Монголд сонгомол бөхийн улсын шигшээ багийг 2024 оны нэгдүгээр сард байгуулснаар дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлагад тамирчид бэлтгэл сургуулилалтаа базааж, олон улсын тэмцээнд өрсөлдөх гараагаа эхлүүлсэн. Тэднээс “Алдар” спорт хорооны тамирчин, 23 хүртэлх насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Даваабанди 55 кг-ын жинд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох тэмцээнд амжилттай оролцон, жил дараалж шагналын тавцанд зогссон юм. Өнгөрсөн жил хошой хүрэл медаль гардсан тэрбээр “Буянт-Ухаа” спорт цогцолборт энэ сарын эхээр зохион байгуулсан “Улаанбаатар опен-2026” гурав дахь тэмцээнд 25 орны 400 гаруй тамирчин хүч сориход 55 кг-ын жинд дэд байрт шалгарсан билээ.
-Дэлхийн чансааны оноо олгох энэ удаагийн тэмцээнд тив, дэлхийн медальтнууд оролцсон нь бөхийн хорхойтнуудын анхаарлыг их татлаа. Өмнө нь зурагтаар хардаг байсан шилдгүүдийн барилдааныг дэргэдээс нь үзэх боломж гарсанд үзэгчид баярлаж буй нь тэмцээний үед анзаарагдсан. Таныг тус тэмцээний өмнө ӨМӨЗО-ы Хөх хотыг зорьсон гэж сонссон. Тэнд бэлтгэл хийсний үр дүн гарлаа шүү дээ.
-Тийм ээ. Миний хувьд өнгөрсөн жилийн тэмцээнд хүрэл медаль хүртсэн тул энэ удаа амжилтаа ахиулахыг зорьсон. Багштайгаа зөвлөлдөж ярилцаад ӨМӨЗО-ы Хөх хотыг зорьж, 14 хоног бэлтгэл хийсэн юм. Тус улсын тамирчид сонгомол бөхөөр олон жил хичээллэсэн болохоор ур чадвартай, бас туршлагатай. Тэнд байх хугацаандаа өөрийн давуу тал, үндсэн мэх, техникт анхаарал хандуулж, ард нь гараад татаж эргүүлэх мэхийг өөрийн болгохоор илүү ажилласан. Монголд сонгомол бөхийн шигшээ багийг гурван жилийн өмнө бүрдүүлсэн. Тэр үеийг бодвол одоо манайхан бэлтгэл хийх эвээ олж, сургуулилалтын тактик, төлөвлөгөөгөө улам боловсронгүй болгож байгаа. Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээнд ӨМӨЗО-ы тамирчид оролцож, тус бүр нэг алт, мөнгө, хүрэл медальтай ганзага дүүрэн нутаг буцлаа.
-Энэтхэг, Иран, Турк улсад бөхийн төрлүүд өндөр хөгжсөн. Та жиндээ хүндхэн учраануудтай таарлаа. Тэднийг Улаанбаатарт хөл тавихаас өмнө барилдааныг нь судалсан байв уу?
-Энэ тэмцээнд тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн шилдгүүд оролцдог болохоор судлахад амар байдаг. Жиндээ өрсөлдөх тамирчдын өмнөх тэмцээний бичлэгийг үзэж, хэн нь ямар арга барил, техниктэй болохыг нь мэдсэн тул хэрхэн барилдах талаар багштайгаа сайтар зөвлөлдсөн. Киргиз улсад болсон тивийн тэмцээнд би багийнхантайгаа оролцохдоо Энэтхэгийн тамирчин Л.Лалитыг хэрхэн барилдаж, мөнгөн медаль хүртэхийг нь харсан юм. Тиймээс түүнтэй яаж барилдахаа дотроо бодож, төлөвлөөд гарсан. Ялна гэдэгтээ ч өөртөө итгэлтэй байлаа. Миний хувьд зогсохгүй, хөдөлж барилдах нь давуу тал гэж тооцоолсон. Тамирчдад орчиндоо дасан зохицоход тэмцээн зохион байгуулж буй орны уур амьсгал, цаг агаар нөлөөлдөг. Барилдааны үед сэтгэл зүйн байдал маш чухал. Гадаад, дотоодын томоохон тэмцээнд оролцохын өмнө би сэтгэл зүйчтэй ярилцдаг болохоор догдолж, сандралгүй тайван барилддаг. Хэдийгээр Л.Лалит бид хоёр нэгнээ мэддэг ч өмнө нь дэвжээнд таарч байгаагүй. Түүнтэй 55 кг-ын жинд анх удаа хүч сорьж, 14:7- гоор хожиход тивийн тэмцээнд барилдахыг нь харж байсан минь хэрэг болсон шүү.
