Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ.
2014 оны БАЛДОРЖ шагналын Гранприг “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ” сурвалжилгаараа хүртсэн юм.
Н.Саранчимэг гэх 27 настай эмэгтэй найман сартай Г.Шинэбаяр хүүтэйгээ ор сураггүй алга болоод яг зургаа хонож байна. Тэрбээр зургаан цаг гаруй хэн нэгнийг ирж амийг нь аврах болов уу хэмээн итгэж, найдаж хүлээсээр ОХУ руу цутгаж буй Сэлэнгэ мөрнөөр урсан хилээр гарч одсон байна лээ. Хойд хөршийн хил рүү гарсан гэдгийг яаж мэдээд байна вэ гэж та бүхэн асуух байх. Тэгвэл хамгийн сүүлд Н.Саранчимэг бүсгүйн “Ядахдаа хүүг минь амьд дээр нь авчих л даа. Би та нараас гуйж байна. Авраарай” хэмээн чангаар орилох дуу гарсан гэдгийг Сэлэнгэ мөрний дагуух хилийн заставт манаанд гарч байсан Хилийн цэргийн 0243 дугаар ангийн манааны ахлагч сонсжээ. Энэ тухайгаа хилийн цэргийн алба хаагч дээш нь мэдэгдсэн байна. Түүнийг энэ тухайгаа дарга нартаа хэлээд арван минут болоогүй байхад Тавтын заставын харуул мөн л голын ойролцоо газраас “Авраарай. Хүү бид хоёр энд байна. Авраач дээ” хэмээн эмэгтэй хүний цөхрөнгөө баран уйлах дууг сонссон байгаа юм. Түүнээс хойш Н.Саранчимэг магадгүй аврал эрэн орилоогүй ч байж мэднэ.
ОХУ-ААС ХИЛ РҮҮ НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧЭЭ
Ингээд л ор сураггүй алга болжээ. Тэднийг ар гэрийнхэн нь Онцгой байдлын албан хаагч нартай ОХУ-ын хилийн ойролцоо самналт хийн эрж, хайж байгаа боловч олдоогүй байна. Ар гэрийнхэн нь “Амьд байгаасай. Хэн нэгэн аварчихсан байгаасай” хэмээн итгэж найдаж хүлээж сууна. Уншигч та бүхэн юуны талаар бичээд байгааг минь гадарлаж байгаа байх. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт (2012.11.10)Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын найман хүн Сэлэнгэ мөрнөөр гарч байгаад мөс нь цөмөрч, усанд унасан билээ. Тэдний зургаан том хүн нь амьд гарч, найман сартай хүүгээ тэвэрсэн Н.Саранчимэг мөсөн дээр тэгнэн гол уруудаж, үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хилээр гарсан билээ. Энэ талаар сурвалжлахаар Сэлэнгэ аймгийг зорьсон юм.
Бага үдийн алдад нийслэлээс хөдөлж, орой нар жаргахтай зэрэгцэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд очлоо. Сэлэнгэ аймгийн төвийн Таван шар гэх газарт байх алга болсон ээж хүүгийн ар гэрийнхний байгаа газар очиж уулзсан юм. Биднийг очихоос өмнөхөн тус аймгийн Онцгой байдлын албан хаагч нар ирж ар гэрийнхэнтэй нь уулзаад явсан байлаа. Тэд ээж, хүү хоёрыг хайхаар хойд хөршийн хилээр нэвтрэх зөвшөөрөл авсан гэдгээ дуулгаад буцсан байна. Маргааш өглөө эртлэн 08.00 цагаас ээж хүүг хайх ажил ОХУ-ын хил рүү нэвтэрч Наушки тосгоны наад хавиар хайх ажил эхлэх юм гэнэ. Мөс тэгнэн гол уруудаж урссан Н.Саранчимэг болон түүний хүү Г.Шинэбаяр нарын ар гэрийнхэн бүгд цугларчээ. Мөн тэр хоёртой хамт усанд осолдож арай гэж амьд гарсан хүмүүс ч ирцгээсэн байв. Тэднээс тухайн үед юу болсон талаар асуулаа.
