Уул уурхай, дэд бүтцийн үйл ажиллагаанд ашигладаг тэсэлгээний хэрэгсэл, тэсрэх бодис үйлдвэрлэгч “Мера сервис” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний дотор авлига, албан тушаалын таван хэрэг багтсан байв. Тэдний нэг нь дээрх аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудын өдүүлсэн үйлдэл.
Тодруулбал, “Мера сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Тэгшбуян, түүний дараа уг албан тушаалыг хаших болсон Г.Соёмбо, худалдан авалтын менежер Э.Галт, бизнес хөгжлийн менежер А.Билэгсайхан нар бүлэглэж, компанийнхаа эд хөрөнгийг завшиж, нэг тэрбум шахам төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан байна. Тэд Компанийн тухай хууль, аж ахуйн нэгжийнхээ дотоод дүрэм, журам зэргийг зөрчин өөрсдөдөө давуу байдал бий болгосон гэнэ. “Мера сервис” компанийн байгуулсан хамтран ажиллах гэрээнүүд дундаас тэд хонжоо хайсан бололтой. 2024 оны наймдугаар сарын 18-наас 2025 оны арваннэгдүгээр сарын 2 хүртэлх хугацаанд 13 удаагийн 1.7 тэрбум гаруй төгрөгөөр бараа, материал худалдан авахдаа өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудтай зах зээлийн үнээс өндөр дүнтэй гэрээ, хэлцэл байгуулж, бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй байхад төлбөрийг нь шилжүүлж байж. Ингэснээрээ Б.Тэгшбуян, Г.Соёмбо, Э.Галт, А.Билэгсайхан нар “Мера сервис” ХХК-д 932.4 сая өгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгалт, шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болсон аж. Тиймээс НПГаас хэрэгт холбогдсон уг дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 22.12-1 дэх хэсгийн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.