Үргэлжлэл. Түрүүч нь 117 (8421) дугаарт
Д.ЗАЯАБАТ
Үүний хүрээнд Монголын түүх, соёл, урлагийг сурталчлах олон арга хэмжээ зохион байгуулж, дэмжин ажилласан. Монголын үндэсний баяр ёслол, соёлын өдөрлөг, гэрэл зургийн болон урлагийн үзэсгэлэн, кино өдөрлөг, лекц уулзалтыг Беларусьт зохион байгуулснаар олон нийтэд Монгол орны талаарх мэдээлэл хүргэх боломж бүрдсэн. Мөн эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, монгол судлалын чиглэлийн судлаачидтай тогтмол холбоо тогтоон ажиллаа.
Түүнчлэн хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд болон их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, багш солилцооны боломжийг нэмэгдүүлсэн. Залуу үе бие биеэ илүү сайн таньж мэдэх нь ирээдүйн харилцааны хамгийн үнэ цэнтэй хөрөнгө гэж үздэг учраас боловсролын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч ирсэн.
Өнөөгийн дэлхий ертөнцөд улс орнууд зөвхөн эдийн засаг, худалдаагаар бус, соёл иргэншлийн харилцан ойлголцол, хүмүүнлэгийн холбоогоор улам ойртож байна. Энэ утгаараа Беларусьт Монголын тухай мэдлэг түгээх, Монголын өв соёл, түүхэн үнэ цэнийг таниулах ажил цаашид ч чухал хэвээр байх болно. Бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн түүхэн өв, орчин цагийн хөгжил дэвшлийг дэлхийд зөвөөр ойлгуулж чадвал хоёр орны харилцааны хү мүүнлэгийн суурь улам батжин бэхжих юм.
-Беларусьт хэчнээн монгол иргэн ажиллаж, амьдардаг бол. Манай талаас тус улсын их, дээд сургуулиудад ямар чиглэлээр оюутан, мэргэжилтэн суралцаж байна вэ. Цаашид ямар ямар чиглэлд сургах боломжтой бэ?
-Беларусьт ажиллаж, амьдарч буй монгол чууд бүс нутгийн тогтворгүй байдлаас болж цөөрсөн, олонх нь оюутан. Манай оюутнууд Беларусьт анагаах ухаан, мал эмнэлэг, биотехнологи, хөдөө аж ахуйн инженерчлэл, машин үйлдвэрлэл, механик инженер, авто зам, тээврийн инженер, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр суралцаж байна. Ялангуяа, Беларусийн инженерийн болон техникийн их сургуулиуд ЗХУ-ын үеийнхээс өндөр түвшний сургалттай тул инженер, үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд давуу талтай.
Цаашид манай улсын хөгжлийн хэрэгцээ болон Беларусийн давуу талуудыг харгалзан үзвэл, хөдөө аж ахуйн технологи, мал аж ахуйн автоматжуулалт, сүүний үйлдвэрлэлийн технологи, ургамал хамгаалал, селекц, аж үйлдвэрийн инженерчлэл, машин үйлдвэрлэл, уул уурхайн тоног төхөөрөмжийн инженер, автоматжуулалт, робот техник, мэдээллийн технологи, программ хангамж, хиймэл оюун, кибер аюулгүй байдал, өгөгдлийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эрүүл мэндийн салбар, биотехнологи, эмнэлгийн инженерчлэл, эмийн үйлдвэрлэл, тээвэр, ложистик, төмөр замын инженер, ложистик, нийлүүлэлтийн сүлжээний удирдлага, эрчим хүч, цахилгаан систем, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний автоматжуулалт зэрэг чиглэлд хамгийн ирээдүйтэй байна. Ер нь Беларусь нь барууны орнуудтай харьцуулахад сургалтын төлбөр харьцангуй бага, инженер-техникийн сургалтын чанар сайн, үйлдвэрлэлтэй нягт холбоотой сургалттай улс юм. Иймээс Монгол Улс цаашид дээр дурдсан чиглэлүүдээс инженерчлэл, хөдөө аж ахуйн технологи, биотехнологи, мэдээллийн технологи, эрчим хүч, тээвэр ложистикийн чиглэлээр оюутан, залуу мэргэжилтнүүдээ сургах боломжтой гэж үзэж болно.
