-МАН-ын бүлэглэлийн захиалгаар нутгийн өөрөө удирдах шатны удирдлага, бизнесийнхэн ч хуваагддаг болжээ-
УИХ-ын намрын чуулган гурван долоо хоногийн дараа эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд Н.Учралын Засгийн газрыг огцруулах, эсэх улс төр өрнөх төлөвтэй. Сөрөг хүчнийхэн хаврын чуулганы төгсгөлд цухуйлгаад орхисон эл санаачилгаа эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. Сүүлийн сар гаруйн турш шатахууны хомсдол нүүрлэж, иргэд ШТС-уудын үүдэнд хононөнжиндугаарласаар бухимдал дээд цэгтээ хүрсэн тул хариуцлага нэхэж буй. Бүрэлдэхүүнээрээ огцормооргүй байгаа бол зарим сайддаа хариуцлага тооцох шаардлага Ерөнхий сайдад тулгарч мэдэх нь.
Дээрх нөхцөл байдал үүсэхэд Засгийн газар наймдугаар сарын 4-15-ныг дуустал автомашины улсындугаарынтэгш, сондгойгоор50 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар шатахуун олгохоор шийдвэрлэсэн. Энэ хооронд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ийш тийш гүйж, царайчилсаар ОХУ-аас гадна БНСУ, БНХАУ-аас шатахуун авах гэрээ, хэлцэл хийв. Улмаар энэ сард нийт 271 910 тонн шатахуун импортлохоор төлөвлөж, түрүүчээс нь оруулж ирж байгаа юм. Тиймээс өнөөх хязгаарлалтаа цуцалж буйгаа мэдэгдсэн. Харин импортлогч компаниудын захирлууд түүний өөдөөс “дунд хуруу” гаргав.
“Засгийн газраас хязгаарлалтыг цуцалсан шүү дээ” хэмээн шаардсан иргэнд түгээгч эмэгтэй “Тэр сайдыг чинь би танихгүй, надад хамаагүй. Компанийн удирдлагаас тийм шийдвэр гаргаагүй” хэмээн үл тоосон. Тэгэхээр нь сайд өөрөө ШТС-уудад ажиллаж, “Бензин байна, хоёр хошуугаараа зэрэг өгчих л дөө, тэгэх үү” хэмээн гуйж үзлээ. Хүлээн зөвшөөрөгдөөгүй, үл тоогдсон сайд байхын зовлон их ажээ.
СҮХ ДАЛАЙТАЛ ҮХЭР АМАР ЯВСАН НЬ
Манай улс шатахууны хэрэглээнийхээ 90 хувийг ОХУ-аас импортолдог. Энэ талаар бүрэн хараат гэж болно. Долоодугаар сард наадмаар бүгд амарч байх зуурт шатахууны үнийг 250 төгрөгөөр нэмсэн. Үүнээс хойш хомсдол эхэлж, иргэд хонон өнжин дугаарлах болсон юм. Засгийн газар үүний шалтгааныг геополитикийн нөхцөл байдал хүндэрч, ОХУ-ын газрын тосны үйлдвэр болон шатахууны нөөцийн агуулахуудыг украинчууд бөмбөгдөж эхэлснээс үүдэн нийлүүлэлт тасарсантай холбож байв. Тэр нь ч үнэн. Нийлүүлэгч улс өөрөө асуудалтай, эдүгээ автомашины тэгш, сондгой дугаараар дотооддоо шатахуунаа олгож, хаа сайгүй дугаарлаж буй тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ ОХУ, Украины дайн өчигдөр эхлээгүй. Украин улс 2024 оноос Оросын эдийн засаг, цэрэг, ложистикийн гол тулгуур дэд бүтцүүдэд халдаж эхэлсэн. Энэ оны наймдугаар сарын байдлаар нийт газрын тос боловсруулах 24 үйлдвэр, шатахууны нөөцийн агуулахыг устгаснаар үйлдвэрлэл нь 45 хүртэлх хувиар буурсан аж.
