Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан, дараа нь УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газарт албан тушаал хаших болсон Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүү гийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ, ХЗДХЯ, УБЕГ, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн болон Дотоод хяналтын баг зэрэг төрийн байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан түүнийг нэлээд хэдэн жилийн өмнөөс Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгасан юм. Улмаар Нийслэлийн прокурорын газраас Д.Ган-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 19.13-1 дэх хэсгийн “Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй” гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Уг хэргийг өмнө нь 2023 оны аравдугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, дараа жилийнх нь гуравдугаар сард тус шүүх хаалттай хэлэлцээд, төрийн нууцыг үрэгдүүлсэн гэм буруутайд тооцон, Д.Ган-Эрдэнэд 650 000 төгрөгөөр торгох ял шийтгэж байсан юм. Энэ удаад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг хэлэлцээд, түүнийг төрийн нууц үрэгдүүлсэн гэм буруутайд тооцсон ч эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.