-Тус улсад суралцаж, амьдрахад өртөг зардал нь бусад улсынхтай харьцуулахад ямар байдаг бол?
-Беларусь нь Европын хамгийн боломжийн өртөгтэй орнуудын нэг. Гадаадад харьцангуй бага зардлаар суралцахыг хүсэж буй оюутан, залуусын хувьд Герман, Польш, Чех, Балтын орнууд болон Баруун Европын ихэнх улстай харьцуулахад мэдэгдэхүйц хямд сонголт болдог. Их, дээд сургуулиудын ихэнх нь орос хэлээр сургадаг тул тус улсад суралцах хүсэлтэй хүүхэд, залуучууд орос хэлний зохих түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Хэрэв хэлний мэдлэг хангалтгүй бол ихэнх сургуулийн санал болгодог орос хэлний бэлтгэл ангид нэг жилийн хугацаанд суралцах боломжтой.
Мөн зарим их, дээд сургууль, ялангуяа ана гаах ухааны чиглэлийн сургуулиуд англи хэлээрх тусгай хөтөлбөрүүдийг санал болгодог. Энэ тохиолдолд сургалтын төлбөр харьцангуй өндөр байдаг ч англи хэлээр эзэмшсэн боловсрол нь олон улсад илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөх давуу талтай. Ялангуяа, анагаах ухааны чиглэлээр англи хэлээр төгссөн төгсөгчдийн диплом, мэргэжлийн ур чадвар нь олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлдэг.
-Беларусь бол хөдөө аж ахуй өндөр хөгжсөн орнуудын нэг. Хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн, хүнсээ дотоодоосоо бүрэн хангадаг. Тус улсын эл салбар дахь нөү-хау, технологиос улсдаа авч ашиглах юм олон байгаа нь лавтай. Энэ талын хамтын ажиллагаанд ямар ахиц гаргав?
-Тийм ээ, Беларусьтай хөдөө аж ахуйн чиглэлийн хамтын ажиллагаагаа сүүлийн хоёр жилд бодит төслүүдийн түвшинд ахиулсан. 2024 онд тус улсын Ерөнхийлөгч А.Лукашенко манай улсад төрийн албан ёсны айлчлал хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны томоохон боломжуудыг нээж өглөө. Тухайлбал, сүүний эрчимжсэн аж ахуй байгуулах төслийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж, 1200 үнээний хүчин чадалтай сүүний цогцолборын шав тавьсан. Беларусийн туршлага, генетик, технологийг нэвтрүүлэх зорилготой. Сүүний гарцыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зэргээр өргөн боломжуудыг нээж өгсөн юм.
Хоёр талын харилцааны чухал механизмын нэг нь Засгийн газар хоорондын комиссын хү рээнд хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг тогтмол хэлэлцэж, шинэ төслүүдийг урагшлуулж байна. Бид цаашид Беларусь улсаас сүү, махны эрчимжсэн аж ахуй, малын генетикийг сайжруулах, хөдөө аж ахуйн машин техник, тэжээл үйлдвэрлэл, мал эмнэлэг, биоаюулгүй байдал, агро салбарын мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог нэвтрүүлэхэд илүү анхаарах ёстой.
-Энэ ажил нэг л урагш муутай байгаа дуулдсан. Ямар шалтгаан байна?
-Энэ төслийг урагшлуулахаар хоёр тал зохих түвшинд хамтран ажилласаар байгаа. Удаа ширсан хэд хэдэн шалтгаан бий. Гэхдээ ийм хэмжээний төсөлд техник-эдийн засгийн үн дэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, санхүүжилтийн бүтэц, зээл болон хөрөнгө оруулалтын нөхцөлийг эцэслэх, дэд бүтэц (ца хилгаан, ус, зам, тэжээлийн бааз)-ийг шийдэх, Беларусийн талаас нийлүүлэх тоног төхөөрөмж, үржлийн мал нийлүүлэх, хоёр улсын холбогдох байгууллагуудын зөвшөөрөл, гэрээ, хэлцлийг эцэслэх зэрэг ажил нэлээд хугацаа шаардаж байгаа.
