
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Польшийн төрийн дээд шагнал “Цагаан бүргэд” одонг буцаан олгож байгаагаа Телеграмм хуудсаараа мэдэгдэв.
"Саяхан Польшийн Ерөнхийлөгч “Цагаан бүргэд” одон нь энгийн шагнал биш бөгөөд эртний хаант Польшийн (Rzeczpospolita буюу Польш-Литвийн холбооны улс) дээд итгэлцлийн бэлгэдэл юм гэдгийг тэмдэглэсэн. Энэ нь Польшийн төртэй онцгой холбоотой, ард түмний онцгой талархлын илэрхийлэл. Ийм бэлгэдэл зөвхөн гавьяа зүтгэл төдийгүй манай нийгмийн үндэс суурийг бүрдүүлдэг үнэт зүйлсийг хүндэтгэхийг шаарддаг хэмээсэн" гэж Зеленский бичжээ.
Украины Ерөнхийлөгч энэхүү бэлгэдэл нь (одон) II Екатерина хаан, Бенито Муссолини, Герхард Шредер нарт байдгийг тэмдэглээд үүнтэй маргахгүй гэдгээ илэрхийлжээ. Мөн тэрбээр Украин улс Польшийн ард түмний дэмжлэг, хамтын ажиллагаанд талархаж байгааг онцоллоо.
Ингэхдээ Зеленский Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагааных нь төлөө Польшийн ард түмэнд талархал илэрхийлэн "Украин улс эв нэгдлийг хэзээ ч мартдаггүй бөгөөд манай бүс нутгийн улс орнууд болон ард түмний хоорондын хамтын ажиллагаа нь украйнчууд болон хөрш зэргэлдээ улс бүрийн аюулгүй байдлын бодит баталгааны нэг гэдгийг мэддэг. Украин улс Оросын эхлүүлсэн энэ дайнд өөрийгөө хамгаалсаар байх бөгөөд бид нэр төртэй энх тайванд хүрэх нь гарцаагүй" гэжээ.
"Бид Цагаан бүргэд одонг 2023 онд Украины ард түмэн болон манай армид олгосон гэж итгэж байсан. Тухайн үед ингэж хэлсэн. Өнөөдөр би энэ одонг Польшийн Ерөнхийлөгчид илгээв" гэж Зеленский бичсэн байна.
Тэрбээр өөрийн мэдэгдлийн хамт одонг шуудангаар явуулсан падааны зургийг нийтэлсэн байна.
Зеленский Цагаан бүргэд одонгоор 2023 оны 4-р сард шагнагдсан бөгөөд тухайн үеийн Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда уг шагналыг "Польшийн Бүгд Найрамдах Улсад өөрсдийн амьдралаараа онцгой хувь нэмэр оруулсан онцгой хүмүүст" олгодог гэж тэмдэглэсэн байдаг.
Харин Зеленский Украины Зэвсэгт хүчний нэг анги нэгтгэлийг "Украины босогчдын арми" (УБА) -ийн нэрээр нэрлэсэн тул Польшийн Ерөнхийлөгч Карол Навроцкий зургаадугаар сарын 19-нд Украины Ерөнхийлөгчийн “Цагаан бүргэд” одонг хураан авчээ. Гэсэн хэдий ч Варшав Киевийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ мэдэгдсэн юм.
Польшийн Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Лех Валенса мөн эсэргүүцлээ илэрхийлэн Украины далбааг цаашид зүүхгүй гэж мэдэгджээ. "Украины Ерөнхийлөгч УБА –ийн дээрэмчдийг хүндэтгэснээр намайг болон манай алагдсан бүх эх орон нэгтнүүдийг доромжилсон хэрэг боллоо. Тийм ч учраас би цээжнээсээ Украины далбааг олны өмнө авч хаясан. <...> Би Зеленскийг дэмжихээс татгалзаж байна" гэж тэрбээр нийгмийн сүлжээн дэх хуудастаа бичжээ.
Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага (УҮҮБ) нь Степан Бандерагийн үүсгэн байгуулсан хэт барууны улс төрийн хүчин юм. Түүний зэвсэгт жигүүр нь УБА байв. Аугаа эх орны дайны үеэр энэ нь Германы армитай хамтран, Зөвлөлтийн дэглэмийн эсрэг тулалдаж байжээ.
1942-1943 онд УҮҮБ болон УБА-ийн анги нэгтгэлүүд Волынь хотод нутгийн польш үндэстнүүдийг үй олноор нь хөнөөсөн байдаг. Польшийн түүхчид Волынь хотод болсон хядлагын улмаас амиа алдсан хүний тоог 50,000-100,000 гэж тооцоолжээ. 2016 онд Польшийн Сейм эдгээр үйл явдлыг геноцид гэж хүлээн зөвшөөрч, 7-р сарын 11-ний өдрийг хохирогчдыг дурсах өдөр болгон тогтоосон.
Зеленскийг даган Украины экс ерөнхийлөгчид, Л.Кучма,В.Ющенко, П.Порошенко нар шагнуулж байсан Цагаан бүргэд одонгоосоо татгалзах шийдвэрээ зарлажээ.
Түүнчлэн Украины хэд хэдэн улс төрчид Польшийн төрийн одон шагналаас татгалзаж эхлэв. Польш дахь Украины Элчин сайд Василий Боднар Польшийн төрийн дээд шагнал Польшийн төлөөх гавьяаны одон, Командорын загалмайгаасаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кирил Буданов Польшийн төлөөх гавьяаны одон Алтан офицерын загалмайгаасаа, Гадаад хэргийн сайд Андрей Сибиха мөн Польшийн төлөөх гавьяаны одонтой Командорын загалмайнаас татгалзаж буйгаа тус тус мэдэгджээ.