Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй ч эрх зүйч, гаалийн чиглэлээр их, дээд сургууль төгсөгчийн ажлыг хийж яваад улс төрд хөл тавьсан Б.Пүрэвдорж төрөлх нутгаасаа хоёронтоо сонгогдоод, 2024 оны томсгосон тойрогт баруун бүсийн Ховд, Увс, Говь-Алтайнхны төлөөлөл болж гурав дахиа хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байна. Ховд аймгийн Зэрэг сумд 1973 онд төрсөн тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1994 онд төгсөн дээрх мэргэжлийг эзэмшжээ. 1995 оноос Баян-Өлгий аймгийн, дараа нь Буянт-Ухаа боомт болон Улаанбаатар хот дахь Гаалийн газарт байцаагч, албаны дарга зэргээр дэвшин ажиллаж байв. Энэ үедээ АН-д элсэж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн татаасаар 2009 онд Ховд аймаг дахь тус намын дарга болсон гэдэг. Олонд төдийлөн танигдаагүй гаалийн байцаагч 2012 онд гэнэт Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын, нэрийг нь 2015 онд өөрчилж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ) хэмээхэд ч даргаар нь улираасан. Энэ үед авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бараан түүх бий. 2021 онд түүнийг яллагдагчаар татаж, тогтоолыг нь танилцуулсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын шийдвэрээр өнгөрсөн жил хаав. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас нүүрс тээвэрлэдэг БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль тогтоомж зөрчиж, энгийн тарифаар буюу нэг хүнээс 126 000 төгрөг хураах үүргийг ИХШХЕГ-ын дарга байхдаа Б.Пүрэвдорж ажилтнууддаа өгсөн. Үүнээс нь болж 2013 оны арваннэгдүгээр сараас 2014 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд улсын төсөвт төвлөрөх ёстой байсан 38.5 сая төгрөг ороогүй. Мөн БНХАУ-ын таван иргэнд яаралтай горимоор буюу нэг хүнээс 504 000 төгрөг хураах ёстой байхад энгийн тариф болох 252 000 төгрөг авч виз олгуулсан, дээрх хоёр үйлдлийнх нь улмаас улсын төсөвт 40 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Түүнчлэн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль зөрчсөний улмаас улсын төсөвт 236.5 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн Б.Пү рэвдоржийг шалгаж, шүүхийн дэнсээр жинлүүлэлгүй хэрэг нь мартагдан, эцэстээ хэрэгсэхгүй болсон юм.
Мөн тэрбээр “Ковид”-ын үеийн хөл хориотой байх үед буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны 22.55 цагийн үед Хан-Уул дүүргийн II хорооны нутаг, АПУ компанийн хойд замд тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож яваад иргэн Д.Э-ын эзэмшлийн “Приус-20” загварын автомашиныг мөргөсөн. Улмаар цаашаа явж, явган болон автозамыг тусгаарласан гурван хайс эвдэн дайрч, машин нь шатсан билээ. Маш хурдтай “нисэж” буй бичлэг нь тухайн үед олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Түүний унаж яваад осолдож, шатсан автомашин нь АСЕМ-д зориулан “Моннис” компанийн оруулж ирсэн “Ниссан тиана” загварын тээврийн хэрэгсэл байв.
Эдгээрээс гадна Б.Пүрэвдорж хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхээ нэр дээр бүртгэлтэй, Ховд аймгийн Зэрэг сум дахь үл хөдлөх хөрөнгөө төрд буюу нутагт нь байгуулсан цэргийн ангид “шахах” гээд амжилт олоогүй юм даг. Байрлалын хувьд ч, эдийн засгийн үр өгөөж нь ч алдагдалтай байсан тус ротыг удалгүй татан буулгаснаар мань гишүүний “халаасанд” орох мөнгө ч үгүй болсон гэдэг.
Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий хүн буюу төрсөн эгчийнх нь нөхрийн “Жинст транс” ХХК Засгийн газрын “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Мал хамгаалах сангаас 1.3 тэрбум төгрөг авчхаад хугацаанд нь эргүүлэн төлөхгүй “мурьсан”, “Баруунмонгол интернэйшнл” гэх компаниараа дамжуулж махны үйлдвэр барихаар Орон нутгийн хөгжлийн сангаас 350 сая төгрөгийн зээл аваад төлөөгүй гэсэн мэдээлэл ч байдаг.
Эрх баригч МАН-ын үе үеийн Засгийн газар, үнэмлэхүй олонхоороо хүч түрж, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргахыг оролддог үйлдлийнх нь эсрэг Б.Пүрэвдорж сөрөг хүчний дуу хоолойгоо хэнд ч хориулж цагдуулалгүй хүргэдэг сайн тал түүнд бий. Тэрбээр 2024 онд УИХ-ын гишүүн, дэд даргаар сонгогдсоноос хойш олны эсэргүүцэл, хэл амны бай болсон Нарансэвстэйн боомтыг сэргээн нээх, Тамхины хяналтын, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоолын төсөл боловсруулж, өргөн барьж, зарим нь дэмжигдээгүй. УИХ-ын дэд дарга Б.Пү рэвдорж тойрогтоо ажиллах үедээ өөрөө дуулж буй бичлэг цахим орчинд тархаж, “Жолооч, туслахтайгаа гурвуулаа яваад л уулзалтаа хийдэг” хэмээн тайлбарласан удаатай.
МАН-ын дотоод хямралын үед УИХ-ын дэд даргын хувиар чуулганы хуралдааныг удирдаж, улсын төсөв хэлэлцэх үеэр АН-ынхан хуулийн шаардлага хангахгүй хэд хэдэн хөрөнгө оруулалтыг багтаасан нь мань хүний эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзэх хүмүүс ч гарч байв. Энэ мэтээр хууль, журам зөрчсөн элдэв үйлдэл гаргадаг ч хариуцлага хүлээж байсан нь үгүй.