Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
УИХ-ын гишүүн Бадамдоржийн Пунсалмаа бээр 1995 онд ерөнхий боловсролын 45 дугаар сургууль, 2002 онд МУИСийг банкны эдийн засагч мэргэжлээр төгсжээ. 2002-2003 онд “Капитрон” банканд ажилласан бол 2006 оноос “М ойл групп”- ээ удирдаж эхэлсэн байна. Бизнесийн салбарынхан, цөөнгүй бизнесмэнийн адилаар тэр улс төрд орохоор шийдсэн үү, юутай ч 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн. Ингэхдээ тойргийнхоо гэр хорооллын гудамж бүрд худаг гаргаж өгнө хэмээснээр нэг талаас ичиг, нөгөө талаас инээдэм болсон түүхтэй. Гэр хорооллынхны амьдралын хэвшил, онцлог, худгийн талаар ойлголтгүй, хөнгөн хийсвэр сэтгэлээ хэмээн шоолуулж, “худаг Пунсаа” хоч аваатахсан. Гэхдээ 2024 онд тэрбээр худаг ус ярьсангүй, “мөнгөө төлөөд” намын жагсаалтын эхний 10-т багтан УИХ-ын гишүүн болсон гэх хүн цөөнгүй бий.
“Мөнгөө төлсөн” гэдгийн учир нь тэрбээр “Их Монгол товер”, “Эм пи”, “М ойл групп”, “Инвестос ББСБ”, “Монгол ойл групп” зэрэг 10 гаруй компанийн 10-100 хувийг эзэмшдэг чинээлэг нэгэн. Нөгөөтээгүүр, нөхөр Р.Баярбаатар нь УИХ-ын гишүүн асан, МАН-ын “гол тоглогч”-дын нэг гэгдэж байсан Сү.Батболдын хүүхдүүдтэй хоршин “Глобал лайн”, Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Бат-Эрдэнэтэй хамтран “Тайширын хүдэр” зэрэг компанид хувь эзэмшдэг аж. Үүнээс улбаалан Б.Пунсалмааг Ардчилсан намын нэртэй ч Монгол Ардын намын олигархиудын нөмөртэй хэмээн зарим сайтад бичсэн байна билээ.
2020 оны сонгуульд бэлтгэн “Эмэгтэйчүүдийн хүчийг нэгтгэн Монголын хөгжлийг тогтворжуулна” гэсэн уриатай “Пунсалмаа” санг үүсгэн байгуулжээ. Тус сан нь сургалт, санхүү, сурталчилгаа зэрэг чиглэлд ажиллан, бүтээгч, манлайлагч эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжинэ гэж байв. “Монголыг хөгжүүлэх 100 эмэгтэй” цуврал сэтгүүлийг эрхлэн хэвлүүлэхээ зарлан, эхний ганц хоёр дугаарыг уншигчдад хүргэсэн ч удалгүй сураг алдарчээ. Гэсэн ч Б.Пунсалмаа зүгээр суусангүй бололтой, дараагийн сонгуульдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүчийг ашиглахаар шийдэв үү, хөрөнгө оруулалтын “Шарк танк” нэвтрүүлгийн шарк болж, “М ойл групп” компаниараа дамжуулан цөөнгүй төсөл, хөтөлбөр, шоу тоглолтыг ивээн тэтгэж, хүмүүст танигдсан. Улмаар эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх зорилготой “Mongol made” төслийг санаачилж, импортын саванг халах монгол савангийн үйлдвэрлэлийг эхлүүлсэн гавьяа ч бий. Харин 2023 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн ч УИХ-ын гишүүн Б.Жаргаланд ялагдсан байгаа юм.
Улс төр болон нийгэм дэх байр сууриа бүсгүйчүүдтэй холбодог, эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөж, ажил эрхлэлтийг дэмжих маягаар улс төрд орон зайгаа эзлэн, имижээ бүрдүүлэх зорилго агуулдаг нь эдгээрээс нь анзаарагдана. Гэсэн ч эл сэдэв нь төдийлөн ахицгүй, ялгарч цойлсон манлайлалгүй хэвээр байна. Түүнийг УИХ дахь дундаж, идэвх, оролцоо муутай гишүүдийн нэг гэхэд болно. Дайран дээр давс гэгчээр хувийн бизнесийг нь эс тооцвол, хүүхнүүдээр саван хийлгэхээс өөр ахицгүй, шаркаас өөр имиж бүрдүүлж чадахгүй яваа түүнийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” компанийн хөрөнгийг завшсан хэмээн зарим эх сурвалж өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлсэн. Тус компанийг УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай хамтран залилж, хөрөнгөөс нь завшин сонгуулийнхаа сурталчилгаанд ашигласан гэж үзэн нэр бүхий хүмүүс хуулийн байгууллагад хандсан байдаг. Эл асуудал одоогоор эцэслэн шийдвэрлээгүй, хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм. Сүүлд тэрбээр нэр бүхий гишүүдийн хамт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Уг төсөлд малчин айлын хүүхдүүд 1, 2 дугаар ангийн хичээлээ зайнаас суралцан, гуравдугаар ангиасаа танхимд хичээллэж эхлэхээр тусгасан аж. Энэ бол малчин айлын хүүхдүүдийг сурлагын хоцрогдолд хөтлөх, боловсролын ялгаа үүсгэх бүтэлгүй санаа хэмээн шүүмжлэх хүн олон байгааг эрхэм гишүүн анзаараасай.