Сэрүүцэхээр усанд ороод живсэн тохиолдол нэмэгджээ. Тухайлбал, Францад урьд хожид бүртгэгдээгүй хэт халалт үргэлжилж буйн улмаас хамгаалалтгүй, зөвшөөрөгдөөгүй бүсэд сэрүүцэхээр сэлж байсан 40 хүн усанд живж, амиа алдсан талаар албаныхан мэдээлэв. Түүнчлэн тус улсын Цаг уурын албанаас “Өнгөрсөн мягмар гараг 1947 оноос хойших хамгийн халуун өдөр боллоо. Ландес мужийн Писсос хотод 44.3, Бордод 42.1 хэм хүрсэн. Агаарын температур цаашид ч өсөх төлөвтэй” хэмээсэн аж. Францын Ерөнхий сайд Себастьян Лекорню Засгийн газрын шуурхай хуралдаан зарлаж, гамшгийн түгшүүр зарласан байна.
Аагим халууны улмаас өдөрт 15 000- 25 000 жуулчин хүлээн авдаг Эйфелийн цамхаг, Луврын музей хэсэг хугацаанд үүдээ барихад хүрсэн гэнэ. Мөн аль болох гэрээсээ ажиллахыг албан байгууллагууд ажилтнууддаа зөвлөж буй юм. Францын баруун өмнөд хэсэгт байрлах Голфешийн атомын цахилгаан станцын хөргөлтийн усны температур аюулгүйн хязгаараасаа давсан тул нэг реакторыг унтраасан байна. Хэт халалтын улмаас өнгөрсөн даваа гарагт 1350 орчим сургууль хаагдаж, өдөр бүр цөөнгүй хүн эмнэлгийн яаралтай тусламж авч байна. Ийм байдал энэ долоо хоногийн эцэс хүртэл үргэлжлэх төлөвтэй гэжээ. Британи, Итали, Герман, Испанид ч нөхцөл байдал базаахгүй байгаа аж.
Лондоны “Империал” коллежийн уур амьсгал судлаач Клэйр Барнс Европын өргөн уудам нутаг дэвсгэрийг нөмөрсөн энэхүү халууныг Хойд Африк болон Сахарын цөлөөс нүүдэллэж буй агаартай холбон тайлбарласан. Тэрбээр “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэхүү халуун агаар маш удаан шилжиж буйн улмаас салхигүй бүгчим, сэрүүцэх аргагүй нөхцөлийг үүсгэж байна” хэмээсэн удаатай. НҮБын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтнийг сүйрлийн ирмэг рүү түлхэж байгааг онцлоод, нүүрснээс хамаарсан эрчим хүчний үйлдвэрлэлээ бууруулахыг дэлхий нийтэд урилсан юм.
Д.СЭЛЭНГЭ