ЗСБНХУ-ыг атомын бөмбөгтэй болоход чухал үүрэг гүйцэтгэсэн их эрдэмтэн Виталий Хлопин 1890 онд төржээ. Тэрбээр шинжлэх ухаанд төрөө шинэ байдлаар ханддаг болгох үндэс суурийг тавьсан онолыг бий болгосноороо нэрд гарсан хүн юм.
Адмирал Колчак 1919 оны нэгдүгээр сард Омскоос ухарч байхад галт тэрэгнийх нь нэг вагонд Хаант улсын радий (асар их эрчим хүч ялгаруулдаг химийн бодис)-гийн нөөц бас багахан хэмжээний ураны хүдэр байсан юм санж. Радио идэвхт бодис галт тэргэнд нь байгааг Оросын дээд эрх баригч мэдэхгүй, ер нь түүнийг сонирхох ч үгүй явж. Тэгээд ч амьд явах хоногийн нь тоо цөөн үлдсэн байж. Өөрчлөн байгуулалтын үед, 1991 оноос хойш Колчакийн алтны тухай олонтоо ярьж, ардын аман ярианы нэг төрөл шахам болсон байдаг. Харин радио идэвхэт бодисын тухайд төдийлөн ярьж байсангүй. Тэгэхдээ Колчакийн вагонд байсан радио идэвхэт бодисоос Зөвлөлтийн атомын бөмбөгийн төсөл урган гарсан гэж түүхчид үздэг байна. Энэ зам ихээхэн муруй тахир ч эрдэмтэн Виталий Хлопины нэртэй ямагт холбогддог. Гэхдээ харамсалтай шударга бус хандлагын улмаас түүний нэрийг өнөө цагийнхан тэр бүр мэддэггүй юм. ЗСБНХУ-ын атомын төслийн тухай ярихад сайндаа л Курчатов, Иоффе, Берия гэх нэр дуулддаг. Гэлээ ч Виталий Хлопингүйгээр үйл явц ямар ч тохиолдолд мухардана
Виталий Хлопин Пермид төржээ. Эцэг нь Оросын эзэнт улсын социал-демократ анхны бүлгүүдийнх нь нэгийн гишүүн, хувьсгалч байв. Виталийг багад гэр нь байнга ийш, тийш нүүж, янз бүрийн сургууль гимназ дамжиж явсаар 1911 онд Доод Саксонийд их сургуулийн химийн, 1912 онд Санкт-Петербургийн их сургуулийн физик-химийн салбарыг нь төгсөж ямар шинжлэх ухаанд сонирхолтой нь тодорхой болсон байна. Энэ нь хувьсгалч төдийгүй гарамгай эмч байсан эцгээс нь үүдэлтэй байлаа. Залуу Виталий Хлопин улс төрийг төдийлөн сонирхож байсангүй. Хараажаар түүний улс төрийн цор ганц үйлдэл нь Октябрийн хувьсгалд талтай хандсан нь, харин түүний өөрийнх нь хийсэн хувьсгал радио идэвхэт бодисын задрал, 1945 онд хүн төрөлхтөний түүхийг орвонгоор нь эргүүлсэн цөмийн урвалтай холбоотой байв. Шинжлэх ухаан руу түүний гараас анх хөтөлсөн хүн бол Хлопин туслахаар нь ажиллаж байсан Лев Чугаев аж. Түүний удирдлагаар 1914-1915 онд Их бууны удирдах ерөнхий газрын захиалгаар Оросын түүхий эдээс цагаан алт гаргаж авах хялбар аргыг бий болгож шинийг санаачлагч болохоо Хлопин анх харуулсан байна.
Зөвлөлтийн анхны РДС-1 хэмээх атомын бөмбөгний тэслэгч болгосон полони гэдэг бодисыг гаргаж авах хялбар, гайхалтай арга сэдсэнээр 30 жилийн дараа гэхэд Хлопин ЗСБНХУ-ын атомын төслийн оролцогч болчихсон байлаа. Бүр 1910 онд хүч чадлаараа ч, ач холбогдлоороо ч уур, цахилгаан, химийн тэслэгч бодисыг ч давах эрчим хүчний эх үүсвэр бидний өмнө нээгдлээ гэж бичиж байсан Владимир Вернадскийтэй 1915 онд Хлопин танилцав. Вернадский тэгэхэд атомын эрчим хүчний тухай ярьж байжээ. Хожим нь радиолог, Зөвлөлтийн атомын төслийн инкубатор үүсэн бий болсон ШУА-ийн Радиологийн лабораторид ажиллахыг тэрбээр Хлопинд санал болгосон байна. Тэгэхэд Хлопин ердөө 25 настай, Васильевскийн арал дээр байх радиологийн даруухан лабораторид их түүх бүтээгдэж байгааг гүйцэд ухаараагүй л явж байлаа.