-Манай хөдөө аж ахуйд байнга дутагдаж байдаг зүйл бол техник, технологи. Гэтэл энэ тал дээр Беларусь дэлхийн түвшинд хүрчээ. Хөдөө аж ахуйн төрөл бүрийн техникийг нь ашиглаж ирсэн туршлагатай манай улсад тэдгээрийг нэвтрүүлэх, хамтарсан үйлдвэр, засварын газар байгуулахад саад тотгор байна уу, бидний санаачилга дутав уу, юундаа байна вэ?
-Таны асуулт маш оновчтой. Үнэндээ асуудал нь “Беларусийн техник муу” эсвэл “Монгол сонирхоогүй” гэдэгт биш, харин эдийн засаг, зах зээл, үйлчилгээний тогтолцооны нийлбэр хүчин зүйлд байдаг. Беларусь бол зөвхөн трактор биш, хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан. Ялангуяа Минскийн трактор буюу МТЗ-г 100 гаруй оронд экспортолдог, трактор экспортлогч орнуудын дээгүүрт ордог. Тэд зөвхөн техник зарахаас гадна Казахстан, Узбекистан зэрэг оронд угсралтын үйлдвэр байгуулж, сэлбэг үйлчилгээний сүлжээ хөгжүүлсэн туршлагатай. Монголд беларусь трактор, комбайн шинэ зүйл биш, манайх олон жил ашиглаж ирсэн. Өнөөдөр ч зарим компани беларусь брэндийн техник, сэлбэг нийлүүлж байна.
-Гэхдээ яагаад томоохон хамтарсан үйлдвэрийг хөгжүүлсэнгүй вэ?
-Юуны өмнө зах зээлийн хэмжээ жижиг. Манайд жил бүр зарагдах трактор, комбайны тоо Казахстан, Узбекистантай харьцуулахад хамаагүй бага. Үйлдвэр байгуулахын тулд тодорхой хэмжээний борлуулалт хэрэгтэй. Узбекистан жилд хэдэн мянган трактор угсрах хэмжээний эрэлттэй учраас МТЗ үйлдвэр байгуулсан.
Гэхдээ трактор зарах нь амархан, харин 1020 жил сэлбэг, засварын үйлчилгээ үзүүлэх нь хэцүү бололтой. Фермерүүд техник сонгохдоо зөвхөн үнэ биш, эвдэрвэл хэд хоногт сэлбэг ирэх вэ гэдгийг хардаг. Зарим орны хэрэглэгчид беларусь тракторыг бат бөх, энгийн бүтэцтэй гэж үнэлдэг ч сэлбэгийн нийлүүлэлт, үйлчилгээ нь сул байвал асуудал үүсдэг гэж дурдсан байдаг.
Өнөөдөр Монголын зах зээл дээр John deere, Case IH, New Holland, Хятадын олон үйлдвэрлэгч аль хэдийн орж ирсэн. Зарим нь банкны лизинг, сургалт, GPS удирдлага, нарийвчилсан газар тариалангийн шийдэлтэй хамт ирдэг. Беларусь техник үнэ, бат бөх чанараар ялгардаг ч технологийн дэвшил, санхүүжилтийн багцаар өрсөлдөх шаардлагатай болдог. Мөн 2022 оноос хойш тус улстай холбоотой хориг, санхүүгийн болон тээврийн хүндрэлүүд нэмэгдсэн. Энэ нь зарим улсад нийлүүлэлт, төлбөр тооцоо, даатгалын эрсдэлийг өсгөсөн байхыг үгүйсгэхгүй. Үнэндээ хамгийн том шалтгаан нь энэ байж магадгүй.
Казахстан, Узбекистанд Беларусиас зөвхөн техник худалдаж аваагүй, харин угсралтын үйлдвэр, сэлбэгийн агуулах, инженерийн сургалт, сервис төв гэдгийг цогцоор нь байгуулсан. Беларусь ч өөрөө ийм загварыг дэмждэг бөгөөд экспортын зах зээлдээ угсралтын үйлдвэр байгуулах бодлого баримталдаг.