Сэлэнгэ гол гаталж байгаад мөс нь цөмөрч усанд живсэн хүмүүс бүгд айл саахалтаараа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд өвөлжиж байгаа гэнэ. Тэд өглөө эртлэн үнээгээ саагаад аймгийн төв оруулж борлуулан амьдралаа залгуулдаг хү мүүс юм байна. Осол болдог өглөө ч гэсэн сүү гээ зарахаар аймгийн төвд ирцгээжээ. Хэрэв гүүрээр гаталж явах юм бол 80 гаруй километр явж Сэлэнгэ аймгийн төв ордог байна. Харин Сэлэнгэ, Орхон голын бэлчрээр гатлах юм бол 20 хүрэхгүй километр яваад л аймгийн төвд оч дог аж. Бүр аймгийн төвийн таксинд явдаг нэг хүнтэй аман гэрээ байгуулжээ. Олуулаа ирэх юм бол нөгөө жолоочдоо хэлээд “Портер” машиныг нь дууддаг гэнэ. Харин цөөн хүнтэй бол суудлын тэргээр аймгийн төв хүргүүлдэг байна.
Өмнөх жилүүдийн өдийд Сэлэнгэ гол тас хөлддөг үе гэнэ. Харин өнөө жил цаг агаар хүйтрэхгүй байгаагаас Сэлэнгэ мөрөн огт хөлдөлгүй мэлтэлзэж байгаа юм байна. Зөвхөн цармын 12 дугаар тоочик дээрх боолт хийсэн гарам дээр ус хөлджээ. Түүгээр хүмүүс жилийн жилд л гол гаталдаг юм байна. Өглөө сүүгээ зарахаар гол гатлах үед мөс хүн даахаар хөлдсөн байжээ. Харин орой 18.00 цагийн орчимд ирэхэд бага зэрэг уярсан байж. Эхлээд ээжтэйгээ алга болсон хүү гийн аав Ш.Ганбат, түүний араас айлынх нь залуу Оюунболд тэгээд Н.Саранчимэг хүүгээ тэврээд гарч эхэлсэн юм байна. Бүгд голын дунд хэсэгт явж байтал арав хүрэхгүй метрийн зайд байрлах төмөр замаар галт тэрэг явж өнгөрчээ. Мэдээж галт тэрэг тэр хавийн газрыг нэлээд доргиож явсан байгаа юм. Үүнээс болж өдрийн наранд уярсан мөс цөн түрж бутарчээ. Хамгийн сүүлд явж байсан 63 настай Мягмар гуай хамгийн түрүүнд цөмрөн усанд унасан байна. Мягмар гуайг хамт явж байсан Өсөхбаяр мөснөөс татаж гаргах гэж нэлээд оролдоод, хагарсан том мөсөн дээр арайхийн гартал нөгөө хэд нь аль хэдийнэ урсгал даган одсон байсан аж. Энэ хооронд хүмүүс эрэг рүү тэмүүлж, зарим нь урсан ирэх мөсөнд цохиулан усанд умбаж байсан байна.
