
Яруу найрагч Д.Нямсүрэн, С.Оюунчимэг, Т.Галсан нар
Улзын минь тунгалаг урсгал дээгүүр
Уртхан долгио татаж л байг ээ
Улсын минь сургууль нэмэгдэн олширч
Оюунтан багш нар шалгарч л байг ээ
Ариухан Улзын минь дэнж дээгүүр
Алагхан цэцгүүд найгаж л байг ээ
Айл бүгдийн гэр байшинд
Ардын минь соёл дэлгэрч л байг ээ
1922 онд Ардын засгаас буриадуудыг Монголын харьяат болгох шийдвэр гарч, тэр нь хоёр жилийн дараа л хэрэгжжээ. Тухайн үед жанжин Д.Сүхбаатар, зохиолч С.Буяннэмэх нар Улз нутагт ирж, Тээгийн толгойн орчим ард иргэдтэй уулзсан байна. Сүх жанжин “Элэг нэгт буриад зон монгол нутагтаа элбэг дэлбэг, сайн сайхан аж төрөх болтугай” гэсэн сайхан ерөөл хэлсэн гэдэг. Тиймээс Улз нутгийн буриадууд
Ардын засгаас хайрласан
Архан Улзын гоё гээш нь...
хэмээндуулдаг байжээ. Хэнтий, Дорнодын буриад зон Улз нутгийнхаа тухай олон арван дуу зохион дуулсан билээ. Ардын билэг авьяастнууд, дуучид, хуурчид, бэлэн цэцэн үгтэй хүмүүс ч олон байж. Өдийд дорнын хоймор нутгийнхан
Хавтгай цагаан Улз минь
Хавартаа намартаа дулаахан...
гэждуулалдан, хадландаа хэдийн гарчихсан, данагар данагар нуруу босгож, их ажлын ид хавыг үзүүлж байгаа. Ажилч хөдөлмөрч, дууч, авьяас билэгт зон билээ л. Улз нутгийн уран цэцэн өвгөд, хөгшид, бичиг, номын мэргэдийн түүчээ нь эрдэмтэн, зохиолч Дондогийн Цэвэгмид гуай. Энэ их хүмүүн бол Улз нутгийн ууган сургуулийн анхны сурагчдын нэг. Монголын багш нараас анх удаа Гавьяат цол хүртсэн алдартан билээ. “Хоньчин Найдан”, “Сурагч Ганбат” тууж, өгүүллэг, “Булшин дээр” найраглал, “Алтайн цаадах говьд”, “Алс өрнөд тивд”, “Гурван мянган арлын оронд” тэргүүтэйаян замын тэмдэглэлүүд гээд эрдэмтэн, зохиолч Д.Цэвэгмид гуай бүтээлүүд үлэмж арвин.
1923 онд анх байгуулсан, Улз голын буриад хошууны ууган сургуулиас эдүгээгийн Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумын ерөнхий боловсролын сургуулиуд салбарлан, ханаа шийрлэж, тулгаа тулсан байна. Энэ гурван сумын сургуулиас Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг онцлоход зохиолч, яруу найрагч, орчуулагч, кино найруулагч зэрэг 20 гаруй уран бүтээлч төрөн гарчээ. Монголын уран зохиолын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц бүтээл, туурвилын өвийг үлдээсэн олон уран бүтээлч Баян-Уулын сургуулийн төгсөгч хэмээн намтартаа бичсэн ньбий. Ахмад үеийн Дүлзэний Чойжамц, Баатарын Ёндон, Цэрэнгийн Зандраа, Чимэдийн Гомбо, Гүр базарын Амар, Цэндийн Бадамдорж, дунд үеийнхэн Тойсомын Галсан, Дашболхойн Дамбадаржаа, Батын Ренчин, Балжиннямын Зийдэгмаа, Самбуугийн Алтанцэцэг, тэдний залгамж ха лаа залуу үеийнхэн гээд нэрлэвэл урт жагсаалт болно.
