятад хоёр орны хувьд хэрэгжүүлж буй анхны тохиолдол биш. Энэ чиглэлээр олон төсөл хэрэгжүүлж ирсэн. Аль аль талд маань туршлага болон техникийн чадвар бий. Гэхдээ цаашид ямар нэгэн асуудал үүсвэл гурван орны өндөр дээд түвшинд яриа, хэлэлцээр хийж, шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд хэлэхэд энэхүү төсөлд гурван улсын Төрийн тэргүүн болон дээд түвшинд өндөр ач холбогдол өгч байгаа. Эл төсөл маань гурван улс болон өөр өөрийн оронд ашиг тусаа өгнө гэдэг нь гарцаагүй юм.
-“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил холболтын төслийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл өгч болох уу?
-Ганцмод-Гашуусухайтын хил дамнасан төмөр зам нь Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын боомт бөгөөд ЭрээнЗамын-Үүд төмөр замын боомтоос хойш 70 жилийн дараа байгуулж буй юм. Тус боомтын жилд нэвтрүүлэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэх бөгөөд хоёр улсын уул уурхай, нийлүүлэлтийн сүлжээ хэлхээ, технологийн инновац зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Талууд үүнд өндөр ач холбогдол өгч, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хоёр улсын Засгийн газар хооронд “Ганцмод-Гашуунсухайт” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ оны зургаадугаар сард хоёр улсын компаниуд Улаанбаатар хотод тус төмөр замын бүтээн байгуулалтын төслийн барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.