“ГАНБАТ АА, МИНИЙ ХАНЬ СЭЛЭЭД БАЙГААРАЙ. ЧИ ЗААВАЛ АМЬД ҮЛДЭХ ЁСТОЙ. ХҮҮХДҮҮДДЭЭ НЭГ НЬ Ч ГЭСЭН АМЬД ҮЛДЭХ ХЭРЭГТЭЙ. ЧИ ЧАДНА АА ЗҮТГЭЭД БАЙ” ГЭЖ НӨХӨРТӨӨ ХЭЛЖЭЭ
Голын мөс цөмөрч усанд унах нь унаж, зарим нь мөсөн дээр тогтож үлдсэн гэнэ. Саранчимэг хүүтэйгээ, түүний нөхөр Ганбат, хажуу айлын залуу Өлзийсайхан нар ширээний тавцангаас томгүй мөснөөс зуурч амьд гарсан байна. Ш.Ганбат Н.Саранчимэг хоёр хүүгийнхээ хамт нэг том мөсөн дээр гол уруудсан ч доорх мөс нь даахгүй живж эхэлсэн байна. Тэр үед Ганбат ус руу үсэрч, эхнэр хүү хоёроо үлдээсэн гэдэг. Энэ үед нэг мөсөн дээр гарч, мөс нь тасарч үлдсэн Өлзийсайхан сэлсээр голын эрэг дээр гарчээ. Харин Ганбат сэлж чадалгүй живж эхэлжээ. Тэр үед мөсний хэлтэрхий дээр хүүгээ тэврээд гол уруудаж явсан Саранчимэг “Ганбат аа миний хань сэлээд байгаарай. Чи заавал амьд үлдэх ёстой. Хүүхдүүддээ нэг нь ч гэсэн амьд үлдэх хэрэгтэй. Чи чадна аа зүтгээд бай” хэмээн зоригжуулсан гэнэ. Эхнэр нь өөрөө унах гэж байж нөхрийгөө ингэж хэлсэн нь Ганбатад голын эрэг рүү дөхөж очиход хүч өгсөн хэмээн ярьсан юм. Ганбат сэлэхийг оролдож, эрэг рүү тэмүүлсэн ч монгол гутлыг нь ус бумбадаж, доош нь татаад, дээл нь гар, хөдөлгөөнийг нь хорьж байсан гэдэг. Бүсээ тайлах гэж ноцолдож байх зуур нь “Ханиа том мөс ирж байна. Доошоо ороорой” гэж Саранчимэг хашгирсан байна. Түүний ингэж хэлэхийг сонсоод доошоо шумбаад эргээд гарч ирэхэд нь машины дайны том мөс өнгөрч байсан гэв.
Хамаг чадлаараа ус самардаж байтал гэнэтхэн гараас нь хүн татаж голын эрэг дээр гаргасан нь Өлзийсайхан байжээ. Голын хүйтэн усанд сэлж гарсан Өлзийсайхан Ганбатын амийг ийнхүү аварчээ. Хамт явж байсан хүмүүсийн ихэнх нь голын эрэгт хүрч чадаж амьд гарцгаасан гэнэ. Тэднээс Оюунболд гэх залуу Мягмар гэх хөгшнийг уснаас татаж гаргасан байна. Н.Саранчимэг хүүгээ тэврээд тэдний араас Цэрэнням гэх хөгшин мөсөн дээр суун гол уруудсан байна. Эхнэр хүүхдээ аврах гэж Ганбат гол руу орох гэсэн боловч хамт байсан хүмүүс оруулаагүй хоригложээ. Ганбат эхнэр хүүхдээ уснаас гаргах гэж гутлаа тайлаад хөл нүцгэн хэсэг гүйгээд ухаан нь балартаж унасан гэнэ. Үүнээс цааш Ганбат юу ч санахгүй байгаа юм билээ. Цэрэнням гэх 57 настай эмэгтэйн хүү ээжийгээ мөсөн дээр суугаад голоор урсаж байгааг цаад эргээс нь харсан байна. Тэгээд морьтойгоо дагаж давхиад ээжийгээ гүйцэж чадалгүй алджээ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧИД НЭГ Ч ХҮНИЙ АМИЙГ АВРААГҮЙ. ТЭД ӨӨРСДИЙНХӨӨ ЧАДЛААР Л ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР ГАРСАН
