
Эндрю, Жуффре хоёр. 2001 он
Хатан хаан II Элизабет агсны хайртай хүү, III Карл хааны дүү, хааны гэр бүлийн хамгийн олонд танил бус гишүүн, насанд хүрээгүй охидыг хү чирхийлсэн хэрэгт буруутгагдсан Эндрю явж явж ханхүүгийн хэргэмээ алдав. Түү нийг нэн хатуу шийтгэлээ. Британийн түүхэнд үүнтэй дүйх шийтгэл бараг байхгүй гэж хэлж болно.
Ийм шийдвэрийг хаан өнгөрсөн сарын 30-нд гаргасан юм. Ингээд ханхүү асан маань ердөө л Эндрю МаунтбеттенВиндзор гэж нэрлэгдэх болж байна. Үүнээс гадна тэрбээр Виндзорын шилтгээний ойролцоо байх харшаасаа бас нүүх болов. Одоо тэрбээр хувийн сууцад аж төрнө.
Хааны удмынхны хэргэм зэргийг нь хурааж байх тухай хууль дэлхийн I дайны үед буюу 1917 онд бий болжээ. Тухайн үед Британи, Герман улс хоорондоо байлдаж байсан ч Германы хаан, ноёдын гэр бүлийн гишүүд Британийн ханхүү, герцогуудын хэргэмийг хэрэглэсээр байв. Британийн эрх баригчид үүнийг байж боломгүй зүйл гэж үзэж 1919 оны гуравдугаар сарын 28-нд V Георг хааны зарлигаар ханхүү Эрнест Август болон хэд хэдэн герцогийн хэргэмийг цуцалсан байна. Дайнтай ч цаг байж, ханхүү нар Британи улсын шууд дайсан нь байлаа.
Хааны гэр бүлийн түүхийг судалдаг түүхч Келли Суобигийн бодлоор хааны гэр бүлийн бүх гишүүний дэмжлэггүйгээр, Засгийн газартай зөвлөлгүйгээр ийм хатуу шийдвэр гаргах боломжгүй аж. Бүхнийг уучилж өршөөдөг байсан ээжээсээ ч тусламж хүсэх боломж Эндрюд байсангүй. Хэдэн жилийн өмнө түүнийг насанд хүрээгүй охин хүчиндсэн хэмээн буруутгаж шүүх хэрэг үүсгэсэн ч хохирогчид 12 сая фунт стерлинг төлж байж шүүгдэгчийн суудалд суулгүй өнгөрчээ. Гэлээ ч тэр нь гэм зэмгүй цэвэр үлдсэнгүй, энэ шившигт явдлын эцэст Эндрю хэргэм зэргийнхээ ихээхэн хэсгээс салж, албан ёсны арга хэмжээнд уригдахаа больсон байна. Шүүмжлэгчид үүнийг хэт зөөлөн шийтгэл гэж үзэж байв. II Элизабет хатан хаан хийгээд ах, одоогийн III Карл хаан хоёр нь Эндрюгийн гэмт үйлдлийг мэдээгүй мэт өнгөрөөсөн байжээ. Хааны гэр бүлийнхнээс Эндрюг гол эсэргүүцэгч нь түүний үеэл, ирээдүйн хаан Уильям байлаа. Түүний хүчин зүтгэлгүйгээр Эндрюг хөндөхгүй байсан хэмээн хааны гэр бүлийн намтрыг бичигчид баталж байна. Саяны гаргасан шийдвэрийн ард ч ханхүү Уильям байсныг үгүйсгэх аргагүй. ВВС-гийн ажилтан байсан, хааны гэр бүлийн талаар олон жил бичсэн хатагтай Женни Бонд чухам ингэж үзэж байна.
Эндрю насанд хүрээгүй охидыг санхүүч Эпштейний хувийн арал дээр хүчиндсэн гэж үздэг. Түүний намтрыг бичдэг Лауни болохоор Эндрюг хормойн бараг донтой гэж дүгнэдэг. Ер нь ханхүү асныг сургаар биш мэддэг хүмүүс нь ингэж үздэг. Их залуугаасаа тэр ийн хэлэгдэх болжээ. Лаунигийн тооцоогоор Эндрюгийн энгэр зөрүүлсэн эмэгтэй хэдэн мянгад хүрдэг байна.
Насанд хүрээгүй охидыг эр, эмийн харилцаанд ашиглах ажил эрхэлдэг бүхэл бүтэн сүлжээ бий болгосон санхүүч Эпштейнтэй 1990-ээд оны эхээр Эндрю танилцжээ. Энэхүү Эпштейн гэгч чинээлэг, нөлөө бүхий хүмүүстэй зориуд танилцдаг, Ерөнхийлөгч, Саудын ханхүү байсан хүмүүс, тэрбумтнуудтай дотно холбоотой нэгэн байв. Ийм холбоотой хүмүүсийн нь тоонд АНУын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Саудын ханхүү Мухаммед бин Салман, жүжигчин Кевин Спейси, тэрбумтан Билл Гейтс нар ордог байв.