1960-1980-аад оны Монголын уран зохиолын орчуулга, кино зохиолын хөгжилд Баян-Уулын төгсөгчид жинтэй хувь нэмэр оруулж, уран бүтээлийн үнэт өв үлдээжээ. Мөн Монголын уран зохиол дахь буриад зоны түүх, хэл, соёл, өв уламжлал, аж байдлын тухай агуулга, өгүүлэмжийг олон роман, туужаар баяжуулан хөгжүүлсний зэрэгцээ буриад аялгаар шүлгээ бичиж, роман туурвиснаар уран зохиолын хэлийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, одоо ч энэ уламжлал үргэлжилж байна.
УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГЫН ШАНГ ТАТАЖ, КИНО УРЛАГТ ШИНЭЧЛЭЛ ХИЙСЭН АХМАД ҮЕ
1940-1950-иад онд Халх голын, Дэлхийн II, Чөлөөлөх дайны шууд нөлөөгөөр бий болсон нийгмийн сэтгэлгээний өөрчлөлт уран зохиолд шууд тусаж байв. Дайн байлдааныг эсэргүүцсэн, энх тайван, эв нэгдлийг эрхэмлэсэн хувьсгалч, дайчин, эх оронч агуулгатай зохиолууд ихээр бичигдсэн. Элагуулга 1960 он хүртэл үргэлжилсэн юм. 1960-аад оны үеэс уран зохиол дахин шинэчлэгдсэн гэж судлаачид үздэг. Энэ үеийнхэн уран зохиолын өндөр боловсрол, мэдлэг эзэмшиж ирээд гадаадын зохиол бүтээлүүдийг ихээр орчуулах болсон юм. Энэ нь уран зохиолын уур амьсгалыг өөрчилж, уншигчдын боловсролыг дээшлүүлсэн. Нөгөө талаар сайн зохиолчид төрөн гарах нэг нөхцөл болжээ. 1960-1970-аад оны үе бол Монголын уран зохиолд туужийн төрөл зүйл хурдацтай хөгжсөн үе. 1921-1980 он хүртэлх нэгэн жарны турш гарсан бүх туужийн 90 орчим хувь нь энэ үед бичигдсэний 20 гаруй хувь нь 60-аад онд, 70 орчим хувь нь далаад онд гарчээ” хэмээн 1989 онд хэвлэгдсэн “Монголын уран зохиолын түүх” номд дурдсан бий.
Яг энэ үед Баян-Уулын сургуулийн төгсөгчдөөс анхны зохиолч, орчуулагчид төрөн гарч, уран бүтээлийн замд хөл тавьжээ. Тэрхүү анхны шанг татсан хүн бол зохиолч Дүлзэний Чойжамц байв. Тэрбээр 1940 онд Баян-Уулын бага сургуулийн дөрөвдүгээр ангийг төгсөөд Багш нарыг бэлтгэх сургууль, МУИС-ийг тус тус дүүргэн, монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшсэн аж. 1964 онд УлсынбагшийндээдсургуульдУран зохиолын тэнхимийг бие даалган байгуулахад тус тэнхимд багшилж эхэлжээ. Д.Чойжамц зохиолч энэ үед “Анхны аян” (1956), “Өглөөний сонин” (1962) номооуншигчдын гар дээр тавьчихсан байв. 2010-аад он буюу насан эцэс болтлоо зогсолтгүй туурвиж, ном бүтээлээ хэвлүүлжээ. “Тэргэл сарны баяр” (1974), “Манантах хязгаар тийш” (1974), “Цэцгийн хур” (1986), “Хиросимын эмээ” (1986), “Алтан ураг” (1995), “Өөдөө харвасан од” (1995), “Цээр” (1996), “Мандахын заяа” (1998), “Ган тулгын гал” (1999), “Мянганы хүн Чингис хаан” (2001), “Айлын заяа” (2000), “Удмын алтан хэлхээ” (2002), “Онцгой тавилан” (2005), “Гандашгүй мандарваа” (2006), “Эцгийн хүслэн үрд” (2009) роман, “Газар тэнгисээр”, “Хавтгай цагаан Улзамнай” (1997), “Нүүдэл” (2009) буриад зоны аж амьдралыг харуулсан тууж гээднийт 20-иод ном хэвлүүлсэн байна.
