“Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер, судлаач П.Бадамрагчаатай шүүхийн индексийн өөрчлөлт болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.
-“Нээлттэй нийгэм форум”-ын санаачилгаар хоёр жил тутамд “Монгол Улсын шүүхийн индекс”-ийн үр дүнг танилцуулдаг. Эл судалгааг нийт гурван удаа хийсэн. 2025 онд Монгол Улсын шүүх 100-гаас 57.33 оноо авч, өмнөх үнэлгээнээс даруй 4.11 оноогоор ахижээ. Үүнд нөлөөлсөн гол үзүүлэлт, хүчин зүйл юу байв?
-Манайх шүүхийн индексийг анх 2021 онд гаргасан бөгөөд үүнээс хойш хоёр, хоёр жилийн хугацаатай танилцуулж байна. Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг олон талаас нь дэлгэрэнгүй байдлаар үнэлэх, хараат бус, хөндлөнгийн судалгааны арга ашигласан. Судалгаагаар шүүхийн үйл ажиллагааг тоон утгаар илэрхийлэхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, 100 оноо авахаас хэдийг нь авсан бэ гэдгээр тодорхойлж байгаа юм. Шүүхийн үйл ажиллагаа 2021 онд 51.94, 2023 онд 53.22 оноотой үнэлэгдэж, маш бага хэмжээгээр өссөн. Мөн энэ оны шүүхийн индекс өмнөх үнэлгээнээс 4.11 оноогоор нэмэгдсэн. Шүүхийн үйл ажиллагаа дунджаас бага зэрэг дээгүүр байна гэсэн л үзүүлэлт. Харин үүнийг зургаан үндсэн хэмжигдэхүүнээр тодорхойллоо. Шүүхийн эрх хэмжээ, хараат бус байдал ямар байна, бусад засаглалтай харьцуулахад хэр бие даасан, хяналт, тэнцлийн зарчмыг хэрэгжүүлж чадаж байна уу гэдгийг гаргаж ирэхийг зорьдог.
Эл үзүүлэлт 2023 оныхоос 5.86 оноогоор нэмэгдсэн. Ер нь шүүхийн нээлттэй, ил тод байдал нь эдгээр зургаан хэмжигдэхүүнээс өндөр гардаг. Иргэд олон нийт, мэргэжилтнүүд шүүхийг харьцангуй нээлттэй гэж үздэг гэсэн үг. Тухайлбал, энэ үзүүлэлт 2023 онд 62.3, 2025 онд 65.83 гэсэн оноотой байна.
Дараагийн чухал үзүүлэлт нь шүүхэд итгэх олон нийтийн итгэл. Үүнд олон нийт ихэд анхаарч, ач холбогдол өгдөг. Оноо нь ч нэлээн савлагаатай байдаг. Олон нийтийн итгэл нөхцөл байдлаас их хамаардаг нь анзаарагддаг юм. Тухайлбал, 2021 оны буюу анхны үнэлгээгээр 53.17 оноотой байсан бол 2023 онд буурч, 48.04 болсон. Харин 2025 онд 55.73 буюу 7.33 оноогоор нэмэгдсэн. Шүүхэд итгэх итгэлийг гурван үндсэн эх сурвалж буюу олон нийт, хуульчид, захиргааны статистик мэдээнд тулгуурлан гаргадаг юм. Олон нийтийн итгэл бол илүү төсөөллийн буюу санал асуулгын судалгаанд суурилдаг. Хуульчид “Шүүхийн тогтолцоо, шүүгчийн ур чадварт итгэж байна уу” гэх асуултад нэлээд өндөр итгэл үнэмшилтэй байсан. Тэгвэл зөвхөн хуульчдын хувьд ийм байна уу гэхээр олон нийтийн тухайд ч эл үзүүлэлт таван оноогоор нэмэгджээ.