Виталий Хлопиныг бодит амьдралаас хөндийрсөн лабораторийн эрдэмтэн гэж үзэж үл болно. Газрын ховор элементийг судалж, радиохимийн үндсийг тавих нь түүний хувьд алдар хүнд олох тулгуур биш, Оросын энхийн хийгээд цэргийн аж үйлдвэрийг өргөж босгох баталгаа нь байв. Улсынхаа байгалийн нөөц, эрчим хүчний боломж чадлыг судлах зорилготой Сибирийн экспедицэд Хлопин Дэлхийн I дайнаас өмнө оролцож явжээ. Тэр үедээ нарс, лити, рубиди, цези, циркони (бүгд химийн чухал элементүүд)- ийн тухай бүтээлээ бичсэн байна. Оросын үйлдвэрлэлийн хүчийг судлах комиссын бүрэлдэхүүнд 1916 онд орж, хувьсгалаас хойш үргэлжлүүлэн ажиллав. Энэ комиссын ивээл дор Радийгийн анхны хүрээлэн бий болсон байдаг. Хувьсгалын дараа тал тал тийшээ тарж бутарсан амьгүй эзэнт улсыг гартаа оруулахын тулд эрүүл саруул толгой ч ховор байсныг хэлэх үү, большевикууд эрдэмтдийг зарим удирдах албан тушаалд томилж, тэдэнд олон үүрэг оноох болжээ. Иргэний дайн ид байсан 1918- 1922 онд Хлопин дээр олон албан ажил овоорч байв. Улсынхаа нөөц баялаг, түүний дотор үнэт металлыг захирах эрхтэй байлаа. Чухам энэ үедээ Ленинтэй танилцсан бөгөөд Иргэний дайнд ялсны дараа аж үйлдвэрээ, өөрөөр хэлбэл, социализмыг ямар хүч хөрөнгөөр байгуулах асуудал Лениний сэтгэлийг зовоож байжээ. Атомын эрчим хүчний хэтийн төлвийн тухайд Ильич тэгэхэд ямар ч ойлголт, төслөөлөлгүй байж. Гэтэл тухайн үед радий нь алтнаас хэд дахин илүү үнэтэй байсан болохоор Колчакийн гарт орсон эзэнт улсын радио идэвхэт түүхий эдийн нөөцийн хувь заяа түүний сэтгэлийг онцгой зовоож байж л дээ.
1920 оны хоёрдугаар сард Колчакийг буудаад голын цоолго руу шидчихсэн, 21 вагон бүхий нөгөө “алтан цуваа”-ны хагас нь Хятад руу алга болоод Шанхайн банканд “нүхээ олоод” хагас нь Чехословакийн корпуст зарцуулагдсан байв. Гэхдээ ихээхэн хэсэг нь алт, эрдэнэстэй хамт радио идэвхэт хүдэртэй цуг большевикуудад үлдсэн байжээ.
Зөвлөлтийн атомын төсөл гээч нь ЗСБНХУын адармаатай, ээдрээтэй түүхийн нэг байсан юм. 1940 оноос өөрчлөн байгуулалт хүртэл энэ маш нууцлагдмал сэдэв байснаа дараа нь түүний талаар овойж оцойсон олон ном хэвлэл гарсан ч, олонхийн хувьд мөн л бүдэг бүрхэг үлдсэн байдаг. Учир нь 1940 оноос өмнө энэ нь Зөвлөлтийн удирдлагын хувьд “атар газар” байж.