Д.Чойжамц зохиолчийн шилийг даран гарч ирж, Монголын уран зохиолд тод мөрөө үлдээсэн уран бүтээлч бол Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Г.Амар юм. Тэрбээр Баян-Уулын бага сургуулийн 1949 оны төгсөгч. 1958 онд МУИС-ийг дүүргээд Соёлын яамны Хэвлэлийн нэгдсэн редакцад редактораар ажлын гараагаа эхэлж, уг албандаа 33 жил тасралтгүй ажиллажээ. Ф.Достоевскийн “Дорд үзэгдэгсэд”, “Цагаан шөнө”, Н.Карамзины “Хөөрхий Лиза”, Ч.Айтматовын “Эхийн тал”, Ж.Сандын “Индиана хүүхэн”, “Консуэло” I, II, Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”, Г.Жуковын “Дурдатгал бодол” I, II зэрэг 60-аад том ном орчуулж, 80 гаруй хүний орчуулсан 120 гаруй номыг редакторласан, мөн Орос, Америк, Англи, Куба, Энэтхэг, Герман, Унгар, Чех, Болгар, Молдав, Казахстан, Кыргыз, Франц, Румын, Югослав, Австрали, Бразил, Дани, Австри, Итали, Египет, Польш, Украин, Латви, Эстони, Буриад, Якут зэрэг 30 гаруй орны зохиолчдын өгүүллэг, тууж, тэмдэглэл зэргийг орчуулсан нэрт дуун хөрвүүлэгч билээ. Гүрбазарын Амар гүүшийн яруу сайхан орчуулгагүйгээр Монголын уран зохиолын 1960-1990 он хүртэлх 30 жилийг төсөөлөх боломжгүй.
Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ, Ц.Хасбаатар нарын орчуулах эрдмээс суралцан дуун хөрвүүлэгч болсон Г.Амар гүүш дараа үеийнхээ Г.Аким, Л.Дашням тэргүүтэй орчуулагч, уран бүтээлчдийг төрөн гарахад хүчтэй нөлөөлж, нөмөрлөсөн байна. Түүний үеийн орчуулагчид дэлхий дахины уран зохиолын сор дээжсийг бараг бүгдийг нь орчуулан Монголынхоо уншигчдад өргөн барьсан гавьяатай.
Монгол киноны нэгэн сод, тод авьяастан, Соёлын гавьяат зүтгэлтэн, кино зохиолч, найруулагч Чимидийн Гомбо Баян-Уулын сургуулийн 1955 оны анхны 10 дугаарангийн төгсөгч юм. Тэрбээр 1961 оноос Монгол кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж эхэлжээ. “Халуун чулуу”, “Эр хүн зорьсондоо” зэрэг түүх хувьсгал, аж байдал, шинжлэх ухаан, байгаль, соёл урлагийн сэдэвт 60 гаруй нэрийн 260 бүлэг баримтат болон уран сайхны бүрэн хэмжээний хоёр кино найруулсан байна. Ч.Гомбо нь хамгийн анхны зохиолоо 1968 онд “Өвөлжих хун” нэртэйгээр бичсэнийг найруулагч Г.Жигжидсүрэн 1969 онд “Анхны алхам” нэртэй дэлгэцийн бүтээл болгосон билээ. Үүний дараа “Баянбулагийнхан”, “Хань”, “Моторын дуу”, “Гэрлэж амжаагүй явна”, “Эцгийн голомт”, “Эзэнгүй айл”, “Алтан хөрш” зэрэг уран сайхны кино зохиол болон улс орныхоо амьд түүхийн он дарааллыг бүрдүүлсэн олон арван баримтат киног бүтээсэн нь дэлхийн кино наадмуудаас зохих үнэлгээг авч байв. Тэрбээр “Гацуурхан” хүүхэлдэйн киноны, бас дууных нь зохиогч.
Зулзган ногоон гацуурхан
Зундаа өвөлдөө ногоорно оо
Хөлтэй их хотод маань
Хүчилтөрөгч бэлэглэнэ
Гацуурхан гацуурхан гацуурхан
Ганган ногоон гацуурхан гэсэн үгтэй
“Гацуурхан” дууг нь үе үеийн багачууд дуулж өссөн дөө.
