ЦХИХХЯ, ЦЕГ, “И-Монгол академи” УТҮГ, Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын 108 төвийнхөн хамтран “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” зөвлөгөөн зохион байгууллаа. Хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хамгаалах, зөв хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч хэд хэдэн ажил хэрэгжүүлж эхэлснээ албаныхан хэлсэн. Мөн хүүхдийн асуудлыг шийдвэрлэхдээ тэдний дуу хоолойг сонсож, хамтарч шийдэх нь чухал хэмээн онцолсон юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд хийсэн судалгаагаар 13-17 насныхны 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртсөн байна. Түүнчлэн хүүхдүүдийн 90 орчим хувь нь олон нийтийн сүлжээ идэвхтэй ашиглаж, өдөрт дунджаар 3-5 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж буй аж. Тиймээс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалж, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал гэв.
Зөвлөгөөнд төрийн байгууллагуудын төлөөлөл, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, багш нараас бүрдсэн нийт 800 орчим хүн оролцон, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, гарц гаргалгааг тусгасан зөвлөмж боловсруулжээ. Мөн зөвлөгөөний үеэр Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд санал авсан байна.
М.ГЭГЭЭ