-Өөрөөсөө өндөр, биерхүү бөхтэй өрсөлдөхдөө ард нь гараад татаж эргүүлэх мэхийг сурмаг хийдэг юм билээ. Ингэх нь таны барилдааны давуу тал шиг санагдсан.
-Би “Алдар” спорт хороонд Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Б.Одончимэг, Гавьяат тамирчин Г.Мандахнаран нарын удирдлагад бэлтгэлээ базаадаг. Миний хувьд намхан ч бяртай. Өндөр, биерхүү бөхтэй таарах надад давуу тал болдог. Өндөр тамирчид жин их хасдаг тул барилдах явцдаа ядарч байгаа нь анзаарагддаг юм. Туркийн тамирчин Мухаммет Эмин Чакыртай сүүлийн барилдаанд өрсөлдөж, техникийн оноо авч, мөнгөн медалийн болзол хангасан. Харин Ираны Паям Фарзад Ахмадитай таарахдаа санасандаа хүртэл барилдаагүй. Түүнтэй хүч сорихын өмнө мөнгөн медалийн болзол хангачихлаа даа гэх бодол надад төрсөн болохоор сэтгэл жаахан тайвширсан байв. Тэр үед төлөвлөснөөрөө барилдахаар гарсан ч чадаагүй. Эхний хэдэн минут барилдахдаа “Тамир муутай, бяргүй юм. Ер нь ялж болохоор байна” гэж бодсон. Надтай таарсан бөхчүүдээс тэрбээр хамгийн сайн техниктэй нь байлаа. ДАШТ-ий мөнгөн медальтай түүнд би энэ удаа оноогоор ялагдаж, дэд байрт шалгарсан. Миний хувьд Ираны бөхчүүдээс нэг зүйлийг олж харсан Монгол Улс далайн түвшнээс өндөрлөг газар оршдог тул дулаан уур амьсгалтай орны тамирчид орчинд нь дасах амаргүй байдаг. Тиймээс барилдахдаа цаг эхлэхээс дуустал нь сайн ажиллах нь зүйтэй.
-Хөнгөн жингийн тамирчид тэмцээний салхийг хагалдаг тул өрсөлдөгчдөө ялж, багтаа медаль авчрах сан гэх бодол өмнөх өдөр нь төрдөг байх.
-Тэмцээний товлосон хугацаа дөхөх тусам ийм бодол төрдөг. Харин дэвжээнд гарахын өмнө барилдаандаа гол анхаарлаа төвлөрүүлдөг болохоор олон зүйл боддоггүй. Сонгомол бөхийн эхний өдрийн тэмцээнтэй “Алдар” спорт хорооны 80 жилийн ойн арга хэмжээ давхцаж багш нар минь зав муутай байлаа. Шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүх багш сонгомол бөхийн талаар сайн мэддэг болохоор тэмцээний үед барилдааныхаа талаар илүү зөвлөлдсөн. Тамирчин хүн жингээ олон жил хадгалахад сахилга бат, тууштай байдал, бэлтгэл сургуулилалт багагүй нөлөөлнө. Би 55 кг-д жилд хоёр удаа барилддаг. Бусад үед чөлөөт бөхийн 57, 60 кг-д оролцдог. Олон улсын чансааны оноо олгох тэмцээний жин Азийн АШТ, ДАШТ-ээс хоёр кг-ын зөрүүтэй. Чансааны оноо олгох тэмцээнээс медаль хүртэх нь ДАШТ-д хэсгээ тэргүүлж барилдах магадлал өндөр байдаг юм.
-Медалийнхаа ихэнхийг сонгомол бөхийн 55 кг-ын жинд гардсан уу?