Голын мөс цөмөрч хүмүүс живж байгаа талаар дуудлага Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрынханд 18.12 цагт ирсэн байна. Дуудлага ирсэн даруйд Онцгой байдлын албан хаагчид хөдөлж, арав хүрэхгүй минутад иржээ. Осол болсон газарт аврах ангийн 20 гаруй албан хаагч ирсэн байгаа юм. Тэдний багаж гэвэл хийлдэг завь байсан гэнэ. Өөр ямар ч багаж хэрэгсэл байгаагүй аж. Ядаж л гар чийдэн, холбоо барих станц, гар утас ч үгүй байсан гэдгийг ар гэрийнхэн нотлон ярьсан юм. Тэд хятад асаагуураар гэрэл хийж, ар гэрийнхний утсаар хоорондоо холбоо барьж байсан аж. “Аврагчид эрдэнэт хүний амь нас аврах чин сэтгэл, зүтгэл алга” хэмээн Н.Саранчимэгийн ар гэрийнхэн хэлж байсан. Онцгой байдлын албан хаагчид хоорондоо холбогдох богино долгионы станц, гар чийдэн, бээлий, усны хувцас гээд наад захын хэрэглэгдэх зүйлс юу ч байхгүй байсан гэнэ. Бүр гар утсанд нь нэгж байхгүйгээс болоод хоорондоо холбогдож чадахгүй голын эргийн бургасанд төөрөөд нэгнийгээ дуудаж явсан байна.
Энэ талаар Н.Саранчимэгийн хадам эгч Л.Гэрэлт-Одоос цөөн асуултад хариулт авлаа
-Цэрэнням гэх эмэгтэй болон хүүтэйгээ алга болсон Н.Саранчимэг нарыг аврах гэж Онцгой байдлын албан хаагч нар ямар ажил хийсэн бэ?
-Сүүлийн үед хэвлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцгой байдлын аврагч нар найман хүн усанд осолдсоноос зургааг нь арай гэж аварлаа. Бид чадах чинээгээрээ зүтгэж зургаан хүний эрдэнэт амийг аварч чадлаа. Зургаан хүний амийг аврах гэж байгаад хүүхэдтэй эмэгтэйг яаж ч чадахгүй урсгачихлаа гэх мэт зүйлс яриад сууж байх юм. Үнэндээ Онцгой байдлын газрынхан нэг ч хүний амийг авраагүй шүү дээ. 25-30 настай хоёр эмэгтэй хүнээс л дор байсан гэдгийг шууд хэлмээр байна. Манай Саранчимэг хүүхэдтэйгээ, Цэрэнням гуай ганцаараа мөсөн дээр 20 гаруй километр явсан. 18.10 цагт мөсний хэлтэрхий дээр суугаад 23.00 цаг хүртэл явсан. Энэ үед нэг ч аврах ажиллагаа хийлгүй гол дагаад л яваад байсан. Мэргэжлийн хүмүүсээс сонсоод байх нь ээ тактикийн ямар ч ажил хийгээгүй юм билээ. Уг нь бол голын нарийн хэсгээр боолт хийж цаад талд нь дахиж боолт хийгээд хүний амийг авардаг юм байна лээ. Мөн голыг хөндлөн уяагаар бөхөлж уяад завиар тосоод зогсож байгаад аврах гээд л их олон боломж байсан. Гэвч ийм ажил хийх нь битгий хэл өөрсдөө голын эргийн бургасанд төөрөөд яваад байсан. Хүн нь доошоо урсаад байхад чинь голоо өгсөж самналт хийгээд байсан. Хүн доошоо дуу нь гараад яваад өглөө. Тийшээ яв гэхээр бусдыгаа хүлээж байна. Даргаас үүрэг ирээгүй бол хаашаа ч явахгүй. Хуулиндаа бол шөнө явах ёсгүй гээд хөдөлж өгөхгүй байсан. Тэр үед үнэхээр гайхсан. Та нар завиа голд тавиад араас нь явахгүй юм уу гэхээр ганцхан хийлдэг завьтай. Мөс ирээд цохивол хагараад өөрсдөө үхэх юм болно. Гол руу орж болохгүй гээд байсан. Бүр сүүлдээ аргаа бараад усны хувцас гар чийдэн байна уу гэхээр зуны хувцас бий. Энд байхгүй байна. Ус нэвтрээд байдаг юм. Харин гар чийдэн, станц байхгүй байна. “Бусадтайгаа холбогдох гэсэн юм утсаа өгөөч” гээд утас гуйж аваад яриад байгаа юм. Ингэж цаг алдаж бид онцгой байдлынханд амийг нь аврах болов уу гэж итгэснээс болж хоёр хүнээ алга болгочихоод амьдаараа хатаж сууна.