Дөрвөн жил гаруй үргэлжилж буй эл дайны уршиг манай улсад нөлөөлөх нь тодорхой байсан. Тэр тусмаа шатахуунаар 90 хувь хараат нөхцөлд шүү дээ. Гэтэл манай эрх баригч намынхан энэ тухай бодсонгүй, болзошгүй эрсдэлээс сэргийлэх бэлтгэлээ хангасангүй. Уг нь эх орноо боддог, толгой нь ажилладаг Ерөнхий сайд байсан бол аль хэдийн агуулах саваа бэлдээд, зөвхөн ОХУ биш, өөр улс орнуудаас шатахуун нийлүүлэх хэлцлээ хийчхээд, хэрэгжүүлж суух байв. Хамгийн гол нь тэнд газар хөдлөхөд энд доргидоггүй байхын тулд өөрсдөө газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж, хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангачихсан байх байлаа. Ийм цаг хугацаа, санхүүгийн боломж МАН-д сүүлийн 10 жилд бүрэн байсан юм. Ядаж2024 оноос сэрэх ёстой байв. Гэтэл манай эрх баригчид дотроо талцаж, эрх мэдлийн төлөө алалцаж, хоёр жилд гурван Засгийн газар солив. Тэдэнд өөрсдөө дараагийн ээлжид хоолонд орж, албан тушаалд очин, хувийн амьдралаа сайжруулбал улс орны нөхцөл, шатахуун тасалдаж, цахилгаангүй зогсох нь хамаагүй байлаа. МАН-ынхны хар амиа хичээсэн, бодлогогүйн гайг өнөөдөр монголчууд үүрч байна.
Ийнхүү сүх далайтал үхэр амар явж байтал асуудал хамар дээр нь бодитоор тулаад ирлээ. Тэгмэгц Ерөнхий сайд Н.Учрал гэнэт сэрж, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг бүрэн хяналтад авч, 2028 онд ашиглалтад оруулахын тулд шаардлагатай бүхнийг хийж эхэлсэн гэв. Манай улсад эдүгээ 14 цэгт газрын тосны хайгуулж хийж буй. Г.Дамдинням сайд ч түргэн авч, гүйсээр ямартай ч нэлээд хэдэн мянган тонн шатахуун, дизелийн түлш оруулж ирсэн. Гэхдээ эдгээр нь хэтэрхий оройтсон алхам юм.
ШАТАХУУН БА УЛС ТӨР
Чоно борооноор гэдэг. ОХУ-ын талаас нийлүүлэлтэд асуудал үүсээд эхэлмэгц шатахууны хомсдолыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх бүлэг гарч ирэв. Импортлогч компаниуд хэмээх монопол бүлгийнхэн үүнийг далимдуулан үнээ хоёронтоо нэмж, АИ92 өнөөдөр литр нь 3040 төгрөг болоод байна. БНХАУ-аас өндөр үнээр шатахуун импортолж буй учраас аргагүй байх гэж үзье. Гэтэл байгаа шатахуунаа иргэдийг чирэгдүүлэхгүйгээр, шуурхай олгохын оронд ганцхан хошуугаар, өглөө 08.00 цагаасгэх мэтээр хуваарь, хязгаар тогтоож, албаар урт дугаарлалт үүсгэн, иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Одоо ч энэ дүр зураг хэвээр байна. Мөн олон цаг дугаарласаар дөхөөд очих үед “Энгийн АИ92 байхгүй. Евро нь л байна, авах юм уу, үгүй юү” хэмээн түгээгч нар “томордог” болсон. Евро92 нь 4900 төгрөг хүрчихлээ. Иргэд “Үнэндээ илүү үнээр энгийн АИ92 шахаж байгаа ч юм бил үү, бид ялгаж мэдэхгүй” хэмээн хардаж буйгаа илэрхийлсээр. Нэгэнт цаг заваа алдан хүлээсэн учраас аргагүйн эрхэнд үнэтэй бензин аваад буцдаг боллоо. Импортлогчид энэ мэтээр заль хэрэглэж, зовлон дээр зоолж мөнгө хийж байгаа аж.
Эл хүнд өдрүүдэд үнэндээ “Петровис” компани маш хойрго ажилласан нь нууц биш. Ихэнх ШТС нь ажиллахгүй, эсвэл хязгаарлалттай, нэг хошуугаар өгч чирэгдэл учруулсан. Харин “Шунхлай”, “Тэс петролиум”, “Гор газ”-аас л бензин олж авч байсан гэхэд болно. Тэгвэл манай улсын шатахууны импортод “Шунхлай” 19, Ник 14, “Сод Монгол” найм, “Тэс петролиум” зургаа, “Петростар” таван хувийг эзэлж, бусдыг нь 211 иргэн, аж ахуйн нэгж нийлж бүрдүүлдэг юм байна. Уншигчид анзаарсан бол хязгаарлалтыг цуцалсан өдрүүдэд “Тэс”, “Гор газ” зэрэг ШТС шийдвэрийг дагасан. Харин “Петровис” зэрэг томоохон ШТС үл тоосон юм.
