Монгол Улс 3Х3 сагсан бөмбөгийн гурван том тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулсныг спорт сонирхогчдод тоймлон хүргэе. Сүхбаатарын талбайд энэ сарын 23, 24-нд болсон “FIBA 3x3 Sukhbaatar challenger” (FIBA 3x3 Сүхбаатар) дэлхийн гран при тэмцээнд “Улаанбаатар MM энержи”, “Сансар М банк”, “Хархорум”, “Тэрэлж” багийнхан оролцож, 11 орны 16 шигшээтэй өрсөлдлөө. Тэднээс “Улаанбаатар MM энержи”, “Сансар М банк” багийнхан шигшээ наймд шалгарснаар тэмцээнээ үргэлжлүүлэв. “Улаанбаатар MM энержи”-ийнхэн хагас шигшээд Сербийн “Лиман” багийнхантай ширүүхэн өрсөлдсөний эцэст 15:14-өөр хожиж, тэргүүн байрын төлөө тоглохоор шалгарсан. Олон улсын томоохон тэмцээн, “Их дуулга”-д тогтмол өндөр амжилт гаргадаг “Лиман” 3х3 сагсан бөмбөгийн чансаа болон амжилтаараа дэлхийн шилдгүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог мэргэжлийн баг юм. Эл багийн бүрэлдэхүүнд Андрей Милутинович, Михайло Васич, Стефан Миливойевич, Жорже Симеунович, Неманья Жигон болон Душан Попович нар бий. Энэ оны “FIBA 3x3 дэлхийн Их дуулга”-ын нээлт болох Японы “Utsunomiya opener” тэмцээнд аваргалсан тэд Австрийн Вена хотод болсон тэмцээнд мөнгөн медаль гардаж гараагаа тун амжилттай эхлүүлсэн билээ. Энэ удаа манайхан тэдний тэргүүллийг зогсоож, аваргын төлөөх тоглолтод Хорват улсын “Сибона” багийг 21:16-гаар илүүрхэн нутагтаа аваргаар тодров. “Улаанбаатар MM энержи” багийнхнаас олимп, дэлхийн аварга Наурис Миезис, “Сибона”-гийнхнаас Роко Спасески “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан.
Дээрх тэмцээнд эхний гурван байрт орсон баг Швейцарын Лозанн хотод наймдугаар сарын 14-15-нд болох “FIBA 3x3 world tour” “Их дуулга-д оролцох эрх гардлаа. Тэгвэл шигшээ наймд “Сансар M банк” багийнхан АНУ-ын хүчирхэг “Лос-Анжелес”-ын тоглогчдыг ялж, хагас шигшээд “Сибона”-гийнханд хожигдсоноор IV байр эзлэн 8 000 ам.долларын эзэн болов. Тус тэмцээний дараа 25-26-нд “FIBA 3x3 Ulaanbaatar women’s series” дэлхийн эмэгтэйчүүдийн гран при тэмцээний тав дахь цуврал үргэлжилсэн. 10 улсын 16 багийн тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улс зохион байгуулагч орны давуу эрхээр дөрвөн баг (“Улаанбаатар Амазонс”, “Монгол”, “Сүхбаатар”, “Амгалан”) сойсон юм.
Шилдгүүд оролцсон тэмцээнд дасгалжуулагч Стив Сирийн удирдлагад “Улаанбаатар Амазонс”-ынхан хэсгийн эхний тоглолтдоо Сингапурын шигшээ 21:6, сүүлийн шатанд Тайландын багийг 21:9-өөр буулган авч А хэсгийг тэргүүлэв. Тэд шөвгийн наймд Францын 25 насныхны багийг 19:12-оор хожиж, хагас шигшээд БНХАУ-ын тоглогчдыг 21:15-аар ялснаар алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсан. Аваргын төлөө Герман улсын шигшээг 19:18-аар буулган авч тэргүүн байрт шалгарснаар 14 000 ам. долларын шагнал хүртлээ.
Австрийн Вена хотод болсон өмнөх гран при дэд байр эзэлж, мэргэжлийн багуудын дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн “Улаанбаатар Амазонс”-ийнхнаас Амари Робинсон MVP-ээр (Үнэ цэнтэй тоглогч) тодорсон юм. Түүнчлэн 27-нд “FIBA 3x3 Ulaanbaatar world tour” “Их дуулга” тэмцээн эхлэв. Хоёр өдөр үзэгчдийг өндөлзүүлсэн уг тэмцээнд манайхаас “Улаанбаатар MM энержи”, “Сансар M банк” багийнхан долоон орны 12 шигшээтэй ур чадвараа сорив. “Улаанбаатар MM энержи”-гийнхэн хэсгийн эхний тоглолтод Германы “Скайлайнерс” багийг 15:13, сүүлийнхэд мөн тус улсын “Аахен дер стамм”-ын тамирчдыг 21:10-аар илүүрхэн C хэсгийг тэргүүлж, шилдэг наймд үлдсэн. “Сансар M банк” багийнхан хэсгийн шатны эхний тоглолтоо Сербийн “Лиман”-ынхантай өрнүүлж 16:14, дараагийнхад Францын “Тулуза”-гийнханд 19:20-оор хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн юм.