-Би 55, 57 кг-ын жинд медаль голдуу хүртдэг. Өнгөрсөн жил болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд 55 кг-д сонгомол, чөлөөт бөхийн төрөлд тус бүр хүрэл медаль гардсан. Энэ удаа зөвхөн сонгомол барилдаанд мөнгөн медальтай өндөрлүүллээ. Чөлөөт бөхийн төрөлд хөнгөн жингийн ангилалд эрэгтэйчүүд 57, 61, 65 кг-д барилддаг. Үүнээс олимп болон тивийн аварга шалгаруулах тэмцээнд зөвхөн олимпын жин болох 57, 65 кг-д өрсөлддөг юм. Би сонгомол барилдааны дараа чөлөөт бөхийн төрөлд оролцохдоо 57 кг-ын жинд эхний тойрогт Пуэрто Рикогийн алдарт бөх Дариан Крузыг 2:1-ээр хожиж, дараагийнхад нь БНАСАУ-ын тамирчин, тив, дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт Хан Чон Сонтой барилдаж, оноогоор ялагдсан. Тэрбээр Хорват улсын Загреб хотод өнгөрсөн жил болсон ДАШТ-д Д.Круз, Р.Браво-Янг болон Арсений Арутюнян зэрэг шилдэг бөхийг ялан, шигшээ барилдаанд Киргизстаны тамирчин Б.Алмаз Уулуг буулган авч алтан медаль хүртсэн. Сонгомол бөхийн барилдаан чөлөөтийнхөөс өөр арга барил, техник, дүрэмтэй. Тиймээс аль нэгээр нь дагнаж байж амжилт гаргадаг. Би энэ удаа сонгомол бөхийн төрлөөр дагнаж, бэлтгэл хийлээ. Чөлөөт бөхийн төрөлд хөл авч барилддаг болохоор энэ талын мэх, техникийг түлхүү давтдаг. Сонгомол бөхөд биеийн дээд хэсэг болох цээж барилдаан хийдэг тул шидэх мэхний хувилбаруудыг илүү давтдаг юм.
-Энэ удаагийн тэмцээнд эхний гурван байрт шалгарсан тамирчид Японд болох Азийн XX наадамд оролцоно биз?
-Японы Аичи муж, Нагоя хотод есдүгээр сарын сүүлчээр Азийн ХХ наадам эхэлнэ. Тус наадмыг тивдээ олимпын тэмцээнээс дутахааргүй өндөр хэмжээнд зохион байгуулдаг. Монголын сонгомол болон чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид оролцохоор мэдүүлгээ явуулсан. Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээнд олимпын эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр зургаан жин багтдаг. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дүрмийн дагуу тус наадамд эрэгтэйчүүдийн ангилалд 57, 65, 74, 86, 97 125 кг-ын жинд медаль олгодог. Сонгомол барилдааны олимпын жин 60 кг-аас эхэлдэг. Тиймээс би Азийн наадамд энэ жинд оролцоно. Азийн наадмын барилдаанд ОУОХ-ны хөтөлбөрт багтсан жингүүдийг л ашигладаг. Азийн АШТ болон ДАШТ-д багтдаг зарим олимпын бус жингүүд (55, 63, 72, 82 кг) тус наадмын хөтөлбөрт багтдаггүй. -Нэг жинд өрсөлддөг тамирчидтайгаа хэр ойр дотно нөхөрлөдөг вэ? -Чөлөөт бөхөөр 10 гаруй жил хичээллэж, гадаадын тэмцээнд цөөнгүй оролцсон болохоор жингийнхээ болон өөр жинд өрсөлддөг тамирчидтай найз нөхдийн холбоотой байдаг. Тэднээс Киргизстаны тамирчин, сонгомол барилдааны 77 кг-д зодоглодог, “Токио-2020” олимпын мөнгөн медальт Акжол Махмудов, мөн Казахтсан, АНУ-ын бөхчүүдтэй ойр дотно нөхөрлөж, санаа бодлоо хуваалцан, мэдээлэл солилцдог юм.
-Бөх барилдах дуртай хүүг үеэл ах нь Спортын төв ордонд дагуулж очоод чөлөөт бөхөөр хичээллүүлсэн гэх яриа бий. Спортын талбарт хөл тавьснаа яривал сонирхолтой түүх өгүүлэх байх даа.
