XXI зууны уран зохиол судлалын томоохон өөрчлөлтийн нэг нь бүтээлийг зөвхөн агуулга, үзэл санаагаар бус, хүний ухамсар, хүртэхүй, танин мэдэхүйн үйл явцаар нь шинжлэх арга зүй эрчимтэй хөгжиж буй явдал юм. Өөрөөр хэлбэл, уран зохиолыг хүн судлалын шинэ түвшинд авч үзэх чиг хандлага төлөвшиж байна. Миний илтгэлийн сэдэв бол “Д.Нацагдоржийн өгүүллэг дэх ухамсрын байгууламжийн асуудал” юм.
Д.Нацагдоржийн өгүүллэгүүдийг бид бараг нэгэн зууны турш уншиж, судалж иржээ. Ихэнх судалгаанд түүний бүтээлийг нийгмийн шинэчлэл, хувьсгалын үзэл санаа, шинэ хүний дү рийн үүднээс тайлбарласан байдаг. Энэ бүхэн Монголын утга зохиол судлалын үнэт өв мөн. Гэхдээ миний өмнө нэг асуулт гарч ирж байна. Д.Нацагдорж шинэ хүнийг зүгээр дүрсэлсэн үү, эсвэл хэрхэн бүрэлдэн бий болж байгааг зохиолын дотор бүтээсэн үү?
Д.Нацагдоржийн уран бүтээл бол Монголын шинэ үеийн уран зохиолын эхлэл төдийгүй үндэсний уран сайхны сэтгэлгээ уламжлалт өгүүлэмжээс орчин үеийн хүний дотоод ертөнцийг шинжлэн дүрслэх шинэ шатанд шилжсэний томоохон илэрхийлэл юм. Судалгаанд Д.Нацагдоржийн “Харанхуй хад”, “Соёлыг гайхав”, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”, “Явж тамхины утаа...” зэрэг өгүүллэг болон “Хэлхээгүй сувд” туужийг сонгон авч, харьцуулан үзлээ. Дээрх асуултад хариулахын тулд Д.Нацагдоржийн таван өгүүллэг, нэг туужийг сонгон авч дүрийн ухамсрын түвшинд задлан шинжилж, үйл явдлаар нь бус, дүрийн ухамсрын хөдөлгөөнөөр дахин уншихыг зорилоо. Эдгээр зохиол нь сэдэв, дүр, үйл явдал, хүүрнэлийн өнгө аясаараа ялгаатай боловч дү рийн дотоод болон хүртэхүйн өөрчлөлт, ухамсрын хөдөлгөөнөөр утга бүрэлдүүлж байгаа нь нийтлэг шинжтэй байна.
Энэхүү судалгааны онолын үндсийг Францын эрдэмтэн Гастон Башлярын орон зайн феноменологийн ойлголт, мөн Английн судлаач Алан Палмерын дүрийн ухамсрын тухай үзэлд тулгуурлан авч үзлээ. Тухайлбал, Гастон Башлярын 1957 онд бичсэн “Орон зайн яруу найраг” номд тэмдэглэснээр уран зохиол дахь орон зай нь физик орон зай биш, хүний дотоод дурсамж, төсөөлөл, ухамсрын орон зай байдаг. Энэхүү үзлийг түшиглэн судалгаанд Д.Нацагдоржийн өгүүллэгүүд дэх орон зайг дүрийн ухамсрын хөдөлгөөн өрнөх дотоод орон зай хэмээн авч үзсэн болно. Жишээ нь, “Харанхуй хад” өгүүллэгийн хад бол байгалийн объект биш. Ухамсрын орон зай юм. Харин Алан Палмерын 2004 онд бичсэн “Fictional Minds” номд “Дүрийн ухамсар бол зөвхөн дотоод монолог биш, үйлдэл, яриа, харилцаа, зан үйл бүгд ухамсрыг илэрхийлдэг. Тэрбээр хүүрнэл зохиол дахь дүрийн ухамсрын хөдөлгөөнийг хүүрнэл судлалын төв асуудал болгон авч үзсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, Башляр орон зайг хүний дотоод дурсамж, төсөөлөл, хүртэхүйн орон зай гэж ойлгосон бол Палмер дүрийн ухамсрын хөдөлгөөнийг хүүрнэл судлалын төв асуудал болгон авч үзсэн. Эдгээр онолд тулгуурлан Д.Нацагдоржийн өгүүллэгүүдийг уншихдаа дараах арга зүйн загварыг боловсрууллаа. Энэхүү судалгаанд уг хөдөлгөөн хэрхэн шинэ ухамсрын зохион байгуулалтад хүрч буйг “Ухамсрын байгууламж” гэсэн ойлголтоор тайлбарлахыг зорьсон болно. Миний зорилго Палмерын онолыг няцаах биш. Харин түүний дүрийн ухамсрын хөдөлгөөний тухай ойлголтыг Монголын уран зохиолд хэрэглэж, уг хөдөлгөөн эцэстээ ямар ухамсрын зохион байгуулалт бий болгож байгааг тайлбарлах оролдлого юм.
Хүүрнэхүйн импульс-Хүртэхүй-Дотоод орон зай-Танин мэдэхүйн мөргөлдөөн-Ухамсрын ди намик шилжилт-Ухамсрын байгууламж-Менталитет-Уран сайхны утга.