-Тэдэнд багаж хэрэгсэл юу ч байхгүй байсан юм байх даа?
-Хүмүүсийн хэлж буйгаар онцгой байдлын албанд хүн уснаас аврах ямар ч багаж хэрэгсэл байхгүй юм билээ. Үүнээс болоод албан хаагчид хүний амь аварч чадахгүй байна. Гар хоосон өмссөн хувцастайгаа зогсож байгаа хүмүүс яаж хүн аврах юм бэ. Үүнийг дээд албан тушаалтнууд нь огт мэдэхгүй юм билээ. Цэрэнням эгчийн охин бид хоёр голын эрэг дагаад л гүйгээд байсан. Тэндээс хашгирах дуу гараад л 20 гаруй километр яваад онцгойгийн аврагч нараас түрүүлж Хилийн багана дээр ирсэн. Харуулд гарч байсан цэргүүд голын тэр хавиас хүний дуу гарсан гэдгийг хэлсэн. Гэтэл онцгой байдлынхан одоо өнгөрсөн. Хил рүү нэвтэрч болохгүй гээд 01.50 үед “Дээрээс буу” гэсэн даалгавар ирлээ гээд буугаад явчихсан. Даргадаа энэ талаар хэл л дээ гэхээр “Одоо унтаж байгаа. Сэрээж болохгүй” гээд гар утсаар ярихгүй байсан. Тэд хилийн цэргийн байлдагч нараас гар чийдэнг нь гуйж байсан. Харанхуй шөнө гэрэлтүүлээд явах гар чийдэн ч байхгүй байна шүү дээ, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт.
-Саранчимэг, хүү хоёрыг голын уснаас аврах цаг хугацаа хангалттай байжээ?
ёр хүн битгий хэл 20 хүн аврах боломж тэдэнд байсан. Улс маань ядахдаа моторт завь, гэрэлтүүлгээр Онцгой байдлын ажилчдаа хангаад өг чихөөсэй. Цаашид ийм байдлаар хүн эндэхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ, энд. Энэ болгонд багаж байхгүй голын эрэг дагаад гүйж байгаа хоёр эмэгтэй хүнээс дор төөрч гүйгээд байвал олон хүн амиа алдана гэдгийг хэлмээр байна гэв.
“Цэрэнням эгчээ битгий сандраарай. Одоо хүмүүс ирээд голоос татаад авчихна. Гурвуулаа ямар голд живчихсэн биш. Мөсөн дээр хөвж яваа болохоор амьд гарна гэсэн үг. Дүү нь хамаагүй хашгирч болохгүй байна. Хүү орилохоор айгаад уйлаад, ээрээд байна. Та нөгөөдүүлдээ чимээ өгөөд байгаарай. Би хүүдээ мөөмийг нь өгчихлөө. Хүүгээ усанд норгочихгүй юмсан” хэмээн Н.Саранчимэг ширээний тавцан шиг мөсөн дээр хүүгээ тэврээд гол уруудаж урсахдаа Цэрэнням гуайд хэлсэн байна лээ.