-Одоогоос 10 гаруй жилийн өмнө бөх барилдах сонирхолтой 13 настай жаахан хүү аймгийн хурц арслан цолтой үеэл ах Б.Номиндалайд хөтлүүлээд Спортын төв ордны чөлөөт бөхийн зааланд орж, дасгалжуулагч С.Чулуунбаатар багштай танилцаж байлаа. Дэвжээнд бэлтгэл хийхээр ирсэн анхны өдрөө шигшээ багийн тамирчдыг хараад “Хэзээ нэг өдөр тэдэн шиг ингээд барилдах сан” гэх бодол төрсөн. Тэр өдрийн бэлтгэл маш их таалагдаж, бүр хөөрч баярлаж байснаа хэзээ ч мартдаггүй. Нэлээд хэдэн сар бэлтгэл хийсний дараа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд болсон өсвөр үеийнхний чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 28 кг-ын жинд анх удаа оролцсон. Тэр үед эмээж, сандрахаа ч мэдэхгүй нөхөр дэвжээнд гарч барилдав. Нас бага байсан болохоор өрсөлдөгчөө хожиж, хожигдсоноо ч мэдэхгүй тэмцээнээ өндөрлүүлж байв. Түүнээс хойш жил гаруй хугацаанд бэлтгэл хийж, тэмцээнүүдэд оролцохдоо сурсан бүхнээ гаргаж, үеийнхэнтэйгээ ана мана өрсөлддөг ч медальгүй хоцорно. Хэсгийн аваргын төлөө гурван удаа гарч, хүрэл медалийн төлөөх барилдаанд долоон удаа ялагдсаны дараа өөрийн эрхгүй шантарч “Чөлөөт бөхөөр амжилт гаргахгүй удлаа. Миний хичээллэх спорт биш байна” гэж бодох болсон. Тэгээд бэлтгэл хийхээ больж, хичээлдээ анхаарч эхэлсэн. Нэг өдөр ангийнхантайгаа тоглож байтал багш залгаад “Дарханд чөлөөт бөхийн тэмцээн болно. Чи оролцооч” гэхэд нь ”Багш аа би одоо барилдахгүй ээ” гэж хэлээд утсаа тасалчихлаа. Хичээлээ тараад гэрт иртэл багш аавтай холбогдоод “Хүүг чинь тэмцээнд оролцуулах гэсэн юм. Би зардлын мөнгийг нь даагаад авч явъя. Чи аваад ирээч” гэсэн байв. Аав ч хэлснээр нь намайг төмөр замын вокзалд хүргэж өгснөөр багштайгаа хамт вагонд суугаад Дархан-Уул аймаг руу хөдөлсөн. Тэнд болсон тэмцээнд түрүүлж, амжилтын гараагаа алтан медалиар эхлүүлсэн юм. Түүнээс хойш бөхийн спортоос холдох бус, харин ч сэтгэл татагдаж, улам тэмүүлэх болсон доо.
-Шантарч халширсан шавиа багш нь дэвжээнд буцааж авчирсан байх нь.
-Намайг дуртай спортод минь үлдээж, дэвжээнд дахин гарахад урам өгч зоригжуулсан багшдаа их талархдаг. Би эргэж ирэхдээ амжилт гаргах боломж байгааг олж харсан юм. Түүнээс хойш багшийнхаа зөвлөсөн бүхнийг бэлтгэл сургуулилалт, барилдаандаа хэрэгжүүлж ирлээ. Чөлөөт бөхтэй 2010 онд анх нөхөрлөж, “Саха-2012” хүүхдийн спортын их наадмаас эх орондоо хүрэл медальтай ирж аав, ээж, багшийгаа ч баярлуулсан. Хүүхдийн спортын их наадмын нээлт, хаалтын ёслол олимпынхоос дутахааргүй болоход олон улсын тэмцээн ямар сонирхолтой, өрсөлдөөн ихтэй гэдгийг тэр үед мэдэрч билээ. Тэндээс ирсний дараа багш биднийг ОХУ, Буриад, Тува, Казахстан улсад болсон олон тэмцээнд оролцуулж, ур чадварыг минь ахиулсан.
-Сонгомол бөхийн УАШТ-д түрүүлэхийг тань харсан. Бөхийн спорт өндөр хөгжсөн өнөө үед дотоодын өрсөлдөгчдөө ялж, олон улсын тэмцээнд оролцох эрх авах хэцүү санагддаг уу?
