Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч асан Т.Даваадалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор прокуророос шүүхэд санал хүргүүлжээ. Уг саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд өмнөх үндэслэл бүрэн арилгаагүй гэж дүгнэн энэ сарын 22-ноос хойш 15 хоногийн хугацаанд цагдан хорих захирамж гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3-ын “Хэргийн ул мөр, эд мөрийн болоннотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэх үндэслэл арилаагүй, цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзсэн аж.
Т.Даваадалайтай хамт түүний дүү, “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалай, “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч Н.Билгүүн нарыг цагдан хорьж шалгаж буй билээ. Тэднийг “Улаанбаатар метро” болон “Туулын хурдны”, “Нэгдүгээр тойрог зам” зэрэг төслийн хөрөнгөөс хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдээр дамжуулан, туслан гүйцэтгэгч нэрийн дор 6.6 тэрбум төгрөг завшиж угаасан хэмээн буруутгаад буй. Мөн Т.Даваадалайг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан хэрэгт шалгаж байгаа билээ.
Г.РАВЖАА