Ч.Гомбо найруулагч “Анхны алхам” (1969), “Өөдөө хаясан чулуу” (1970), “Баянбулагийнхан” (1973), “Моторын дуу” (1973), “Хань” (1975), “Хүний төлөө” (1976), “Давааны цаана даваа” (1977), “Үүрийн цолмон” (1979), “Итгэл гомдол” (1980), “Гэрлэж амжаагүй явна” (1981), “Их замын тоос” (1985), “Эцгийн голомт” (1992), “То Ван” (1995 он) зэрэг 13 кино зохиол бичсэн юм.
“…Ч.Ойдов, Л.Ванган зэрэг жүжиг, киноны цуутай зохиолчид маань тэнгэрт хальснаас хойш Монголын тайз, дэлгэцийн урлагийн ертөнц зохиолын хувьд өрхийн тэргүүлэгчээ алдсан мэт өнчрөөд байж билээ. Харин 1960 оны сүүлч 1970 оны заагт “Анхны алхам” гэдэг кино гарсан нь үзэгчдийн сонирхлыг гойд татаж, улмаар Монголын кино урлагийн нэгэн шинэ содон үзэгдэл болж байв. Ганц майхан тойрсон цөөн хэдэн хүн, тэдний сэтгэлээс үзэгчид өөрсдийгөө танин мэдэж, цаг үе, нийгмийн өргөн хүрээтэй асуудал, тэрчлэн хувь хүний үүрэг хариуцлагын тухай бодоход хүргэсэн уг бүтээл чухамдаа манай үндэсний киноны зохиолд эргэлт гаргаж шинэ үеийг авчирсан юм. Ийнхүү Монголын кино зохиолд эрс өөрчлөлт хийсэн цаад эзэн нь Чимидийн Гомбо гуай байлаа. Тэрбээр Монголын киноны зохиолын хэвшмэл өгүүлэмж, загвар дүрийг эрс өөрчилсөн юм. Урьдах кино зохиолуудад ихэвчлэн үйл явдал тоочиж хүүрнэсэн өгүүлэмж зонхилдог байв. Харин Ч.Гомбо гуайн кино зохиолд үйл явдал бус, хүний оюун санаа, зан төрх, ахуй орчин голлох болсон. Өөрөөр хэлбэл, энэ нь монгол киног хүний сэтгэлийн гүнд хандуулсан хэрэг. 1960-аад оны орчин үеийн кинонд ажиглагддаг гэнэндүү, үнэмшлээр сул баатруудыг амьдралд ойр, өөрийн гэсэн үзэл бодолтой, Ч.Гомбо гуайн ухаалаг дүрүүд халсан юм” хэмээн судлаач Д.Мягмарсүрэн үнэлсэн байдаг.
Ч.Гомбын кино зохиолуудад буриад зоны ахуй амьдрал, буриад хүний дүр олон. “Анхны алхам”-ын Базар өвгөн (ГавьяатжүжигчинС.Цэрэндаш), “Баянбулагийнхан”-ы Мөнх өвгөн (С.Мэндээ) гэх мэт. Мөнх өвгөн хадландаа гаралгүй хойргошсон хүүгээ “Чи эмч болсноос эцэг миньболоогүй” хэмээн алгаддаг хэсэг бий. Содном эмч (АрдынжүжигчинЛ.Жамсранжав) аавдаа алгадуулаад “Аавын минь чадал хэвээрээ байна шүү” хэмээн хацраа илж байдаг. “Анхны алхам” дээр Базар өвгөн “Ийм залуушуудтай бол тэр коммунизм гээшийг нь барьж орхих сон” гэж өгүүлэх. Сийлсэн хос хунгаа сэтгэлтэй бүсгүйдээ өгч амжилгүй хоцорсон Болд (Ч.Хүрэл), сонинд гарсан мэдээ, зураг хараад “Ингээд л миний зураг байдаггүй юм” хэмээн гомдоллох Жүгдэр өвгөн (ГавьяатжүжигчинЁ.Шаравдоо). Энэ мэт үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон шигтгээ сцен түүний кинонуудад бий.