Харин Цэрэнням гэх эмэгтэй түүнээс холгүйхэн мөсөн дээр гол уруудан баруун гараараа ус самардан явжээ. Голоо захлах арга бодох нь битгий хэл хүчтэйхэн орилчихвол мөс нь холбирчих гээд хэцүү байсан тухайгаа ярьж байсан. Харин нэг тохой уруудахад мөс нь захалсан байна. Харанхуй байсан болохоор юу ч харагдахгүй голын ширүүн урсгалаас өөр сонсогдох юмгүй, олон цаг хүйтэн мөс, жавар тачигнасан усанд норж явсан учраас хоолой нь сөөж эхэлсэн байна. Тэрбээр Н.Саранчимэгт хандан “Миний дүү хүүгээ голын эрэг рүү шидээд амьд гарахыг бод. Аргалж байгаад л голын эрэг бараадах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол болохоо байлаа” хэмээжээ. Ингэж хэлэх зуур нь модны нарийн мөчир тааралдаж, Цэрэнням гуай зуураад хоцорчээ. Модны мөчрөөс хоёр гараараа зуураад л зүтгээд байсан гэнэ. Хоёр хөлөө савчиж, бургасны мөчрийг ахиулан барьж, “Гардаг л юм бол учиртай” гэж бодон зүтгэсээр байгаад голын эрэг дээр гарч чадсан байна. Тэрбээр “Сараа эгч нь голын эрэг дээр гарчихлаа” гэж хэлтэл “Би хүүгээ хаяж чадахгүй. Усанд унагаагаад алдчихвал яах юм бэ. Би одоо яах юм бэ. Тэд нар ямар удаан ирдэг юм бэ. Хүний бараа харагдана уу. Та намайг авраач” хэмээн уйлан голын ширүүн урсгалд туугдан алга болжээ. Гол уруудан урссан Саранчимэг тасралтгүйгээр “Авраарай” хэмээн хашгирч байсныг онцолж байв.
Энэ бол Саранчимэгийн найман сартай хүү гээ норгохгүйн тулд гар дээрээ өргөж, голын мөсөн дээр аврал эрж явахдаа Цэрэнням хөгшинтэй ярьсан хамгийн сүүлчийн яриа. Үүнээс хойш огт сураг гарахгүй байсаар найм хонож байна. Н.Саранчимэгийн ар гэрийнхэнд үнэхээр хэцүү байна лээ. Түүний нөхөр Ш.Ганбат “Яах гэж захаас гурил авч явав даа. Хэрэв би 25 килограммын гурил үүрч яваагүй байсан бол хүүгээ тэврээд явах байсан юм. Эхнэр минь хүүгээ тэвэрч явснаас болоод л голын эрэг дээр гарч чадсангүй. Бүх юм надаас л болж байгаа юм. Ганцаараа байсан бол надаас түрүүлээд эрэгт гарах учиртай, хөдөлгөөнтэй хүн байгаа юм” хэмээн уйлж байв. Төрөөд наймхан сар элгийг нь дэвтээж, аз жаргал нь болсон алагхан үрээ, хайрт гэргийгээ мөсөн дээр тэгнэн гол уруудаж аврал эрэн одохыг харсан түүнд үнэхээр хүнд байгаа нь ойлгомжтой.
