Монголын оюун ухааны академи, Оюуны спортын менежмент байгууллагатай хамтран оюуны спортын аварга шалгаруулах олон төрөлт тэмцээнийг зохион байгуулж, дүнгээ гаргажээ. Энэхүү наадмын нэг төрөл болох 16 дахь удаагийн ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд 25 клубийн шилдэг 117 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр өрсөлдсөн байна. Бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд ухаанаа уралдуулсан, УАШТ-д олон улсын цолтой 17 тамирчин оролцжээ. Энэ үзүүлэлт нь тэмцээний түүхэн дэх хамгийн олон цолтой тамирчин оролцсон тохиолдол болж, өрсөлдөөн улам ширүүссэн гэнэ.
Бага насны ангилалд “Classicmind” клубийн тамирчин Г.Сондор 5910, өсвөрийнхөд олон улсын ихмастер, дэлхийн аварга О.Наранзул 9351, насанд хүрэгчдийн тэмцээнээс өсвөрийн дэлхийн аварга, олон улсын их мастер Ц.Оюун-Эрдэнэ 6488 оноогоор тус тус тэргүүлжээ. Харин тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор О.Наранзул тэргүүлж, аваргын цом хүртэн улсын хошой аварга болжээ. Тэрбээр мөн 15 минутын хугацаанд 1005 хийсвэр зураг цээжилж, улсын рекорд шинэчлэн тогтоосон байна.
Ч.Туяа