Эпштейнийг Эндрю хамгийн дотно нөхрөө л гэх шахна. Эпштейний хувийн арал дээр нь нэг бус удаа очиж, хариуд нь ээж, II Элизабет хатан хааны морилох дуртай Балморал хэмээх өргөөнд түүнийг урина. Санхүүч түүнтэй ашиг сонирхол их нийцнэ. Эндрюгийн байгаа байдал онцгой сэтгэгдэл төрүүлдэг, “Тэр эр эмийн ажилд над шиг адтай. Бид хоёртой унтаж үзсэн эмэгтэйчүүд түүнийг “адгуус” гэдэг байсан” гэж Эпштейн хэлдэг байж. Эндрютэй ор хөнжилд орохыг албаддаг байсныг Эпштейний “гараар орсон” хүүхнүүд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэдний нэг болох америк эмэгтэй РобертсЖуффре тухайн үед ердөө 17 настай байв. Ганц хохирогч нь мэдээж биш ч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар түүнд тохиолдсон явдал олны сонорт хүрсэн байна. Робертс Жуффре дөрөвдүгээр сард амиа хорлосон бөгөөд “Хэний ч биш хүүхэн” хэмээх ном нь өнгөрсөн сард хэвлэгджээ. Эпштейн болон Эндрютэй эр эмийн харилцаанд орж байснаа, Эндрюгээс хүүхэд олж, түүнийгээ зулбуулсан тухайгаа номдоо бичсэн байна. Хэрэг явдал нэг л бишдээд байгааг Эндрю ч анзаарч Йоркийн герцогийн хэргэм болон бас бус шагнал, цолоосоо сайн дураар татгалзаж буйгаа ном хэвлэгдэхээс хэдхэн хоногийн өмнө зарласан ч энэ нь хангалттай биш байлаа.
Сүүлийн жилүүдэд Эндрю гэрээсээ гарахаа байж, Виндзорын цамхгаас холгүй байх байрандаа даяанч шиг амьдарч, өдөржин зурагт үзэж суух болсон байна. III Карл хаан түүнийг өөр байранд суулгах гэж оролдоод бүтдэггүй. Бухимдлаасаа болж хоолоо хэтрүүлэх болсноос Эндрю сүрхий таргалж, сүүлдээ хоолны дэглэм мөрдөх болжээ. Одоо харин Эндрю яалт ч үгүй өөр байр луу нүүх болов. Олон жил хамт амьдарсан гэргий асан Сара Фергюссон ч ялгаагүй. Тэгэхдээ тэд тусдаа амьдрах юм байна. Карл хаан дүүгээ хоргодох оронгүй үлдээхгүй нь ойлгомжтой. Татвар төлөгчдөөс түүнд юу ч өгөхгүй ч Эндрю бас мөнгөгүй үлдэхгүй нь мэдээж. Дүүгээ хаан өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Эндрю өөрөө ч санхүүгийн эх үүсвэр олчих санаатай оролдсон ч олигтой юм бүтсэнгүй. Хятад, Голландаас ажил хэргийн хэлхээ холбоо хайгаад гойд юм олсонгүй.
Хэргэм зэргийг нь хураасан тухайд Эндрю ер хэл ам хийсэнгүй. Титэм өвлөгчийн хувьд жагсаалтын наймд хэвээр үлджээ. Охин Евгения, Беатриса хоёр нь эрх баригч хааны хүүгийн хүүхдийн хувиар төрөх үед нь олгосон хэргэмээ хадгалж үлдэх юм байна.
Британийн хааны гэр бүлд бий болсон энэ байдлын буруутнаар хатан хаан II Элизабетыг нэрлэсэн тухай “The Тimes” сонинд бичсэн байх юм. Эндрюгийн үйлдлийн талаар хэл ам дэгдээд олон жил болсон ч хааны гэр бүлийнхэн хайхрахгүй л байж. 2022 онд л “Эрхэм дээдэс” гэж Эндрюд хандахыг хориглож, цэргийн цолыг нь хурааж авах шийдвэрийг II Элизабет гаргажээ. Хатан хааны сонгож авсан энэ шийтгэл дэндүү зөөлөн байв гэж тус сонинд бичиж байжээ. Үүний нь төлөө одоо Карл хаан үйлээ үзэж байна гэж хатан хааны хэвлэлийн тоймч Ройа Никха бичжээ. Энэ бодлыг олон хүн, түүний дотор хатан хаан болон эдний гэр бүлийн анд нөхөд хуваалцаж байна. “Карл хүүдээ хатан хаан дэлбэрээгүй бөмбөг үлдээлээ. Хатан хаанд үүрэг нь ямагт бүхнээс дээгүүр байсаар ирсэн. Энэ тохиолдолд тэрбээр үүргээ биелүүлсэнгүй. Учир явдал зөвхөн Эндрюд биш, хааны гэр бүлийнхэнд бүгдэд нь хамаатай. Хатан хаан яг л толгой дээрх элсийг тоодоггүй тэмээн хяруул шиг байсан” гэж “The Times” сонинд бичиж байв. Хамгийн их хэл ам таталж, шуугиан дэгдээсэн нь Робертс Жуффред тохиолдсон явдал юм. Эндрю 12 сая фунт стерлинг төлж байж хэргээс мултарсан ч энэ нь буруутай болохоо хүлээсэн хэрэг.
