Монголчууд бид хөгжлийн гарц, хөдөөгийн амьжиргааг дэмжих “шидэт жор” хайх бүрдээ хоршоо гэдэг үгийг уриа лоозон шиг урдаа барьдаг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд ч “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, олон зуун тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий томоохон хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч эл хөдөлгөөн үнэхээр малчдыг үйлдвэрлэл, зах зээлтэй холбосон кластер тогтолцоог бий болгож чадсан уу гэвэл эргэлзээтэй. Харин ч сонгууль угтсан улс төрчдийн ээлжит шоу байх нь элбэг.
Уг нь хууль, эрх зүйн хувьд бид хоршоог нарийвчлан тодорхойлж ирсэн. Иргэний хуулийн 36.4-т “Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ” гэж цагаан дээр хараар бичсэн байдаг. Олон улсын жишгээр ч хоршоо нь гишүүд нь өөрсдөө өмчилдөг, хянадаг, удирддаг гишүүн төвтэй байгууллага юм. Гэтэл манайд энэ тогтолцоо бүрэн алдагджээ.
НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 1.1 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
Статистик мэдээллээс харвал 2023 оны эцсээр манай улсад 4827 хоршоо бүртгэлтэйгээс 1570 нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв. Гэтэл 2024 оны сонгуулиар “хоршоо байгуулбал мөнгө өгнө” гэдэг улс төрчдийн урхи, санал худалдаж авах ээлжит технологийг хэрэгжүүлж эхэлснээр өдгөө хоршооны тоо 15 мянга давж хөөсрөв. Харамсалтай нь, тоо өссөнөөс биш, үр дүн, чанар нь сайжирсангүй. Өдгөө эдгээр хоршооны 20 гаруй хувь нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрөөс 11 мянган “үхмэл” хоршоог цаасан дээр байгуулж, 900 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг асар богино хугацаанд шалгуур, шүүлтүүргүй зүгээр л олгосон. Үр дагаварт нь хүүгийн татаас, зээлийн батлан даалт зэрэгт татвар төлөгчдийн олон тэрбум төгрөг урссаар буй нь гачлантай.
Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсголын үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван малчны зээлийн багц тасралтгүй өсөж, 2021 оныхтой харьцуулбал 40 гаруй хувиар нэмэгдсэн бөгөөд нийт зээлийн үлдэгдэл 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар 1.1 их наяд төгрөгт хүрсэн тухай танилцуулсан. Тухайлбал, 2025 онд малчдад нийт 867, 2026 оны эхний дөрвөн сард 412 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэхүү зээлийн үндсэн хүү нь 18 хувь ч Засгийн газраас 12 хувийн хүүгийн татаасыг татвар төлөгчдийн халааснаас гаргаж, малчид өөрсдөө зургаан хувийг нь төлж буй гэнэ.
Төрөөс малчдыг хоршиж, дундын үйлдвэрлэл, зоорь, тоног төхөөрөмжтэй болохыг уриалан их хэмжээний хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкнуудаар дамжуулан олгосон нь үнэн. Гэвч хамгийн гол шалгуур нь хоршооны алсын хараа, бизнесийн зорилго, гишүүдийн чадавхад биш, харин малчдын А данс буюу малын тоо толгой л болоод байна. Малын тоонд нь үндэслээд олгочихсон олон сая төгрөгийн зээл яг зорилтот бүлэгтээ хүрч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлж байна уу гэвэл үгүй. Зээл авсан малчид түүгээрээ үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, сүү, махны чиглэлийн технологи худалдаж авахаас илүүтэй хотын төвд байр захиалах, унаа тэргээ солих, мотоцикл авах зэргээр хэрэглээний зардалд зориулаад дуусгаж буй. Товчхондоо, энэ нь үйлдвэрлэлийг дэмжих зориулалттай хөрөнгө оруулалтын биш, зүгээр л малчдад зориулсан хэрэглээний зээл болон хувирчээ.