1922-1940 он бол цэвэр шинжлэх ухааны үе, улс төрчид атомыг сонирхож байсангүй. Гэхдээ 1949 онд Зөвлөлтийн атомын анхны бөмбөг РДС-1-ийг дэлбэлсний дараа, 1954 онд дэлхийд анхны Обнинын атомын цахилгаан станцыг ашиглаж эхэлснээс хойших атомын төслийн бүх элемент чухам тэр үед тавигдсан байдаг. Виталий Хлопин өөрийн хөдөлмөрөөр атомын зууны үндсийг тавьсан ч өөрөө ердөө түүний эхлэлийг л үзэж амжсан байна. Одоо Хлопины нэрэмжит болчихсон байгаа Радийгийн хүрээлэн 1922 онд нээгджээ. Түүнийг Владимир Вернадский удирдаж, Хлопин орлогчоор нь ажиллаж байв. Тэр жилээ тэд радийн дээжээ гаргаж авчээ. Үүнээс өмнөхөн Хлопин “Сүүлийн гурван жил хагасын хөдөлмөрийнхөө үр дүнг үзэж, Оросын анхны радийг гаргаж авахын тулд эцсийн чармайлтаа гаргах хэрэгтэй байна” гэж бичиж байв. Үүнээс үүдэн бодохул Оросыг радийтай болгох ажлыг наад зах нь 1918 оноос эхэлсэн байх нь. Түүхчдийн баримтаар бол үүний тулд бүр хаант засгийн үед Туя-Муюнийн уурхайгаас олборлосон 1.76 тонн хүдрийг дахин боловсруулжээ. Туя-Муюн бол радий болон уран олборлосон Оросын эзэнт улсын үеийн цорын ганц, Зөвлөлүүдийн үеийн анхны уурхай болж таарч байна. Үндсэн ажлуудыг Петроградын Радийгийн хүрээлэнд хийсэн гэж үздэг ч Хлопин болон түүний нөхөд радийгийн эхний хэдэн граммыг Кама голын эрэг дээрх Бондюга суурин дахь заводоос олборлосон гэх яриа байдаг. Ер нь лабораторын судалгааг Петроградад, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг Бондюгад зохион байгуулсан байх нь.
Үйлдвэрийн аргаар гаргаж авсан радийг Иоффе, Неменов нарын удирддаг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд рүү явуулав. 1921-1922 онд радий болон ураныг гурван газар шинжилж, түүнээс атомын төсөл үүссэн аж. Радийгийн хүрээлэн гол төв нь болж байв. Хлопин гол хүн нь байлаа. Бондюг дахь завод 1925 он хүртэл ажиллав.
Цөмийн судалгаанд 1939 онд германчууд давамгайлж байсан ч Аугаа их эх орны дайнаар тэд атомын бөмбөгтэй болж чадсангүй. 1925- 1933 онд “Атомын цөмийг задлах салбарт” ЗСБНХУ, Герман улсууд хамтран ажиллах төлөвлөгөөнд олигтой судалгаа хийсэнгүй. Өндөр технологи хийгээд цэргийн салбарт ЗСБНХУтай хамтарч ажилласан эхний улсуудын нэг нь Герман байсныг бүгд мэднэ. Цөмийн салбарын эрдэмтэд судалж, мэдсэн зүйлээ нууж хаалгүй солилцдог ч байв.
Хлопин таван хэлээр ярьдаг, германчуудтай төрөлх хэлээр нь чөлөөтэй харилцдаг, 1940- өөд онд хүрээлэндээ Фредерик Жолио-Кюри болон Мария Склодовская Кюригийн хүргэнийг хүлээн авч уулзаж, цөмийн эрчим хүчний анхдагчдын хувьд тэдэнтэй эн тэнцүү харилцаж байжээ. 1925 онд Виталий Хлопин Герман, Чехословак, Австрид очиж салбарынхаа ололт амжилтын талаар илтгэл тавьж байв. Урьд нь Менделеевийн IV их хурал дээр “ЗСБНХУ дахь радиоидэвхэт бодисын салбарт олж буй амжилтууд” сэдвээр үг хэлсэн байна.
1930-аад оны хоёрдугаар хагас хүртэл атомын салбарт эхний гурван улсын нэг нь ЗСБНХУ болон илт давамгайлж байв. Хлопины удирдлага дор ажиллаж байсан залуу Игорь Курчатов хожим нь Зөвлөлтийн атомын бөмбөгийн эцэг гэгдэх болсон юм. 1937 онд циклотрон гаргаж авлаа. Тухайн үед Гуравдугаар Рейх бүхнийг хамарсан дайны машин бий болгох сүүлчийн алхмаа хийж байлаа. Эрдэмтэн Отто Ганн, Фриц Штрассман нар нейтроны нөлөөгөөр цөмийг хуваах үйл явцыг нээж, тухайн урвалаас асар их сүйтгэх хүчийг гаргаж авсан байлаа. Германы эрдэмтдийн нээлтийг Хлопин нөхдийн хамт бүх талаар нь судлав. 1940 он гэхэд ураны цөмийг хуваах судалгааг хийчихсэн байлаа. Вернадскийн санаачилгаар 1940 онд “Ураны комисс” байгуулж Хлопин удирдах болжээ. Ажил өргөн хүрээтэй өрнөж, ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр ураны орд хайж байлаа. Уран-235-ыг ашиглан гинжин урвал явуулах ажлыг Хлопин нөхдийн хамт хийж байв. Байгальд огт тааралдахгүй плутони гээч бодисыг анх удаа гаргаж авчээ.