Ханхүү Эндрю нь Британийн хатан, хунтайж Филипп хоёрын дунд хүү юм. III Карл хаан тэр хоёр 12 насны зөрүүтэй, Эндрю хоёр настай байхад ахыг нь дотуур байртай сургуульд явуулснаас тэд хөндий өсжээ. Уламжлал ёсоор залуу ханхүүд цэргийн албанд явж, тэдний жишгээр одоогийн III Карл хааны хоёр хүү Гарри, Уильям нар Афганистанд алба хаасан байдаг. Эндрю цэргийн албанд байхдаа Британи, Аргентиний хооронд үүссэн богино хугацааны Фолклендийн дайнд оролцож байв. Хүүгээ амь насанд нь аюул багатай штабт ажиллуулахыг Британийн Засгийн газар санал болгосон ч хатан хаан зөвшөөрсөнгүй. Эндрю байлдааны халуун цэгт тулалдаж, нисдэг тэрэг жолоодож байлдааны хэд хэдэн нислэг хийсэн байна. Дайны дараа ханхүү гэрлэв. 2010 онд “Globe” сонинд “Ферри (Эндрюгийн гэргий Сара Фергюсоныг хэвлэлд ийм нэрээр бичдэг байв) мөнгөний төлөө баячуудтай унтаж байна” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн ч хааны гэр бүлийнхэн, тэр дундаа Эндрю огт тоосонгүй.
Бүр 1992 онд Сараг нууц амрагтайгаа байгаа зураг олны хүртээл болсноор салахаас өөр зам Эндрюд үлдсэнгүй. Гэлээ ч түүнээс хойш 30 жил өнгөрөхөд ч тэд хамт л амьдарч байв. Харин Эндрю энэ он жилүүдэд ёстой л “задгайрав”. Хатан хааны хамгаалалтын албанд байсан Пол Пейжийн ярьснаар Эндрю уулзаж учирдаг хүүхнүүдээ хоёр хоног болоод л сольдог гэнэ. Эндрю харин тамхи татдаггүй, архи уудаггүй, мансууруулах эм, бодис хэрэглэдэггүй, гагцхүү энгэр зөрүүлэхээс л ер буцдаггүй байж.
Бага насны охид хүчиндсэнээ тэрбээр олон жил үгүйсгэж, Жуффрег ч, Эпштейнийг ч мэдэхгүй гэдэг байв. 17 настай Жуффрег Лондонд Эпштейний гэрт тэврээд байж байгаа зураг нь хэвлэлд гарсны дараа ч энэ байр сууриа өөрчлөөгүй аж. Тэрбээр өөрийн буруугүйг нотлох ээлжит оролдлогоо хийж, 2019 онд ВВС-гийн сурвалжлагчтай ярилцсан байна. Харамсалтай нь, уг ярилцлага ханхүүгийн хүлээж байсан үр дүнг өгсөнгүй, харин ч Британи орон тэр аяараа түүнийг ажиглах болжээ. Нөгөө Жуффре нь ч АНУ-д Эндрюг шүүхэд өгчихөж. Хөөн хэлэлцэх хугацаа хэдийн өнгөрсөн байсан ч хэрэг хэзээ үйлдэгдсэнээс үл хамааран хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдүүдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх заалттай Нью-Йоркийн хуулиар нэхэмжлэлийг хүлээн авчээ. Тэгээд л Эндрю нэхэмжлэгчид 12 сая фунт стерлинг төлөх болж. Энэ үед нь хатан хаан II Элизабет хүүгээ (Эндрюг) Виндзорын шилтгээнд дуудаж уулзжээ. Эндрюгийн хэргэм, цолыг хурааж авах болсныг үүний дараахан Букингемийн ордон албан ёсоор зарласан байна. Ах нь хаан болсноор байдал бүр хурцдав. “Эндрю цаашдаа хааны гэр бүлийн гишүүн байхаа больсныг хаан бүгдэд ойлгомжтой болгосон. Одоо тэрбээр өөрийгөө авч явах болно” гэж “The Sun” сонины эх сурвалж мэдэгдсэн байна.
Р.Жаргалант