
Улаанбаатар дахь “Русский Дом”-д “Төөрөг-Домог” түүхэн-намтарчилсан номын танилцуулга болон “Фронт Цэгмид: Ялалтын төлөөх эрхэм үүрэг” баримтат киноны нээлтийн үзвэр зохион байгуулагдлаа.
Энэ үдшийн гол хүндэт зочин нь Аугаа Эх орны дайны жилүүдэд фронтод туслах хөдөлгөөнд идэвхтэй оролцож явсан, Монгол Улсын гавьяат малчин, өдгөө 104 настай хүндэт ахмад дайчин С. Цэгмид гуай байв. Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Монголын ард түмэн “Бүхнийг фронтын төлөө, бүхнийг Ялалтын төлөө!” уриан дор Зөвлөлтийн Улаан армид тал бүрийн тусламж дэмжлэг үзүүлж байсан билээ. Энэхүү чин сэтгэлийн тусламж, эв санааны нэгдлийн нэгэн тод бэлгэ тэмдэг нь Зөвлөлтийн дайчдад зориулсан бэлгийн цувааг фронтод хүргэхэд биечлэн оролцсон С. Цэгмид гуай юм. “Төөрөг - Домог” ном нь С.Цэгмид гуайн амьдралын замналыг өгүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын зуу гаруй жилийн түүхэн үйл явдлыг хамарсан бүтээл юм. Энэхүү ном нь зөвхөн нэгэн хүний намтар бус, тухайн цаг үеийн үнэт баримтат гэрч, нэгэн үеийнхний хувь заяа болон Монгол, Оросын ард түмний найрамдалт харилцааны түүхийг тусган харуулсан чухал бүтээл болжээ.
“Фронт Цэгмид: Ялалтын төлөөх эрхэм үүрэг” баримтат киног Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз С.Цэгмид буурайгийн үр хойч болон төслийн уран бүтээлчдийн багийн оролцоотойгоор бүтээсэн байна.
Арга хэмжээний үеэр С. Цэгмид гуайн төрөл төрөгсөд, төслийн зохиогчид, түүний нутгийнхан, Монгол Улсын төрийн болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөл, мөн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлэв. Зочдод хандан С. Цэгмид гуай урт удаан наслах, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. “Би та бүхэндээ насаа дамжуулъя” хэмээн 104 настай хүндэт ахмад хэлэхэд танхимд хүрэлцэн ирсэн зочид халуун алга ташилтаар талархал, хүндэтгэлээ илэрхийлэв.