1939 оны эцсээс атомын эрчим хүчний салбарт улс төр гээч юм орж ирэх боллоо. Эхлээд Өрнөдөд энэ сэдвээр нийтлэл гаргахыг хориглосныг Вернадскийн хүү Георгий Вернадский, Хлопин хоёрт дуулгажээ. Атомын зэвсэг бүтээх асар нууц өрсөлдөөн эхэлж буйг тэд чухам энэ үеэс ойлгов. Энэ салбарт бусдаас түрүүлсэн улс дэлхийд ноёлох нь. Парис, Лондон, Берлин, Вашингтон ийм ажлыг санхүүжүүлэх боллоо. Тухайн үед Москва удахгүй болох дайнд шаргуу бэлтгэж, атомын бөмбөгнөөс илүү танк, сөнөөгч онгоц, пулемётаа анхаарч байв. Аугаа их эх орны дайн эхэлмэгц Радийгийн хүрээлэнг Колчак тухайн үедээ алт болон радий зөөж байсан Казань руу нүүлгэв. Ажилтнууд нь хоёрдугаар зэргийн асуудлаар хөөцөлдөж, Ленинградын бүслэлтийг сэтэлсний дараа 1944 онд л атомын төсөлд анхаарал хандуулсан байна. Гитлер ялагдах нь тодорхой болж, геополитикийн орон зайд ЗСБНХУ, АНУ хоёр л тодорч байлаа. Энэ хоёр улс зөрчилдсөн тохиолдолд бүр илүү аймшигтай, сүйтгэлтэй дайн болох нь ойломжтой байв.
Виталий Хлопин Радийгийн хүрээлэнг 1939- 1950 онд буюу амьсгал хураатлаа удирдав. Тэрбээр багш Вернадскийгээсээ таван жилийн дараа өөд болжээ. Ямар нөхцөл байдалд хорвоог орхисон талаар нь мэдэгдэх юм бага ч улс төр лав нөлөөлөөгүй аж. 1944-1950 онд цөмийн салбарын эрдэмтэд халдашгүй хүмүүс гэгдэж байжээ. Ертөнцийг эзэнгүйдүүлэх үзэлтэй тэмцэхийг урьтал болгож Берия 1949 онд Радийгийн хүрээлэнгээс хэсэг еврей эрдэмтнийг халахыг санал болгож, тэр хүмүүсийн нэрсийг Хлопинд өгсөн байна. 1960-аад онд ЗХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Николай Мещеряковын дурссанаар Дубна дахь Цөмийн хүрээлэнг үндэслэн байгуулагч Хлопин энэ нэрсийн жагсаалтад өөрийн үзлээр хандаж үзгээ аваад эхэнд нь “Хлопин” гэж биччихээд “Намайг тэдэнтэй хамт” гэж хэлсэн байна.
“1946 оны тавдугаар сарын 10” гэсэн огноотой Берияд Хлопины бичсэн захидал архиваас олджээ. Түүнд Манхэттений төслийн талаар Зөвлөлтийн тагнуулчдын АНУ-аас олж авсан хамгийн нууц мэдээллийг өөрт нь болон нөхдөд нь үзүүлэхийг хүсэж “Плутонийн талаар Америкт хийсэн хими, хими-технологийн ажилтай холбогдох онц нууц мэдээлэлтэй шинжлэх ухаан-технологийн зөвлөлийн гишүүний хувьд намайг болон туслахуудыг минь танилцах зөвшөөрөл олгохыг хүсье” гэж бичсэн байв. Шинжээчдийн тэмдэглэсэнчлэн 1940-өөд оны дунд үед цорын ганц томоохон радиохимич, асуудлыг сайн мэддэг хүн нь Хлопин байсан болохоор түүний оролцоогүйгээр асуудлыг шийдэх боломжгүй байжээ.
“Радиохими” гэх шинжлэх ухаан албан ёсоор ердөө 1950-иад оны дундуур л бий болсон учраас шинжлэх ухаан талаасаа урдаа барих хүн Хлопин л байсан аж. Цөмийг хуваах, задлах арга ухааны онцлогийг тэр л гарцаагүй мэдэж байв. Түүний мэдлэг, удирдлагагүйгээр, гадны тусламжгүйгээр тэр түүхэн богино хугацаанд ЗХУ-д радиохимийн аж үйлдвэр, атомын эрчим хүч, атомын зэвсэгтэй болох тухай санахад ч бэрх юм. Тэрбээр өөрийн салбартаа чимээгүй хувьсгалч нь байсан гэж хэлж болно. Түүний хөлс хүчээ, мэдлэг оюунаа зориулсан салбар нь цэргийн урлагийн төдийгүй дэлхийн эрчим хүчний тухай төсөөллийг бүхэлд нь эргүүлж орхисон юм.
Р.Жаргалант