“20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг, Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар өнгөрсөн оноос ярьж эхэлсэн. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Ногоон нуур орчимд чөлөөлсөн 5.5 га газарт хүүхэд залууст зориулсан тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Санхүүжилтийг нь ХААН банктай хамтарч шийднэ” хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэнээр энэ асуудлыг дахин олны анхааралд орууллаа. Үүнтэй зэрэгцээд Ногоон нуурын тогтоц, зориулалтыг хөндөхгүй байх, цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах тохиолдолд төлөвлөлтийг нь чамбай хийх шаардлагатайг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна.
Ногоон нуурын үндсэн үүрэг нь үерийн ус хуримтлуулах, лаг хагшаасыг барьж тогтоох гэнэ. Эл нуурыг ширгэсний дараа инженерийн шийдэл бүхий нэмэлт ажлууд хийснээр зориулалт нь ийм болжээ. Тэгвэл нуурын үндсэн тогтоц, үүргийг алдагдуулахгүйгээр төлөвлөлт хийх нь үр ашигтай гэж үзэж байна. ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, усны инженер Б.Аюурзана “Ногоон нуурын үерийн ус хуримтлуулах зориулалтыг алдагдуулсан ямар ч төлөвлөлт үнэ цэнгүй” хэмээн анхааруулав.
Ж.Сувд