Үүний ард эрх баригчдын өөр нэг бүлэглэл бий гэсэн хардлага ч гараад буй. Өөрөөр хэлбэл, үүгээр улс төр хийж, Н.Учралын Засгийн газрыг унагах шалтгаан болгож байхыг үгүйсгэхгүй. МАН-ын 1980-аад оны бүлэглэл буюу Л.Оюун-Эрдэнийн “үнэнч хамтрагч” нь Үнэн ба зөв намынхан. Тус намын дэд дарга Г.Солонго тэргүүтэн газрын тосны хайгуул хийж буй гадаадын хөрөнгө оруулагч компанийн ажилчдын эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан нь ийнхүү хардахад хүргэж байгаа юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь БНХАУ-тай шатахуун нийлүүлэх хэлцэл хийхийн яг өмнөхөн ийм явдал болсон нь Засгийн газрыг муухай харагдуулах захиалга гэж хэлж болох. Хэдийгээр тус бүлэглэлээс одоогийн Засгийн газарт таван сайд томилогдсон ч үүнээс ихийг хүсэхийг үгүйсгэхгүй. Л.Оюун-Эрдэнэ энэ нөхцөлд илүүсайн ажиллах байсан юм гэх агуулгатай мессежийг нийгмийн сүлжээнд зүгээр ч нэг түгээгээгүй болов уу. Ямартай ч Үнэн ба зөв намын гишүүн П.Шинжээравдан “Уг нь хамтраад ажиллаж байсан цагдаа нар манай хүмүүсийг 48 цагаар баривчилжээ. Сумынхаа газар нутгийн төлөө шударгаар ажиллаж, захирамж гаргасан Засаг дарга нарыг төрөөс дарамталж буй бололтой” гэжээ. “Монголиа фойсон энержи” хэмээх тухайн компанид Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байхад орон нутгийн Засаг дарга нар нь эсрэг шийдвэр гаргаж л байдаг. Ийнхүү Засгийн газрынхаа шийдвэрийг аймаг, сумын Засаг дарга нь ч, шатахуун импортлогч компаниуд нь ч үл тоодог, дураар зөрчдөг болжээ. Нэгдмэл нэг улс биш, МАН-ын бүлэглэлүүдийн тушаалаар хуваагддаг нутгийн өөрөө удирдах шатны удирдлага, бизнес эрхлэгчид бий болсон гэсэн үг. Энэ бүхний эсрэг Ерөнхий сайд Н.Учрал ганц үг ган хийсэнгүй. Бүлэглэлийн эрх ашиг, дарамтад хүлэгдчихсэн, хүчгүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй танхим л харагдаж байна. Ингэж харагдуулахыг нөгөө тал нь ч бас зорьсон биз ээ. Татвараас чөлөөлж, бүх боломжоор хангаж, шатахуун олж авчраад байхад хязгаарлалтгүй, дугаар чирэгдэл үүсгэхгүй ажиллахгүй байна хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням л гомдоллож, импортлогч компаниудын тусгай зөвшөөрөлтэй ярина гэв. Гэхдээ одоогоор нэг ч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байна. Хүч ч хүрэхгүй биз. Тэгсэн атлаа хувийн компаниудын хүний нөөцийн асуудалд хошуу дүрж, “ШТС-уудаас түгээгчгүйгээр, шууд QR кодоор цаг захиалж шатахуун авна, дэмий хүлээж зогсоодгийг болино” гэв. Нийлүүлэлтээ нэмээд, импортлогч компаниудаар шийдвэрээ мөрдүүлж чадахгүй байж ийм амьдралаас хол юм яриад ч яах юм.
Шатахууны үнийн өсөлтөөс үүдэн өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихлээ. Инфляц оны эхний долоон сарын байдлаар 13 хувьд хүрэв. “Үнэтэй байсан ч хамаагүй, дугааргүйгээр л шатахуун өгөөч” гэж иргэдээ хүсэх нөхцөлд оруулж, амьдралын чанарыг нь улам муутгасны хариуцлагыг энэ Засгийн газар хүлээх учиртай. Гэвч эл танхимаас хэнийг ч “шүд сугалахгүй” гэдгийг Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр ньмэдэгдсэн билээ. Ерөнхий сайд өөрөө “Удахгүй ирэх хүнд өвлийг дотоод эв нэгдлээрээ л давна” хэмээн сануулаад байгаа. Засгийн газар тэсэж үлдэхийн тулд хичээнэ, нөгөө талд нь хариуцлага тооцох, эрх мэдлээ ахиулах оролдлого хийнэ. Харин өнөөх шатахууны хангамж, нөөц, өвлийн бэлтгэл гээд иргэдийн өдөр тутамд нэн чухал асуудал энэ бүхнийх нь араас л эрэмбэлэгдэх биз ээ. Тиймээс иргэд бид лаа, шүдэнз, гаазаа сайн зэхэх хэрэгтэй. Энэ улсыг МАН-ынханлававрахгүй нь.