Шүүгчийн ёс зүй ба хариуцлагын байдлын үнэлгээ анхны судалгаагаар 45 оноо л авч байсан. Энэ цаг хугацаа нь 2021 он буюу Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дөнгөж баталсан, Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан үе. Үүнээс хойш буюу Шүү хийн сахилгын хороо үйл ажиллагаагаа эхлүүлсэн хоёр жилийн хугацаанд дээрх үнэлгээнд ахиц гарч, 2023 онд 58 оноо болж өссөн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн сахилгын хороог тусад нь ажиллуулсан нь үр дүнтэйг индекс харуулж байна. Энэ үзүүлэлт 2025 онд 61.83 болж ахисан нь шүүхийн нээлттэй, ил тод байдлын дараа, хоёрдугаарт бичигдлээ.
-Тэгвэл хамгийн бага оноо авсан үзүүлэлт аль нь бол?
-Шүүхийн дэд бүтэц, нөөцийн асуудал. Эл үзүүлэлт нь анх 44 оноотой эхэлж, 2023 онд 43 болж буураад, 2025 онд 50 болсон. Өмнөх жилүүдэд тааруу үнэлэгдсэн нь 2024 он хүртэл шүүхийн дэд бүтцийг сайжруулах талаар төсвийн дэмжлэг байгаагүйтэй холбоотой. Шүү хийн хөрөнгө оруулалтын төсвийг батлахгүй 10 орчим жил явсан. Гэтэл шүүгчийн шийдвэрлэж буй хэрэг, маргаан өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгджээ. Жилд 70 орчим мянган хэрэг шийдвэрлэж байсан бол 160 гаруй мянга болж өссөн. 2025 онд гэхэд өмнөх онд шийдвэрлэсэн хэргээс даруй 30 мянгаар нэмэгдсэн байна. Шүүгчийн шийдвэрлэж буй хэрэг, маргаан ийн жил ирэх бүр өндөр хувиар нэмэгдсээр. Гэтэл хүний нөөц хангалттай биш. Тэднийг багтаах, ажиллуулах байр сав ч байхгүй. Хүн ажиллах таатай орчин, нөхцөл бүрдүүлээгүй байхад ажиллах хуульч ховор шүү дээ. Өөрөөр хэлбэл, шүүгчийн албан тушаалд сайн хуульчид өрсөлдөхөд ажиллах орчин зарим талаараа саад тотгор болж байна. 2024 онд Шүүх эрх мэдлийн хөгжлийн хөтөлбөрийг баталж, анх удаа хөрөнгө оруулалтын төсөвтэй болгосноор эхнээсээ байраа засаж, шинээр барьж эхэлсэн.
Мөн шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа нь гурван удаагийн судалгаанд жигд буюу 53 орчим хувьтай, ахиц дэвшил багатай байна. Үүгээр шүүх хэрэг, маргааныг хэр хурдтай, иргэдэд төвөг чирэгдэл багатай шийдвэрлэж буй, эсэхийг тодруулдаг. Мөн статистик баримтад тулгуурладаг буюу он дуусахад шийдвэрлээгүй хэрэг хэд байна, ажлын ачаалал гэх зэргийг бодит тоогоор илэрхийлсэн үр дүнд гарч ирдэг. Ерөнхийдөө шүүхийн талаар хамаарах асуултад 2000 иргэнээс хариулт авсан. Ингэхдээ шүү хээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлж байсан 300 хүнийг сонгож хамрууллаа. Зөвхөн олон нийтийн санал асуулгаар шүүхийг үнэлбэл ямар байх вэ гэдэг төсөөллийг ч мөн гаргасан. Эл үнэлгээний оноо 2021 онд 54.86, 2023 онд 51.79, 2025 онд 57.25 байна. Энэ нь шүүхийн индексийн ерөнхий оноотой ( 57.33) их ойрхон.
ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛААС ШҮҮХЭД ИРЖ БУЙ ХҮЧТЭЙ ДАЙРАЛТУУД СААРСАН
-Шүүхийн амин сүнс бол олон нийтийн итгэл. Олон нийтийн шүүхэд итгэх байдал 2025 онд өмнөхөөсөө 7.33 оноогоор дээшилсэн. Энэ хоёр жилийн хугацаанд иргэдийн итгэлийг юу ингэж нэмэв гэдэг нь сонирхолтой байна.
-Сүүлийн хоёр жилд шүүхийн салбарт юу болж өнгөрөв гэдгийг дүгнэж үзсэн. 2024 оноос хойш салбарын бодлогын томоохон баримт бич гүүдийг батлуулж, эрх зүйн орчныг сайжруулжээ. Тухайлбал, Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталж, тогтолцоонд нь өөрчлөлт орууллаа. Шүүхүүдийн зохион байгуулалтыг ч өөрчилсөн. Гэр бүл, хүүхдийн хэргийн болон хялбар ажиллагааны шүүхийг дээрх хугацаанд байгуулав. Олон нийтийн итгэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж буй мэдээ, мэдээллээр удирдуулдаг юм байна. Тухайн цаг үед ямар агуулгатай мэдээлэл түгээж байсан бэ гэдгийг авч үзвэл бас сонирхолтой.
-Шүүх хурлыг товлосон цагт нь явуулдаггүй, олон удаа хойшлуулдаг нь иргэдийг залхааж, шударга шийдвэр гаргана гэсэн хүлээлтийг сааруулдаг. Нэгэнт шүүгчийн ачаалал их гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?
-Эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн шүү хэд нэг жилийн дотор нийт 30 мянган хэрэг шинээр нэмэгдэж байна. Жишээ нь, өнгөрсөн онд эрүүгийн хэрэг 1000, иргэнийх 21 000, захиргаа, зөрчлийнх 9000 орчмоор нэмэгджээ. Гэтэл шүүг чийн тоо бараг нэмэгдээгүй. Манай улсын шүүх 2020 онд 89 635 хэрэг, маргаан шийдвэрлэж байсан бол 2025 онд 167 990 болжээ. Ачаалал хоёр дахин ихэссэн байхад шүүгч, захиргааны ажилтны тоо нэмэгдээгүй. Харин өнгөрсөн онд шүүхийн захиргааны ажилтнуудын цалинг тодорхой хэмжээгээр нэмлээ.
Дээр дурдсанчлан “шүүхийн үр ашигтай ажиллагаа” гэсэн хэмжигдэхүүний тухайд хугацаа хамгийн хурцаар тавигддаг. Тухайлбал, “Хэрэг, маргааныг аль болох богино хугацаанд шийдвэрлэж чаддаг уу” гэсэн асуултад “Тийм” гэж хариулсан иргэний тоо буурсан нь үүний нотолгоо. Хэрэг, маргааныг бууруулах чиг үүрэг бол дан ганц шүүхийнх биш. Иргэдийн эрх зүйн боловсрол, хуулийн салбарынхны үйлчилгээг сайжруулах нь гүйцэтгэх засаглалд хамаатай. Өөрөөр хэлбэл, бидний судалгаа шүүхийн “нүүр царай”-г харуулсан ч цаана нь бусад салбарын асуудал амжилтгүй байгааг илчилж буй юм.
-Шүүгч, прокурорууд өмгөөлөгчдөөс шалтгаалж, шүүх хурлыг хойшлуулдаг гэдэг. Өмгөөлөгчид болохоор өөр зүйл ярьдаг. Судлаачийн хувьд шүүх хурлыг цагт нь явуулах боломжийг хэрхэн харж байна. Тухайлбал, Хятадад шүүх хурлууд нь яг товлосон цагтаа болдог, хуульчид нь фирмийн зохион байгуулалтаар ажилладаг гэдэг.
