Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай 07 дугаар тогтоолыг энэ сарын 20-ноос мөрдөж эхэллээ. Эл тогтоолд эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн онцлох өөрчлөлт оруулсны нэг нь А13 маягтыг сэргээсэн явдал байв. Тодруулбал, тогтоолын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зөв зохион байгуулахын тулд анхан шатныхыг нэмэгдүүлж, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах гэнэ. Өөрөөр хэлбэл, тус тогтоолын 5.4.3-т “Даатгуулагч анхан шатны эрүүл мэндийн байгууллага илгээгүй буюу өөрийн хүсэлтээр лавлагаа шатлалын амбулаторийн тусламж, үйлчилгээг давтан авсан бол тохиолдол бүрд 20 000 төгрөгийг тухайн эрүүл мэндийн байгууллагад төлнө” гэжээ. Мөн улсын гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх цаг авсан ч тухайн хугацаандаа очоогүй бол 20 000 төгрөг төлөх юм.
Харин есөн төрлийн тусламж, үйлчилгээг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын амбулаториос шууд авах боломжтой. Үүнд халдварт өвчин, шүд, нүд, амны хөндий, чих, хамар, хоолой, осол, гэмтэл, арьс, харшил, сэтгэц, зан үйл, мэс засал, диализийн тусламж, үйлчилгээ багтаж буй. Харин бусад төрлийн өвчин, эмгэгийн үед өрхийн эмчийн шийдвэрийн дагуу лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлнэ. Мөн жирэмсний хяналтад орж буй тохиолдолд Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/292 тушаалд заасны дагуу анхан шатны эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад байх бөгөөд шаардлагатай тохиолдолд дараагийн шатныханд хандаж болох нь.
Ч.Болор