ОХУ руу хил нэвтэрч, Н.Саранчимэг болон түүний хүү Г.Шинэбаяр нарыг хайх хэлэлцээр амжилттай болжээ. Мөн ОХУ-аас 20 хүнтэй эрлийн баг гаргаж самналт хийх хүртэл арга хэмжээ авахаар болсон байна. Монголын талаас Н.Саранчимэгийн ар гэрийнхэн болоод Онцгой байдлын албан хаагчид болон Хил хамгаалах ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ажилтнуудын хамтарсан 26 хүнтэй эрлийн багийнхан Сайхны хөтлийн заставаас хөдөлсөн юм. Онцгой байдлын албан хаагчид өвлийн нормын хувцсаа өмсжээ. Тэднээс ямар багаж хэрэгсэлтэй ирсэн талаар асуулаа. Бүгд л “Өө нөгөө муу хийлдэг завиа машин дээрээ ачаад л ирлээ. Бидэнд өөр багаж хэрэгсэл гэх юм байх биш. Ингээд л хайж гарна даа. Өдөржин явах юм гэсэн. Хоол унд гэрээсээ аваад л гараад ирлээ” хэмээн хариулав. Онцгой байдлын албан хаагчдад өвлийн зузаан гутал ч алга. Тэд Сайхны хөтлийн застав гарч амжаагүй байхад л хөл нь даарч байгаа бололтой. Хөлөө ээлжлэн газар товшиж эхэлсэн юм. Дөрөв дөрвөөрөө нийлээд л Сэлэнгэ мөрнийг уруудаад алхлаа. Голын ус огт хөлдөөгүй цэнхэртэн мэлтэлзэнэ. Гол даган хаа нэгтээ бут сөөг тааралдах аж. Зарим хэсгээр арав гаруй метр болж гол нарийсах боловч бидний явсан газраар Орхон, Сэлэнгэ голын нийлсэн бэлчир болохоор голын цаад зах хүртэл наанадаж 20 гаруй метрийн өргөнтэй. Сүүлийн хэдэн жил Сэлэнгэ мөрний урсац өөрчлөгдөж, Өвгөн Сэлэнгэ голын бэлчрээр урсахаа болиод Шинэ Сэлэнгэ хэмээн нэрлэх ай саваар урсах болжээ.
“ТЭР ШӨНӨ УСАНД ОРСОН БОЛ БАЛРАХГҮЙ ЮУ. БИ Ч УГ НЬ ГОЛ РУУ НЭГ ОРЧИХДОГ ЮМ БИЛҮҮ ГЭЖ БОДСОН ЮМ АА. ДААНЧ УС ХҮЙТЭН, ХАРАНХУЙ БАЙСАН БОЛОХООР ЗОРИГ ХҮРЭХГҮЙ БАЙСАН ЮМ”
Эрлийн багийнхан арав гаруй километр алхлаа. Голын эрэг дагасан бургасаар хайж байв. Голын ус огт хөлдөөгүй байсан болохоор тэр хавиар хайлгүй эргээ даган хайж байсан юм. “Саранчимэг ээ” хэмээн хашхирсаар Тавтын застав оров. Түүнээс цааш хөдөлж ОХУ-ын хил даван явлаа. Сэлэнгэ голын гүнд хил заагласан тор байдаг аж. Гэхдээ тэр нь их гүнд байрладаг учраас түүнд торж үлдэх боломж байхгүй. Харин живж, доошоо орсон бол тэр тор дохиололтой гэсэн. Гадны ямар нэгэн биет хүрэхэд л дохиолол нь ажилладаг юм билээ. Харин Н.Саранчимэг хүүтэйгээ мөсөн дээр буюу усны мандал дээр явсан болохоор дохиолол ажиллаагүй гэнэ. Өмнө усанд живж амиа алдсан хэд хэдэн хүний цогцос энэ торонд хашигдаж, аврагчид цогцсыг нь гаргаж авч байжээ. Ийнхүү 20 гаруй километр автомашин болон явганаар явлаа. Онцгой байдлын албан хаагчид хоорондоо “Тэр шөнө усанд орсон бол балрахгүй юу. Би ч уг нь гол руу нэг орчихдог юм билүү гэж бодсон юм аа. Даанч ус хүйтэн, харанхуй байсан болохоор зориг хү рэхгүй байсан юм” хэмээн ярих нь сонсогдлоо. Гэхдээ тэдний дунд шүд ташим тэр хүйтэн усанд хэн нэгэн ирэх болов уу хэмээн аврал эрэн амь тэмцэж байсан бүсгүй наймхан сартай бяцхан хүү хоёрыг аварч бүхэл бүтэн айл, аймагт аз жаргал бэлэглэх баатарлаг гавьяатан байгаагүй нь харамсалтай.
МЭРГЭЧ ТӨЛӨГЧИД АМЬД БАЙГАА ГЭСЭЭР...