-Энэ талаар хийсэн тухайлсан нарийн судалгаа байхгүй, их төвөгтэй асуудал. 2017 оны шүүх хуралдааны ажиглалтын дүр зураг нэг их өөрчлөгдөөгүй байх. Тухайн үед шүүх хуралдаан хойшилж буй шалтгааны 60 орчим хувь нь өмгөөлөгчдөөс хамаардаг, 30 орчим хувь нь прокурор, 10 орчим хувь нь шүүхээс шалтгаалдаг гэсэн статистик гарч байв. Шүүхийн үйл явцад тухайн хүний эрхийг хамгаалж буй өмгөөлөгч шаардлагатай процессын дагуу нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах гэх мэт хүсэлт өгч болно. Шүүхийн хувьд процессын хуулийн дагуу гаргаж байгаа талуудын хүсэлтийг хуулиас гадуур татгалзах боломжгүй. “Хурал хойшлуулъя” гэсэн өмгөөлөгчийн хүсэлтээс татгалзах юм бол процессын хууль зөрчсөн, шүүгч өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй байна гээд өмгөөлөгч гомдол гаргадаг. Нөгөөтээгүүр, шүүгчийн ачааллаас үүдэж, хэргийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж чаддаггүй. Танхимын хүрэлцээ хангалтгүй гэсэн шалтгаанаар хойшлох нь ч бий.
-Өөр нэг асуудал нь шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй. Энэ нь бүх шатны шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан уялдаа холбоогүй ажиллаж буйг харуулж байна. Энэ тухайд та юу хэлэх бол?
-Статистик мэдээгээр бол шүүхийн шийдвэр биелэлт 50-иас дээш хувьтай гарч байгаа. Гэтэл шүүхийн шийдвэр 100 хувь биелэх ёстой шүү дээ. Жил бүрийн багахан ахицыг “сайн” гэж харж болохгүй. Өөрөөр хэлбэл, 100 шийдвэрийн 51-ийг нь л биелүүлж байна гэсэн үг. Шүүхээр шийдвэрлэж буй хэрэг, маргааны тоо байнга хөдөлж байдаг. Энэ нь нийгмийн толь болдог. Цахим залилангийн хохирол хэдэн арван тэрбум төгрөгт хүрсэн. Мөн гэрээний үүргээ биелүү лэхгүй байх тохиолдол их гарч байна. Ажил гүйцэтгүүлчхээд төлбөрөө төлөхгүй байх асуудлаас үүдэж, иргэний хэрэг, маргааны тоо ихэссэн. Үндсэндээ хүмүүс төлбөрийн чадваргүй болсон гэсэн үг. Эдийн засгийн хүнд байдал нь шүүхийн үйл ажиллагаагаар илэрч байна. Өөрөөр хэлбэл, шүүхэд хандаж буй хүний тоо нэмэгдэх нь амьдрал хэцүү байгаагийн илрэл болдог. Эдийн засгийн байдал, иргэдийн эрх зүйн боловсрол сайжирвал хэрэг, маргаан буурна. Иймээс хэт олон шүүгч ажиллуулбал хожим цомхотгоход амаргүй. Нөгөөтээгүүр, батлагдсан орон тооноосоо 100 гаруй шүүгч дутагдаж байна. Энэ орон тоогоо гүйцээж, 600 гаруй шүүгчтэй бол чихвол бас учиртай. Гэтэл сайн хуульчид шүүхэд ажиллах сонирхолгүй байна. Шалгалтыг нь давдаг хуульчид цалинг нь голж, хэн нэгний дарамт шахалтгүй, олон нийтийн шүүмжлэлд өртөхгүй байхыг илүүд үзэх болсон байна. Цалингаар нь татаж чадахгүй юм гэхэд аюулгүй байдал, нэр хүндээр нь сайн хуульчдыг татах ёстой.