Тиймээс “саад тотгор байна уу, эсвэл манай санаачилга дутав уу?” гэвэл аль аль нь бий. Гэхдээ гол нь техникийн биш, эдийн засгийн асуудал. Монголын зах зээл жижиг, төрөөс урт хугацааны үйлдвэржилтийн бодлого тогтвортой хэрэгжүүлбэл, Беларусийн тал угсралтын үйлдвэр байгуулах туршлагатай, сонирхолтой хэвээр байдаг. Хэрэв манай улс газар тариалангийн бүсүүдэд төвлөрсөн сервис, угсралтын төвийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар байгуулсан бол илүү том хамтын ажиллагаа хөгжих боломж байсан гэж үздэг.
-Элчин сайдын яамныхан тань Монголын түүх, соёл, өв уламжлалыг Беларусь улсад хэрхэн сурталчилж байна вэ?
-Манай Элчин сайдын яамныхан улсынхаа түүх, соёл, өв уламжлалыг Беларусь улсад сур талчлахад онцгой анхаарч, жил бүр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Цагаан сар, Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөр, Үндэсний их баяр наадам зэрэг тэмдэглэлт өдрөөр дамжууланмонгол ёс заншил, уламжлал, соёлыг олон нийтэд таниулж ирлээ. Тухайлбал, Монгол, Беларусь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг сурталчлах хүрээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Минск хотын М.Павловын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд Монгол, Беларусийн найрамдлын төгөл байгуулсан. Мөн Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ой тохиолдуулан “Amazing Mongolia” гэрэл зургийн үзэсгэлэн нээж, Монгол орны байгаль, түүх, соёлыг сурталчиллаа. Үзэсгэлэнг 200 гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан “Welcome to Mongolia” арга хэмжээ ч мөн өргөн хүрээний оролцоотой болж, үндэсний өв соёлоо танилцуулах чухал алхам болсон.
-Монгол судлалын чиглэлээр ямар ажлууд хэрэгжүүлж байгаа вэ?
-Соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хүрээнд бид Беларусийн улсын технологийн их сургуулийн профессор, доктор В.И.Куликовичтой хамтран 2021 оноос эхлэн “Монголын нууц товчоо” бүтээлийг беларусь хэлээр ор чуулах ажлыг хэрэгжүүлсэн. Энэхүү ажлын үр дүнд Беларусийн Үндэсний шинжлэх ухааны академийнхантай хамтран 2025 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр “Еврази дахь монгол судлал-2025: Монголын нууц товчоо” сэдэвт монгол судлалын анхдугаар эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус бага хурлаар “Монголын нууц товчоо” болон Евразийн түүхэнд монголчуудын үлдээсэн өв, соёлын асуудлыг хөндсөн долоон илтгэл хэлэлцэж, “Монголын нууц товчоо”-ны беларусь хэл дээрх орчуулгыг албан ёсоор нээж танилцууллаа. Арга хэмжээнд Беларусийн Үн дэсний ШУА-ийн эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн багш, оюутнууд, магистр, докторын түвшний судлаачид болон “Беларусь дахь монгол оюутнуудын зөвлөл” ТББ-ын төлөөлөл зэрэг 160 гаруй хүн оролцсон.
-“Монголын нууц товчоо”-г беларусь хэлээр хэвлүүлсний ач холбогдлыг та хэрхэн үнэлэв?
-Монгол судлал нь монгол хэл, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах төдийгүй дэлхий нийтэд сурталчлан таниулах чухал хэрэгсэл гэж бид үздэг. Энэ утгаараа “Монголын нууц товчоо”-г беларусь хэлээр орчуулж, хэвлүүлсэн нь хоёр улсын соёл, хүмүүнлэгийн харилцаанд шинэ хуудас нээсэн онцгой үйл явдал болсон.
Монгол үндэстний язгуур түүх, хэл бичиг, ёс заншил, ардын оюуны өвийг агуулсан энэхүү хосгүй бүтээл беларусь уншигчдад хүрч байгаа нь Монголын соёл иргэншлийг илүү өргөн хү рээнд таниулах боломжийг бүрдүүлж байна. Мөн “Монголын нууц товчоо”-г беларусь хэлэнд буулгасан нь тус бүтээлийг орчуулсан 30 дахь хэл, хэвлэсэн 34 дэх улс болж буйгаараа онцлог юм.
- Танд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд сайн сайхныг хүсье.
- Баярлалаа.