ИЛИАДАД НЭВТРЭХ ЖИМЭЭР ХОРЬ БУРИАДЫН ДОМГИЙГ МӨШГӨСӨН НЬ
Улз нутгийн билэг танхай авьяастан, яруу найрагч Ц.Бадамдоржийн Увс аймагт ажиллаж байхдаа бичсэн “Морь юм аа” гэдэг шүлэгт нь Цэдэв аялгуу зохиожээ. Энэ нь түүний зохиосон анхны дуу байв. Ц.Бадамдорж нь яруу найргийг төрөлх буриад аялгаараа туурвихаас гадна халимаг, тува, орос хэлээс яруу найргийн орчуулга хийж байв. Тэрбээр сонин хэвлэлд олон шүлэг хэвлүүлснээс гадна буриад хэлээр “Миний аав дархан хүн байсан” (1967), “Нютаг уhанай дуун” (1998), “Миний заяан” (2000) яруу найргийн номоо хэвлүүлжээ. Тэрбээр Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж, Р.Чойном, Ц.Гайтав, Д.Найманжин, С.Над мид, П.Бадарч, Б.Цэдэндамбаа нартай дотно нөхөрлөж, тэдэнтэй нэгэн үед яруу найргийн ертөнцөд хөл тавьж, уран бүтээлээ туурвиж явжээ.
Баян-Уулын сургуулийн өөр нэг төгсөгч, ахмад зохиолч Б.Ренчин 2004 онд “Улаалзайн тал” өгүүллэгийн түүвэр, 2007 онд “Агуу ихийн тал” өгүүллэг, эсээ түүвэр, 2009 онд “Балжан хатан” жүжгийн түүвэр, 2010 онд “Тархины бичээс” хэмээх цөөн үгтэй, мэргэн ончтой афоризмын түүврийг тус тус хэвлүүлсэн байна. Мөн “Сургамж, ухаарал, бодролын 108 эрих”, “Амьдрал үргэлжилнэ ээ”, “Монголын иргэн болохоор ирсэн хөвгүүн”, “Үл тасрах аргамж”, “Балжан хатан”, “Амьдрал агь шиг гашуун ч бас анхилуун”, “Цустай мөр” ном хэвлүүлжээ. Тэрбээр “Балжан хатан” түүхэн жүжгээ 2014 онд сумынхаа 90 жилийн ойгоор тайзнаа тавьсан юм.
Яруу найрагч Тойсомын Галсан 1998 онд “Хорь буриадын домгийн түүхэн үндэс” сэдвээр хэл бичгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан бөгөөд “Хорь буриадын домгийн түүхэн үндэс”, “Буриадын шилдэг ерөөл, амрагийн дуу”, “Баавай нар”, “Цагаан морин жил бид хоёр”, “Илиадад нэвтрэх жим” зэрэг яруу найраг, эрдэм шинжилгээ, судалгааны 20 гаруй ном, товхимол туурвиж, олон арван өгүүлэл бичиж түмний хүртээл болгосон эрдэмтэн, судлаач, зохиолч, яруу найрагч, багш хүн байв. Тэрбээр яруу найраг, тууж, өгүүллэг, хөрөг, нийтлэлийн номууд гаргаж, буриад ардын аман зохиол, түүхэн домог, ардын билэг зүйг судлан, эрдэм шинжилгээний өгүүллүүд бичиж, уран зохиол, сэтгүүл зүй, эрдэм судлалын хос морьтой, олз омогтой, онгод бүтээлтэй явсан уран бүтээлч билээ. Тойсомын Галсан найрагч “Улаанбаатар” их сургуульд багшилж байхдаа оюутан цагийн ангийн андууд Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, утга зохиол судлаач, шүүмжлэгч Чойжилжавын Билигсайхан, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямаа нарын хамт ӨмнөдСолонгосын Дорнын утга зохиолын академитай холбоо тогтоож, хоёр улсын зохиолч, уран бүтээлчдийн байгууллагын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, залуу үеийнхэндээ гадаад ертөнцөд уран бүтээлээ таниулах замыг нь засаж өгснийг хүндэтгэн дурсах учиртай.