ЕРӨНХИЙЛӨГЧИД ТОМИЛГООГ БАТЛАМЖИЛДАГ ЭРХ, ҮҮРЭГ НЬ Л ҮЛДСЭН
-Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг сонгох, томилох асуудал олны анхаарлын төвд байлаа. Учир нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс улбаалж, тухайн үед Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг улираан томилох, эсэхэд багагүй маргаан өрнөсөн. Харин тэрбээр нэр дэвших эрхээ эдлэхгүй гэдгээ зарласнаар шинэ нэр дэвшигч тодорсон. Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшүүлсэн Ц.Цогтыг Ерөнхийлөгч томилох уу гэсэн хүлээлт олон нийт болон хуульчдын дунд үүссэн. Төрийн тэргүүн ингэж бүх шатны шүүгчийг томилох нь хараат бус байдалд нь нөлөөлж буй хэрэг биш үү?
-Шүүгчийн томилгоо, сонгон шалгаруулалтын талаар манайх олон судалгаа хийсэн. Таны асуусан, олон нийтийн шүүмжлэл дагуулдаг шүүхийн бүх томилгоог Ерөнхийлөгч “баздаг” байдлыг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрч лөлтөөр зогсоосон. Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийнхнийг бас Ерөнхийлөгч томилдог байсан. Шүүхийн сахилгын хороо буюу хуучнаар Ёс зүйн хорооныхныг мөн бүгдийг нь Төрийн тэргүүн томилдог байсан. Өөрөөр хэлбэл, шүүгч сонгон шалгаруулалт, хараат бус байдлыг хангахтай холбоотой бүх асуудал нэг улс төрчийн гарт төвлөрсөн байна гэсэн шүүмжлэлд үндэслэж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.
ШЕЗ 10 гишүүнтэй. Үүний тавыг нь шүүгчид дотроосоо дотоод ардчиллын журмаар сонгон шалгаруулдаг, үлдсэн таван хүний орон тоонд шалгуур хангаж байгаа хэн ч нэрээ дэвшүүлж болно. Үүнийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Тамгын газрынхан зохион байгуулж, нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу нарийв чилсан журмаар явуулдаг. Өнгөрсөн оны сүүл чээр шүүхийн ШЕЗ-ийн дөрвөн орон тоонд сонгон шалгаруулалт нээлттэй зарлаж, сонсгол зохион байгуулсан. Тэднээс хоёрыг нь УИХ сонгох боломжгүй гэж буцаасан. Одоогоор ШЕЗ найман гишүүнтэй ажиллаж байна. Үүнтэй адил журмаар Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуульд заасны дагуу есөн гишүүнтэй байгуулна. Үүний тав нь шүүгч бус гишүүн. ШЕЗ-ийн гишүүн дөрөв, Шүүхийн сахилгын хорооных зургаан жилийн хугацаагаар сонгогддог.
Д.Ганзориг шүүгчийн тухайд улиран томилогдох асуудал үүссэний дараа салбарынхны дунд яриа, хэлэлцүүлэг өрнөх үеэр нэрээ дэвшүү лэхээс татгалзсан нь шүүхийн институцийн нэр хүндийг бодож, энэ цаг үеэ мэдэрсэн шийдвэр болсон гэж би хувьдаа үздэг. Урьд нь Дээд шүү хийн ерөнхий шүүгчийг томилох асуудал маш хаалттай, хурдан болж өнгөрдөг байв. Харин олон нийтийн дунд янз бүрийн шүүмж, хэлэлцүүлэг гарч байгаа нь ардчилсан улсад байдаг л жишиг. Буруу зөв, сайн, муу гэж хэвлэл мэдээллийнхэн ч хэлэлцүүлэг өрнүүлж буй нь сайн жишээ.
Ер нь бол Монгол Улсын Ерөнхийлөгчид шүүгчийн томилгоог батламжилдаг эрх, үүрэг нь үлдсэн. Урьд нь ШЕЗ-өөс шүүгчээр томилуулах саналтай хүнийхээ нэрийг өргөн барихад Ерөнхийлөгч татгалзаад буцаачихдаг байсан. Одоо бол буцаах тохиолдолд заавал хуульд нийцсэн үндэслэл гаргаж өгөх ёстой.