“ХУУЧИН ХОРШООД, ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДЭД ХҮРТЭЭЛГҮЙ ӨНГӨРСӨН”
Үүнээс гадна тухайн орон нутагтаа чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж, хоршоо байгуулаад үйлдвэрлэл эрхлэх гэж буй жирийн иргэдэд зээл олгодоггүй аж. Энэ талаар тариаланч Л.Халтар “Уг нь улсаас хоршоо дэмжих санаачилга гарган, цөөнгүй ажил хийж байгаа нь талархууштай. Гэхдээ цогц бодлогоор, урт хугацаанд дэмжсэн зүйл алга. Ажлаа улс төрийн мөчлөгөөр л, сонгуулийн давтамжтайгаар явуулдаг. 2012 онд “Хөдөөг хоршоолох аян” гээд л сүрхий ажил эхлүүлсэн ч 2015 он хүрэлгүй замхарсан. 2024 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн үүсгэж, бүх аймаг, сумаар төрийн албаныхан яваад хоршоо байгуул гэж шахсан. Одоо л хоршоодыг дэмжих нь гэтэл зөвхөн зээлийн шаардлага хангахуйц малчдад л нэмж мөнгө гаргаад явчихсан. Түүнээс хуучин хоршоод, газар тариалан эрхлэгчдэд хүртээлгүй өнгөрсөн. Үүнээс гадна төсөл, хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлүүдийг дундаж давхаргынхан, ажил хийе гэсэн хүмүүс нь авч, хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэж чаддаггүй. Барьцаа хөрөнгө ихтэй, өмнө нь зээл авч байсан, танил талтай хүмүүс л нэмж зээл авдаг” хэмээсэн нь бий.
Энэ бол ердөө ганцхан жишээ. Үүнээс манай хоршооллын систем хэр гажуудаж, улс төрчид ямар “холион бантан” хутгасныг харж болно. Мөн бодлого нь урт хугацааных биш, ердөө дөрвөн жилийн мөчлөгтэй, дараа дараагийн эрх баригчдын иргэдэд танигдах талбар, санал худалдаж авах арга нь болоод уджээ.
ГУРВАЛСАН ГИНЖИН ХЭЛХЭЭГ ЧУХАЛЧИЛДАГ
Манайд үйлчилж буй хоршооллын системийг өндөр хөгжилтэй орнуудын бодит туршлагатай харьцуулж үзвэл бид хаана нь бүдэрч, хаашаа явах ёстой вэ гэдэг гаргалгаа тодорхой харагдана. БНХАУ сүүлийн 10 жилд олон сая иргэнээ ядуурлаас гаргаж чадсан дэлхийн гол тоглогчдын нэг бөгөөд үүний ард Ядуурлыг бууруулах, хоршооллыг дэмжих зорилтот бодлого нь байдаг. Тэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ компани+хоршоолол+тариаланч гэсэн маш нарийн гурвалсан гинжин хэлхээ шаарддаг аж. Мөн төрөөс дэд бүтэц, цахилгаан, авто замын асуудлыг нь бүрэн шийдэж, хөнгөлөлттэй зээл олгодог. Өөрөөр хэлбэл, бэлэн хоол халбагдаж өгөхийн оронд хэрхэн баялаг бүтээж, түүгээрээ ашиг олох аргыг нь зааж өгдөг гэсэн үг.
Үүнээс гадна төрөөс тариаланчдад үрсэлгээ, технологийг үнэ төлбөргүй олгож, сургалтад хамруулахын зэрэгцээ ургацыг нь зах зээлийн тогтвортой үнээр худалдаж авах баталгааг хувийн хэвшлийн компаниудаар дамжуулан гаргаж өгчээ. Түүнчлэн тосгон бүрд цахим худалдааны үйлчилгээний цэг байгуулснаар өдгөө нутгийн залуус интернэт сүлжээ ашиглан бүтээгдэхүүнээ “Алибаба”, “Таобао” тэргүүтэй цахим платформоор дамжуулан нэмэлт зардалгүйгээр хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Энэ нь жинхэнэ утгаараа ядуурлаас гарах хөшүүрэг болж чаджээ. Мөн тухайн хоршооны менежмент, бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах ажлыг хувийн хэвшлийн технологижсон, туршлагатай компаниудтай заавал гэрээгээр холбож өгдөгт хамаг учир бий. Ингэснээр төрөөс олгосон зээлийн санхүүжилтийг бэлэн мөнгөөр биш, дэвшилтэд технологи, ухаалаг хүлэмж зэрэг үйлдвэрлэлд шилжүүлдэг юм байна.
Тэгвэл барууны өндөр хөгжилтэй орнуудад хоршооллыг хэрхэн хөгжүүлдэг вэ. Жишээлбэл, Шинэ Зеландын хөдөө аж ахуйн салбарын “ноён нуруу”, дэлхийн сүүн бүтээгдэхүүний зах зээлийн аварга тоглогч бол “Фонтерра” (Fonterra) хоршоолол юм. Энэ нь Шинэ Зеландын 10 гаруй мянган фермерийн хамтран эзэмшдэг, дэлхийн хамгийн том хоршооллуудын нэг билээ.