Н.Саранчимэгийн ар гэрийнхэн Сэлэнгэ аймгийн бүх л үзэж хардаг мэргэч, төлөгч, бөө, лам, хуваргаар үзүүлжээ. Бүгд л “Амьд байгаа юм байна. Хадтай газарт байна” гэж хэлсэн гэнэ. Тэдний хэлж буйгаар амьд байх магадлалтай хэмээн ар гэрийнхэн нь ОХУ-ын хил орчмоор хайх гэж нэлээд яарч байлаа. Ар гэрийнхэн нь “Оросууд их тусч, усанд сайн сэлдэг хүмүүс байдаг гэсэн. Арай аварчхаад байгаа юм биш байгаа. Амьд л байгаасай” хэмээн ярих аж. Биднийг ийнхүү хайж явтал Ш.Ганбатын гар утас дуугарлаа. Сэлэнгэ аймгийн төвөөс хамаатан нь ярьжээ. Сэлэнгэ аймгийн иргэд “ОХУ-аас хүү, ээж хоёр олдсон гэнэ” хэмээн цуурчээ. Цуу үгэнд итгэж ийнхүү залгасан байж. Тэгж байтал нэг хүн бургасны тийшээ гүйгээд явчихлаа. Бусад хайж байсан хүмүүс ч тэр зүг гүйлдэв. Бургасны ёроолд хар хүрэн куртик хэвтэж байсныг хараад Н.Саранчимэгийг байна хэмээн хууртжээ. Иймэрхүү байдалтайгаар хэд хэдэн удаа эрлийн багийнхан цугларсан юм. Н.Саранчимэг болон түүний хүү Г.Шинэбаяр хоёрыг хайж нэг өдөржин явлаа. Нар тэртээ харагдах модот уулын цаагуур орж бүрэнхий болов. Тэнгэр ч хуйсганаж, баруун урдаасаа цасаар шуурч эхлэв. Ингээд эрлийн ажиллагааг зогсоохоос өөр ямар ч арга байсангүй. Бидний эрлийн ажиллагаа зогсоосон газраас цааш хилийн Наушки тосгон бий. Тэр хүртэл маргааш хайхаар шийдэж Сэлэнгэ аймаг руу хөдөллөө. Эрлийн багт орж нэг өдөр ийнхүү Н.Саранчимэг болон түүний хүү Г.Шинэбаяр нарыг хайсан юм. Гэвч тэднийг олж чадсангүй. Ар гэрийнхэн “Ядахдаа цогцос нь ч болтугай олдохгүй байгаа юм чинь амьд л байгаа байх” гэв. Ингэж ярихдаа хоолой нь зангирч, ямар нэг зүйлд итгэл өгөөд байгаа нь мэдрэгдэж байв.
Монгол Улсын хил даван давтал зургаан цаг гаруй Н.Саранчимэг онцгой байдлын албан хаагчдыг аврах болов уу хэмээн хүлээсэн. Эвгүйхэн хөдлөхөд л мөс холбирч унах аюул дунд үхэлтэй тэмцэлдэж явсан гэж бодохоор гол зурах аж. Мөн эх хүний үрийнхээ төлөө гэсэн сэтгэл амиа үл хайрлан өвлийн хүйтэнд мөсөн дээр усан гүзээ болтлоо норж хөлдсөн дээлийнхээ энгэрийг задгайлж, харанхуй шөнө энгэрт нь наалдан ээрч уйлах хүүдээ мөөмөө өгч тайвшруулсан гэдгийг түүнтэй хамт таван цаг гаруй усны мандалд мөсөн дээр хөвсөн Г.Цэрэнням гуай бидэнд хэлсэн юм. Энэ талаар болон онцгой байдлын аврагчид хүний амь нас аврах боломж байсан ч ажиллаж чадаагүй шалтгааны талаар маргаашийнхаа дугаарт хүргэх болно.
Э.Хүрэлбаатар