Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Мөнхбатад холбогдох хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалан хэлэлцэж, шийдвэрлэлээ. Н.Мөнхбат нь дээрх гаалийн газарт улсын байцаагчаар ажиллаж байхдаа гаалийн мэдүүлгээр импортолсон зөрчилтэй бараанд хяналт шалгалт хийн, гаалийн хилээр нэвтрүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас 2026 оны дөрөвдүгээр сарын 10-нд 500 000 төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг, “Техник импорт” ХХК-ийн гаалийн талбайд тэрбээр гаалийн хяналт шалгалт энэ оны дөрөвдүгээр сард хийсэн бөгөөд тэр үедээ “Марин нью пост экспресс” ХХК-ийн захирал Х.Туяа, түүний нөхөр Н.Бат-Амар нараас гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа гэх хүнээр дамжуулан дээрх мөнгийг авсан хэрэгт буруутгагдсан юм. Н.Мөнхбатад Нийслэлийн прокурорын газрын Авлига, мөнгө угаах гэмт хэрэгт хяналт тавих хэлтсээс Эрүүгийн хуулийн 22.4-1 дүгээр хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль авсан” гэх зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм. Дээрх шүүхээс гаалийн улсын байцаагчид нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, нээлттэй хорих байгууллагад нэг жил хорих ял шийтгэлээ. Түүний хахуульд авсан 500 000 төгрөгийг улсын орлогод оруулахаар болов.
“Марин нью пост экспресс” ХХК-ийнхан гаальд найман нэр төрлийн бараа мэдүүлсэн бөгөөд хяналт, шалгалтын явцад таван сая төгрөгийн татвар ногдох 10 гаруй төрлийн зүйл мэдүүлээгүй нь тогтоогдож, тодорхой хэмжээний мөнгөөр торгуулсан аж. Тус компанийн удирдах албан тушаалтны хувьд Улаанбаатар хотын Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтанд 50 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдон өдгөө шалгуулж буй билээ.
Г.Орчлон