УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Учралыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон гишүүдийн 82.5 хувь нь дэмжсэнээр Н.Учралыг УИХ-ын даргаар томилсон тогтоол батлагдлаа.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж буй тухай тус бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулав. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын товч намтрыг танилцуулж, түүний парламентад ажилласан байдал, боловсрол, мэдлэг, туршлага зэргийг харгалзан, МАН-ын Удирдах зөвлөл болон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг үндэслэн нэр дэвшүүлж буйг тодорхой дурдсан билээ.