Люксембургт өнгөрсөн пүрэв гарагт болсон Европын холбоо (ЕХ)-ны гишүүн орнуудын Уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын асуудлаарх сайд нарын хэлэлцүүлэгт гурван сартай нярай хүүхэд “оролцсон” нь анхны тохиолдол болжээ. Тодруулбал, Шведийн Уур амьсгалын сайд Ромина Пурмохтари өөрийн хүү Адамыг тус хуралд дагуулан ирсэн нь эмэгтэйчүүдийг ажил, гэр бүлийн аль нэгийг сонгохоос аргагүй байдалд хүргэдэггүй бодлогын ач холбогдлыг харуулах зорилготой байсан аж. Өдгөө 30 настай Пурмохтари 2022 онд уг албан тушаалд томилогдохдоо Шведийн түүхэн дэх хамгийн залуу сайд болсон юм. Тэрбээр ажилдаа ороод удаагүй бөгөөд түүний нөхөр ирэх есдүгээр сард болох сонгууль хүртэл хүүхдээ харж буй гэнэ. Тус улсын хууль тогтоомжийн дагуу эцэг, эхчүүд ойролцоогоор 16 сарын цалинтай чөлөө эдлэх эрхтэй. Үүнээс 90 хоногийг тусгайлан “Аавын сарууд” хэмээдэг байна. Пурмохтаригийн үзэж буйгаар гэр бүлд ээлтэй бодлого гэдэг нь зөвхөн татварын мөнгөөр чөлөөг илүү урт хугацаанд санхүүжүүлэх тухай бус, Засгийн газар эцэг, эхийн амралтыг илүү уян хатан хуваарилах боломжийг бүрдүүлэх, хүүхэд харах үйлчилгээний хүртээмж, өртгийг сайжруулахад ч анхаарах тухай аж.
Д.ХЭРЛЭН