-Ямар нэгэн хуулийн үндэслэл, шалтгаангүй бол буцаах эрхгүй байх нь ээ?
-Тийм ээ. Энэ хүнийг ийм учир шалтгааны улмаас гээд заавал бичгээр, тодорхой өгөх ёстой. Үүнийг ШЕЗ хүлээж авч, хуралдаад дахин шалгаж, дараагийн хүнийг сонгох, эсвэл үндэслэл нь ташаа байвал Ерөнхийлөгчид дахин хандаж болно. Энэ нь Ерөнхийлөгчийг өөрийн дур зоргоор ажиллахаас сэргийлж буй хэрэг юм.
-Авлига, ардчилал, хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс ухралттай байгаа. Энэ нь буцаад шүүх засаглалтай холбогддог. Тухайлбал, улс төрчид бие биеийнхээ булхайг илчилж, гэмт хэрэг үйлдсэн хэмээн ярьдаг шүү дээ. Үүнийг хууль, шүүхийнхэн шалгах ёстой биз дээ?
-Шүүхэд шилжүүлсэн хэрэг, маргааныг л шүүх шийдвэрлэнэ. Шүүхийн хүрээнд авлигын асуудал бий, эсэхийг бид судалгаагаараа гаргахыг хичээсэн. Тухайлбал, “Шүүхийн тогтолцоонд авлига нөлөөлдөггүй гэдэгтэй олон нийтийн хэдэн хувь нь санал нийлж байна” гэх асуултад 2021 онд 28.11 хувь нь санал нийлж байсан. 2023 онд 25.39 болж буурсан. Харин 2025 онд 29.76 болж бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ 100 хувь байхаас ердөө 30 хүрэхгүй хувь нь л авлига байдаггүй гэдэгт итгэж байна. Гэтэл шүүхийн нээлттэй, ил тод байдлын үнэлгээ сайжирсан хэрнээ яагаад энэ асуултад “унаад” байна вэ гэдэг сонирхолтой. Өөрөөр хэлбэл, “авлига” гэсэн үг орсон асуулт асуухаар шүүхэд итгэх иргэдийн итгэл унаад, бусдын нөлөөнд автдаг уу гэх зэргээр бие даасан, хараат бус байдлыг тодруулахаар 50-иас дээш оноо авчихдаг. Жишээ нь, “Шүүхийн шийдвэр аль талд гарах нь хамаагүй, үйл ажиллагаа нь хуулийн дагуу зөв явагддаг гэдэгтэй санал нийлж байна” гэж судалгаанд оролцогчдын 50.89 нь хариулжээ.
Олны анхаарал татсан “Нүүрсний”, “Хөгжлийн банкны” зэрэг хэргийг 2023 оны үед дөнгөж ярьж байсан бол 2024, 2025 онд эцэслэн шийдвэрлэсэн. Энэ нь шүүхэд итгэх итгэлийг нэмэхэд нөлөөлсөн байх. Шүүхийн процесс их хүнд үргэлжилсэн, маш олон холбогдогчтой тул шүүхийн байрандаа багтахгүй байв.
-Шударга ёсонд итгэхийг иргэд хүсэж байгаа. Шүүх шударгаар ажиллаж байна уу. Үүнийг хэн “шүүх” юм бэ?
-Шүүхийн индекс гэхээр иргэний нийгмийн байгууллага, хараат бус судлаачид шүүхийг үнэлээд дүн тавиад байгаа юм биш. Олон талаас нь үнэлж, хэмжиж болно. Манай судалгаа бол нэг л арга хэрэгсэл. Шүүх өөрөө олон нийтийн итгэлийг чухалчилж, хурлуудаа шууд дамжуулах зэргээр цөөнгүй ажил хийж, хичээж байна. Тэгэхээр олон нийт л шүүхийг “шүүх” байх даа.