Хиймэл оюун механик, “махаа идсэн” ажлуудыг гарцаагүй сайн хөнгөвчилж байна. Хэдэн зуун хуудас гэрээ, баримт бичгүүдээс хэрэгцээтэй хэсгийг нь нүд цавчих зуур ялгуулах, датаг системд шивэх, дансны гүйлгээний зөрүүг илрүүлэх, өч төчнөөн захидлыг автоматаар илгээх, даалгавар, шалгалтыг секундэд л засуулахаас эхлээд хүн төрөлхтөн AI-тай нэгэнт “нөхөрлөжээ”. Гэхдээ ийм дэвшил, шинэчлэлд хэрсүү хандаж, яавч толгойгоо мэдүүлж болохгүйг судлаачид сануулсаар буй.
Их, дээд сургуулийн оюутан, дунд сургуулийн сурагчид эсээ бичиж, бие даалт хийж, шалгалт өгөхдөө хиймэл оюунаас үг, үсэггүй хуулбарлах нь хэрээс хэтэрч байгааг боловсролын салбарын хүрээнд хэлэлцэх болжээ. Түүнчлэн “Ийм сэдвээр тэдэн үгтэй эсээ би чиж илгээ”, “Тус лекцийг хэдэн өгүүлбэрт хураангуйл”, “Энэ бодлогыг алдаагүй бод”, “Уг шаардлагад нийцүүлэн бие даалт хий” гэхчлэн будаа идэж, бэлэнчлэх болсон нь нууц биш. Манай улсын Боловсролын ерөнхий хуульд боловсролын зорилго нь хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунт, сайн зан чанартай иргэнийг төлөвшүү лэхэд оршино хэмээсэн. НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд боловсрол нь бие хүнийг өв тэгш хөгжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг улам бүр хүндэтгэдэг болоход чиглэх ёстой гэж тусгасан билээ. Өөрөөр хэлбэл, хүн боловсрол эзэмших, сургуульд сурах гол зорилго нь “шүдний өвчин” шиг шалгалтуудыг өөрийн хүчээр давж, тэрхүү явцдаа ёс зүй, үнэт зүйл, суралцах дадлаа олж авах тухай аж.
AI БОЛОВСРОЛЫГ ОРЛОХГҮЙ Ч ТҮҮНД ХҮРЭХ АРГА БАРИЛЫГ ӨӨРЧИЛНӨ
Өмнө нь багш оюутандаа заадаг байсан бол өнөө үед суралцагч хиймэл оюуны тусламжтайгаар өөрөө мэдлэг бүтээх боломжтой болсон гэж үзэж байна. Тиймээс сургуулиуд онол, тоо цээжлүүлэхээс илүүтэй хэр ойлгосныг нь үнэлэх, яриулах, аливааг шүүмжлэх чадварыг хөгжүүлэхэд түлхүү анхаарах болжээ. Ингэснээр боловсролын зорилго хувьсаж байна гэх нь ч бий.
Британийн Дээд боловсролын бодлогын хүрээлэн (HEPI)-гийн энэ оны судалгаанд дурдсанаар оюутнуудын 95 хувь ямар нэгэн AI хэрэгсэл ашиглаж буй нь компьютер, интернэтийн дараа бичигдэх хамгийн хурдтай тархсан технологи гэгдэх болж байна. Үүний 88 хувь нь хичээл, даалгавартай холбоотойгоор буюу академик зорилгоор хэрэглэдэг ч ихэнх нь хэцүү ойлголтыг тайлбарлуулах, урт өгүүлэл, судалгааг хураангуйлах, түүний гол санааг олох, даалгаврын бүтцээ тодорхойлохоор ашиглаж буй бол зарим нь ажлаа бүрэн автоматжуулж, багшийн нүд хуурсан “юм” хийх сэдэлтэй байгааг ч онцолсон юм. MIT-гийн Компьютерын шинжлэх ухаан, хиймэл оюуны лаборатори (CSAIL)-ийн тайланд “AI хэдий дэвшилтэт технологи ч хүний ухамсар, үнэт зүйл, зорилгод үл нийцэх шийдвэр гаргах магадлалтай. Иймд хүний нухацтай сэтгэлгээ л энэ зөрүүг тэнцвэржүүлж чадна. Хиймэл оюун боловсролыг орлохгүй ч түүнд хүрэх арга барилыг өөрчилнө” гэснийг энд дурдах нь зүйтэй.
Дэлхий нийтээрээ хиймэл оюуныг сургалтын үндсэн систем хэмээн үнэлж, бодлогын түвшиндээ албан ёсоор нэвтрүүлэхээр чармайж буй. Олон улсын байгууллагууд хиймэл оюун ухааныг зохицуулах, боловсрол болон бусад салбарт ёс зүйтэй ашиглах чиглэлээр тунхаглал, зөвлөмж, баримт бичиг цөөнгүй гаргаад байна. Тухайлбал, AI салбарт хамаатай дэлхийн анхны суурь баримт бичиг гэгдэх 2021 онд ЮНЕСКО-гоос боловсруулсан “Хиймэл оюуны ёс зүйн зөвлөмж”, “Хиймэл оюун болон боловсролын талаарх Бээжингийн зөвшилцөл”, НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын “Хиймэл оюуны зарчмууд” тэргүүтэй олон акт өнөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Нөгөөтээгүүр, олон улсын түвшинд технологийн боломжоос илүү тэй дижитал тэгш бус байдал болон дата нууцлалын асуудал анхаарлын төвд буй. ЮНЕСКО болон тэргүүлэх гүрнүүд хиймэл оюуныг төрийн бодлогоор зохицуулж, эмзэг бүлгийн болон алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд энэхүү дэвшлийг тэгш хүртээх, хүүхдийн хувийн мэдээллийг технологийн компаниудаас хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд илүүтэй анхаарч байгаа аж.