“Фонтерра”-гийн амжилтын нууцыг маш энгийнээр хэлбэл, эзэн нь хариуцлагатай, удирдлага нь мэргэжлийн байгаад л оршдог. Манай малчид “Би мал маллаж байгаа юм чинь төрөөс зээл өгөх ёстой, түүнийг нь яаж үрэх нь миний дур” гэсэн бэлэнчлэх хандлагаар ханддаг бол Шинэ Зеландын фермерүүд өөрсдийгөө зүгээр нэг түүхий эд нийлүүлэгч биш, тухайн хоршооны жинхэнэ эзэд буюу хувьцаа эзэмшигч гэж хардаг. Тэд хэдий чинээ чанартай сүү нийлүүлнэ, компани нь төдий чинээ ашигтай ажиллаж, өөрсдөө илүү их ногдол ашиг хүртэнэ гэдгийг маш сайн ухамсарладаг тул хэн нь ч ажилдаа хойрго ханддаггүй.
Нөгөө талаас хоршооны удирдлагыг малчид дундаасаа сонгож, аль эсвэл хэн нэгэн дарга дур мэдэн томилдоггүй. Харин дэлхийн хэмжээний хамгийн өндөр чадвартай, мэргэжлийн топ менежерүүдийг хөлслөн ажиллуулдаг аж. Тэдгээр менежер нь улс төрөөс хараат бусаар, бизнесийн зарчмаар ажиллаж, компанийг олон улсын зах зээлд хэрхэн гаргах вэ гэдэгт л хамаг анхаарлаа төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, чанар, стандарт, инновацыг нэгдүгээрт тавьдаг учраас Шинэ Зеландын сүү өдгөө дэлхийн брэнд болж чаджээ.
ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДЛЫГ ЗАСАХ БОЛОМЖ БИЙ ЮҮ
Иргэдийн шүүмжлээд буй шиг манай улс 2012 онд “Хөдөөг хоршоолох аян” гэж сүржигнэж байгаад 2015 онд замхруулсан түүх бий. Одоогийн “Шинэ хоршоо” хөдөлгөөн ч мөн адил түүх давтаж, сонгуулийн дараа буух эзэн буцах хаяггүй болж, банкнуудын чанаргүй зээлийн багцыг зузаатган, малчдыг өрийн дарамтад оруулах вий гэдэг айдас нийгэмд хэдийн бий болжээ. Тиймээс зээлийн шалгуурыг малын тоогоор биш, тухайн хоршооны дундын үйлдвэрлэл, төслийн бодит үр өгөөжийг харгалзаж шийдэх ёстой. Санхүүжилтийг бэлэн мөнгөөр иргэдийн хувь дансанд хийхийн оронд зөвхөн хоршооны дундын хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмж, технологи, дэд бүтцийг нийлүүлэгч компанид нь шууд шилжүүлдэг Хятадын туршлагыг ч нэвтрүүлэх учиртай. Хоршооллын бодлогыг яам, тамгын газрын хэн нэгэн албан тушаалтны өрөөнд, эсвэл сонгуулийн сурталчилгааны танилцуулаххуудас дээр биш, баялаг бүтээгч жирийн иргэд, газар тариалан эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдэд нээлттэй, тэгш хүртээмжтэй болгох нь нэн тэргүүнд шийдэх асуудал болоод байна. Мөн Шинэ Зеландын “Фонтерра” шиг мэргэжлийн засаглалыг хоршоололд нэвтрүүлснээр сүү, мах боловсруулах үйлдвэрлэл, маркетинг, брэндинг, борлуулалтын сувгийг мэргэжлийн менежерүүд удирдаж, малчид зөвхөн түүхий эд нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчийн хувиар оролцдог цогц экосистемийг бүрдүүлэх боломжтой аж. Товчхондоо, зөв нутагшуулж чадвал Монголын хөдөө аж ахуйг дэлхийн түвшинд гаргах хамгийн хүчирхэг зэвсэг бол хоршоолол мөн. Гэвч үүнийг эрх баригчид нь улс төрийн явцуу зорилгынхоо хүрээнд ашиглаж, иргэд нь хөдөлмөрлөхгүйгээр мөнгө олох боломж мэтээр харж буй нь л хөгжлийг чөдөрлөх гол шалтгаан болоод буй юм.
Э.Сүйлэн