-Би сонгомол бөхийн УАШТ-ээс хошой алт, нэг хүрэл медальтай. Чөлөөт бөхийнхөөс нэг мөнгө, нэлээд хүрэл медаль хүртсэн. Чөлөөт бөхийн хөнгөн жинд олон тамирчин оролцдог. Дотоодын өрсөлдөгчдөө ялж, олон улс, тив, дэлхийн тэмцээний эрх авах амаргүй. Тамирчид жиндээ түрүүлж, улсын аварга болоход 10 гаруй жилийн хөдөлмөр зарцуулдаг. Нэг жинд олон жил барилддаг бөхчүүд ховор тул шинэ залуу тамирчид хүч түрэн орж ирэх нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгодог юм. Монголд 2019 онд болсон 23 хүртэлх насныхны Азийн АШТ-д оролцсон тамирчдаас сонгомол бөхийн төрөлд 67 кг-ын жинд Г.Ханбүргэд мөнгө, би 55 кг-д хүрэл медаль хүртсэн юм. Тухайн үед шигшээ багийн дасгалжуулагч “Чи сайн барилдлаа. Чамайг насанд хүрэгчдийн тивийн тэмцээнд авч явна” гэв. Тэр жил БНХАУын Шиань хотод зохион байгуулах насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий өмнө Г.Ханбүргэд бид хоёр ӨМӨЗО-д очиж, хэд хоног бэлтгэл базаасан юм. Багш бидэнд “Тэмцээнд ялбал та хоёрыг насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцуулна. Хичээгээрэй” гэж зөвлөсөн. Насанд хүрэгчдийн Азийн АШТ-д би эхний тойрогт Хятадын шигшээ багийн шилдэг тамирчныг нутагт нь үзэгчдийнх нь өмнө хожиж, Г.Ханбүргэд Туркменистаны бөхийг ялснаар Казахстаны Нурсултан хотод болох ДАШТ-д оролцох эрх гардаж байлаа. Найз минь тус тэмцээнд өрсөлдөх байсан ч визийн асуудлаас болоод яваагүй. Би тэр жил сонгомол бөхийн барилдаанд улсаа төлөөлөн оролцож, анхны ялалтыг авчирч байлаа. Азийн тамирчид хөнгөн жинд хүчтэй өрсөлддөг. 60, 63, 70, 77 кгын жинд тивийн тамирчид эхний гурван байрт шалгарна. Харин Европынхон биерхүү, өндөр болохоор хүнд жинд ихэнх медалийг хүртдэг. Азиас Япон, БНАСАУ, Киргиз, Казахстаны бөхчүүд маш сайн барилддаг.
-Хүүгээ тив, дэлхийн дэвжээнд хүч сорихыг хараад аав, ээж тань бахархаж суугаа даа.
-Аав, ээж минь Сүхбаатар аймгийн Онгон сумд амьдардаг. Би гурван хүүхэдтэй айлын ууган нь. Эмэгтэй дүү минь уран нугараач. Бага эрэгтэй дүү минь оюутан. Манайх Улаанбаатарт 2004 онд шилжин ирж, намайг чөлөөт бөх, дүүг минь уран нугаралтаар хичээллүүлсэн. Хотод 10 гаруй жил төвхнөж, нутаг руугаа буцаж нүүсэн. Тэд минь гадаадын тэмцээнд оролцоход “Миний хүү олимп, дэлхийн тэмцээнээс медаль хүртээрэй. Аав, ээж нь чамайг бүх талаар дэмжинэ” хэмээн урам өгч, ар талыг минь бүрэн хариуцан түшиг тулгуур болж ирсэн. Манайхан надтай нэг жинд өрсөлддөг дотоод, гадаадын тамирчдыг надаас илүү судалчихсан “Тэр тийм мэх хийдэг, энэ нь ийм арга барил, техниктэй юм билээ. Чи түүнтэй дараа таарахдаа тэгж, ингэж барилдаарай” гээд зөвлөнө шүү дээ. Манайх хоёр хүүхэдтэй. Эхнэрийг минь Ц.Отгонжаргал гэдэг. Дундговь аймгийнх. Намайг ажил, спортын талбарт амжилт гаргахад гэр бүл минь их нөлөөлж байгаа. Тамирчин хүн зорилгодоо хүрэхэд гэр бүлийнхэн нь ойлгон, хүлээж авах хандлагаас хамаардаг. Хүүхдүүдээ харж асрахаас гадна миний ажил, бэлтгэл сургуулилалт, сэтгэл зүйн байдал, хоол унд, амралтад анхаарал хандуулж, халамж тавьдаг хүн бол хань минь. Мөн хадам ээж минь биднийг ойлгож, хүүхдүүдийг минь хамт асарч халамжлан, дэм болж байгаад баярладаг. Тэднийхээ ачаар би сэтгэл тайван ажиллаж, бэлтгэл сургуулилалтаа хийн амжилт гаргаж байна.