ХУРДАН ГЭДЭГ НЬ ЧАНАРТАЙ ГЭСЭН ҮГ БИШ
МУИС-ийн ШУС-ийн байгалийн ухааны салбарын Математикийн тэнхимийн дэд профессор, математикийн ухааны доктор Ж.Даваадулам “Хиймэл оюуны эрин үе “хаалга тогшиж” байгаа гэнэ. Хиймэл оюун гэж юу вэ гээд шагайвал тэнд магадлалын онол, шугаман алгебр, математик анализ, функционал анализ харагдаж байна. Оюутнууд минь, хичээгээрэй. Математикийн “давлагаа” айсуй” хэмээн цахим сүлжээнд бичжээ. АНУ-ын болон Британи, Европын шилдэг их сургуулиуд хиймэл оюуныг ашиглах талд анх хориглох хандлагатай байсан бол өдгөө түүнтэй хамтрах, зохицох хандлага руу бүрэн шилжсэн. Тухайлбал, Харвард AI хэрэгслээс санаа авах, даалгаврын бүтцээ гаргуулахыг зөвшөөрдөг ч эцсийн хувилбараа бичүүлэх, шууд хуулахыг хууран мэхлэлт гэж үздэг бол Стэнфордынхон оюутнууд болон багш нартаа зориулж дата нь гадагш задрах боломжгүй, сургуулийн дотоод сүлжээнд л ашиглах боломжтой, аюулгүй AI системүүдийг худалдаж авахыг санал болгодог байна. Харин Оксфордын их сургуулийн оюутнуудын хувьд AI ашигласан бол аль хэсэгт, ямар зорилгоор хэрэглэснээ эрдэм шинжилгээний эшлэлийн загвараар оруулахыг шаарддаг журам боловсруулсан байх жишээтэй. Их Британийн зарим сургууль хамтарсан мэдэгдэл гаргаж, AI-ийн эринд сургалтын үнэлгээг шинэчлэх шаардлагатайг зарласан. Үүний үр дүнд ангид цаасаар, амаар шалгалт авах, компьютер, интернэтгүй орчинд сурсан, ойлгосныг нь өөрийн үгээр бичүүлэх журам нэгэнт тогтсон аж.
Энэ талаар хэд хэдэн багш, боловсрол судлаачаас тодруулахад “Шинэ технологиос хэрэглэгчид хождог. Үүнийг дагаж шинэ зах зээл үүсдэг. Бид үүнээс айж, хориглох бус, бүтээлчээр ашиглах нь зөв. Гэхдээ эх сурвалжаа болгож болохгүй”, “Өнөөгийн сургалтын систем нь сурагчдыг зөвхөн шалгалтын төлөө сурах арга барил руу түлхэж байгаа мэт санагддаг. Харин хиймэл оюуны тусламжтайгаар үүнийг эргэн нэг харж, тогтсон хандлагаа нухацтайгаар авч үзэж буй нь сайн хэрэг гэж хэлнэ. Гэхдээ аливааг хурдан хийж байна гэдэг нь чанартай гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, хориглох бус, сурагчдад логик сэтгэлгээ, аргументын бүтэц, мэдээлэл дүн шинжилгээ хийх талаар заах юм бол хиймэл оюуныг маш ашигтайгаар хэрэглэж болно” хэмээсэн юм. Товчхондоо, дэлхий нийт AI-ийг багшийг орлох хэрэгсэл бус, харин тэднийг бичиг цаасны ачааллыг хөнгөвчилж, суралцагч бүртэй тулж ажиллах цаг хугацааг олгох, хүн төвтэй, ухаалаг экосистем хөгжүүлэххэрэгсэл гэж үзэх болжээ.
“ТУРШЛАГА БОЛ МЭДЛЭГ”
AI бидэнд мэдээлэл боловсруулж өгнө, бидний өмнөөс бичнэ, зурна, төлөвлөнө. Гэхдээ логик алдаа, төөрөгдөл, хуурамч мэдээллээс ангид байх, хариуцлагатай шийдвэр гаргах, нухацтай сэтгэх, баримтыг шалгах буюу хүн өөрөө эцсийн шийдвэрээ гаргах үйл явцыг чухалчлах нь хамгийн зөв юм. Энэ нь зөвхөн боловсрол бус, бүх салбарт хамаатай. Хиймэл оюун хөгжих тусам “AI-аар амархан хийлгэчихнэ” гэх хандлага газар авч байхыг үгүйсгэхгүй. Гэвч энэ бүхний эцэст аливаа мэдээлэлд нягт, нямбай хандах чадвар суларч, хуурамч мэдээлэлд автамтгай болох эрсдэлийг бий болгож буйг анхаарах нь зүйтэй. Хурдан шуурхай дүн шинжилгээ хийж, бүх төрлийн мэдлэг мэдээллийг алган дээр тавьж буй эл “шидтэн”-г бид ажилдаа ухаалгаар ашиглаж, хамгийн гол нь эцсийн шийдвэр, сонголтоо хувь хүн өөрийн оюун ухаанд тулгуурлан гаргах хамгийн чухал болоод байна. “Samsung” корпорацын Стратеги төлөвлөлтийн ахлах менежер, “Forbes Asia” сэтгүүлийн онцолсон Азийн шилдэг 30 залуугийн нэг, шатрын спортын мастер Р.Эрдэнэтулга “Tonight show”-нд оролцох үедээ “Мэдлэг бол туршлага” хэмээж байв. Эрдэм мэдлэгийг аргацаасан, бэлэнчлэх хандлагаар бус, бодит туршлага, хичээл зүтгэлээр олж авдгийг сануулахад илүүдэхгүй.
Д.Хэрлэн