ДУГАРАА ДУНДРАХГҮЙ, ДУУ БҮДЭГРЭХГҮЙ
Улзын мэргэн харваачид улсдаа алдартай. Тэр дундаа Дорнод аймгийн Баян-Уул сумаас үндэсний сурын гурван дарханмэргэн тэргүүтэй улсын 18 мэргэн төрөн гарсан. Үүн лүгээ адил Баян-Уул нутгаас утгын мэргэд мөн олон төрсний заримыг энд дурдлаа. 1939 онд Баян-Уулын сургуулийг төгссөн Баатарын Ёндон Ага нутгаас нүүж ирсэн, Улз нутгийн буриад зоныхоо тухай “Хувь заяаны яргуй” гэж роман бичсэн байдаг. Буриадуудын нүүдэл суудал, бэрхшээл сорилт, хэлмэгдэл, хавчигдал, баяр, гуниг, жаргал, зовлонг өгүүлсэн уг романд Ага, Үлирэнгэ нутгийнхны аман билэг, ардын дуу, ерөөл магтаалыг шигтгэн оруулснаараа үнэ цэнтэй.
...Тэрэлж модны оройгоор
Тэхэрэх л шувуун хөөрхий
Тэрүүхэн зоны дунд
Манай ах нар хөөрхий
Бургас л модны оройгоор
Буцах л шувуун хөөрхий
Бултахан зоны дунд
Манай ах нар хөөрхий...
…Хавтгай цагаан Үлирэнгэдээ
Хариад ирж ч магад даа
Ханилсан ганц амраг минь
Хоёулаа уулзаж ч магад даа
Өргөн цагаан Үлирэнгэдээ
Эргээд ирж ч магад даа
Үелсэн ганц амраг минь
Уулзаж ч хоёул магад даа…
гэх мэт ардын дуу,
...Өндөр Суураан суудалтай
Өргөн Үлирэнгэ гүйдэлтэй
Олон булаг ундаатай
Оожир Сүхээт шунгалгатай
Ханан улаан харайдалтай
Хажуу Мөргөцөг түшлэгтэй
Хан буурал найж минь
Харьж наддаа морилооч...
гэсэн бөөгийн дуудлага хүртэл энэ романд бий.
Баян-Уулын дунд сургуулийн 10 жилийн анхны төгсөгч, ХААДС-ийн анхны төгсөгч Л.Намсрай Японы алдарт зохиолч Саньютэй Энтёгийн “Цээний цэцгэн дэнлүү” туужийг орос хэлнээс орчуулан 10 гаруй жилийн өмнө хэвлүүлсэн байдаг. XVII-XVIII зууны үеийн Японы нийгмийн амьдрал, самурай нарын баримталдаг нарийн ёс жаяг, тэдгээрт тохиолддог адал явдлуудыг өгүүлэх уг туужаас сэдэвлэж, Хөвсгөл аймгийн Хөгжимтдрамынтеатрын ерөнхий найруулагч Б.Доржжанцангийн зохиол, найруулгаар “Улаан шөнө” уянгын драмын жүжгийг 2025 оны гуравдугаар сарын 27-нд тайзнаа амилуулсан юм.
Ийнхүү Баян-Уулын зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийн дугараа үл дундарна. “Буриад ардын дууны хэл, соёлын судалгаа” сэдвээр хэл, бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан яруу найрагч С.Алтанцэцэг яруу сайхан буриад аялгат дууны уран бүтээлүүдээ туурвиж, зохиолч Б.Зийдэгмаа “Баханайн hамган” (2024) романаа буриад аялгаараа хэвлүүлжээ.
Баян-Уул нутгийн хүү, залуу яруу найрагч Батзанын Ононбаатар “Сар уулсыг элээнэ” нэртэй яруу найргийн түүвэртээ
...Монос цэцэглэх зүгт нутаг минь бий
Морин дэл шиг уулс сүндэрлэн буй...
...Дов толгодыг тань эмжсэн зам харгуйд
Миний нүцгэн хөлийн мөр буй
Догшин мөрний тань цэнгэг усанд
Миний биеийн хээ буй... хэмээн бичиж, Монголын яруу найргийн нэн шинэ үеийнхний уран үгсийн төгөл дунд Онон, Улзынхаа долгио мэт онгодын хаялга түрэн байна.
Г.Сонинбаяр