Энэ оны элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд өчигдөр эхлүүллээ. Монголын түүх, англи хэл, хими, газар зүй, нийгэм судлал, биологи, математик, физик, орос хэл, монгол хэл гэсэн 10 хи чээлээр шалгуулах боломжтой бөгөөд энэ сарын 28 хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн 30, орон нутгийн 25, нийт 55 шалгалтын төвд Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулж байна. Шалгалтын цахим бүртгэлд нийт 49 014 шалгуулагч бүртгүүлжээ. Өчигдөр 10.00 цагт эхлүүлсэн “Монголын түүх” хичээлийг 1511 хүүхэд сонгосон бол 14.00 цагт зохион байгуулсан англи хэлний шалгалтад 33 177 хүүхэд бүртгүүлсэн байна.
Шалгалтад гар утас, таблет, ухаалаг цаг, ном, дэвтэр, ноорог цаас, бал, томьёоны хураангуй, тооны машин, чихэвч зэрэг саад болох эд зүйлс авч орохыг хоригложээ. Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг Боловсролын үнэлгээний төвөөс өгөх аж. Шалгалтын цаг дууссаны дараа материалыг хураан авч битүүмжлээд, шууд засалтын танхимд хүүхдүүдийг оруулж шилэн технологи ашиглан анхны оноог зарлах юм байна. Харин хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор шалгуулагчийн буланд байршуулах гэнэ.
Шалгуулагчид бүртгэлийн хуудас (өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авах)-аа заавал авч очих ёстой. Мөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичигтэй байх юм. Сандарч, мэгдсэн хүүхдүүд бичиг баримтаа мартах, цагаасаа хоцрох зэргээр багагүй асуудалтай тулгардаг тул тэдэнд хүндэтгэлтэй хандаж, тусалж дэмжихийг зохион байгуулагчид нь уриалав.
Ч.Цэлмэг