Энэхүү схем нь дүрийн ухамсрын хөдөлгөөнийг шинжлэх миний судалгааны арга зүйн загвар юм. Энд би судалгааны явцад гурван асуудлыг онцлон авч үзсэн. Судалгаанд дотоод орон зай гэж дүрийн хүргэхүй, дурсамж төсөөлөл, сэтгэл хөдлөл, бодол, үнэлэмж харилцан үйлчилж, хүүрнэлийн утга бүрэлдэх оюуны болон сэтгэл зүйн түвшнийг ойлгож байна. Энэ онцлогийг “Харанхуй хад”, “Соёлыг гайхав” өгүүллэг тодорхой харуулдаг. Хэдийгээр эдгээр зохиолын сэдэв, орчин, дүрүүд өөр боловч аль алинд нь хүүрнэлийн төв нь гаднах үйл явдал бус, тухайн үйл явдал дүрийн ухамсарт хэрхэн тусаж, шинэ утга бий болгож байгаад оршино. Нэгдүгээрт дотоод орон зай. Хүүрнэл судлалд орон зайг ихэвчлэн үйл явдал өрнөх газар гэж ойлгож ирсэн. Миний судалгаагаар Д.Нацагдоржийн өгүүллэгүүдэд байгаль, хот суурин, гэр орон, зам харгуй зэрэг гаднах орчин нь хүүрнэлийн төгсгөлийн зорилго биш юм. Тэдгээр нь дүрийн ухамсарт шинэ хөдөлгөөн үүсгэх импульс болж байна. Жишээлбэл, “Харанхуй хад” өгүүллэгт хад өөрөө өөрч лөгдөөгүй. Харин хадтай учирсан хүний ухамсар өөрчлөгдөж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, дүрийн дотоод орон зай бол уран сайхны утга төрөх хүүрнэхүйн үндсэн талбар юм. Хоёрдугаарт, ухамсрын динамик шилжилт. Д.Нацагдорж үйл явдлыг хүүрнээд зогсохгүй тухайн үйл явдал Д.Нацагдоржийн өгүүллэг дэх ухамсрын байгууламжийн асуудал хүний дотоод ертөнцөд ямар өөрчлөлт авчирч байгааг шат дараалан дүрсэлжээ. Жишээлбэл “Соёлыг гайхав” өгүүллэгт зохиолч “үзэв” гэж бус, “гайхав” гэж бичсэн байдаг. Энэ ганц үг хуучин танин мэдэхүй шинэ ертөнцтэй мөргөлдөж буй агшныг илэрхийлдэг. Эндээс шинэ ухамсар бүрэлдэж эхэлж байна.
Гуравдугаарт ухамсрын байгууламж. Энэ нь миний судалгааны хамгийн гол ойлголт юм. Уран зохиол судлалд менталитетыг ихэвчлэн тухайн үндэстний соёл, уламжлал, үнэт зүйлсийн илрэл хэмээн авч үздэг. Энэхүү судалгааны үр дүнд би менталитетыг бэлэн өгөгдөл гэж бус, дүрийн ухамсрын байгууламжаар дамжин бүрэлдэн илэрч буй танин мэдэхүйн бүтэц хэмээн ойлгож байна. Өөрөөр хэлбэл, ухамсрын хөдөлгөөнийг зөвхөн сэтгэлзүйн өөрчлөлт гэж үзээгүй. Харин олон шат дамжсан хөдөлгөөний үр дүнд дүрийн дотоод ертөнцөд шинэ зохион байгуулалт бүрэлдэн тогтож байгааг “ухамсрын байгууламж” хэмээн томьёолсон. Тиймээс энэхүү байгууламжаар дамжин бид зөвхөн тухайн дүрийн төдийгүй цаг үеийн менталитетыг илүү нарийн танин мэдэх боломжтой гэж үзсэн. Ингэснээр энэхүү судалгаа дараах дүгнэлтэд хүрч байна.
Нэгдүгээрт, Д.Нацагдоржийн өгүүллэгүүдэд зохиолын утга зөвхөн үйл явдлаас бус, дүрийн ухамсрын хөдөлгөөнөөс бүрэлддэг. Хоёрдугаарт, дотоод орон зай нь хүүрнэлийн идэвхгүй орчин биш, утга төрөх орон зай юм. Гуравдугаарт, дүрийн ухамсрын динамик шилжилтийн үр дүнд бий болсон ухамсрын байгууламж нь зохиолын хүмүүнлэг утга төдийгүй тухайн цаг үеийн менталитетыг тайлбарлах шинэ арга зүйн боломжийг нээж байна.
Д.Нацагдорж шинэ хүнийг бэлэн дүрээр бү тээгээгүй. Харин дүрийн ухамсрын хөдөлгөөнөөр дамжуулан шинэ хүн хэрхэн бүрэлдэн төрж байгааг уран зохиолын дотор бүтээжээ. Хэрэв энэхүү судалгаа Д.Нацагдоржийн өгүүллэгийг дүрийн ухамсрын байгууламжаар дахин унших нэгэн шинэ боломжийг нээж чадсан бол миний зорилго биелсэн гэж үзнэ.
Судлаач, яруу найрагч Г.БАТЖАВХЛАН