Өмнөд Африкийн Сан Сити хотод үргэлжилж буй пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын ДАШТ-д манай улсын баг Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад оролцож, таван тивийн 60 орны 420 гаруй тамирчинтай өрсөлдөж байна. Энэ сарын 29-нд өндөрлөх тус тэмцээнд өсвөр үеийнхний ангилалд охидоос 76 кг-ын жинд М.Билгүүнзаяа гурван төрөлд тус бүр алтан медаль хүртлээ. Тэрбээр суултын төрөлд 190 кг өргөж, шахалтынхад 82.5 кг, таталтын төрөлд 162.5 кг-ыг татан нийлбэр дүнгээр дэлхийн аваргаар тодорсон Монголын анхны эмэгтэй тамирчин болов. Түүнчлэн залуу чуудын 74 кг-д Б.Азжаргал таталт, шахалтын төрөлд тус хүрэл, суултынхад алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр III байрт шалгарсан юм.
Сонирхуулахад, Эквадор улсын Гуаякиль хотод дээрх тэмцээнтэй давхцаж болсон жүдо бөхийн өсвөр үеийнхийн ДАШТ-д хөвгүүдээс 60 кг-д “Гүрү дожо” клубийн тамирчин Ж.Энхтөр хүрэл медаль хүртэж, Монголын тамирчдын шагналын салхийг хагалав.
Тэгвэл АНЭУ-ын “Абу-Даби 2026” холимог тулааны өсвөр үеийнхний ДАШТ-д ахлах насныхны ангилалд 56.7 кг-д өрсөлдсөн “One team fighting center”, “OCTA MMA аcademy”-ийн М.Мөнхсувд хүрэл медалийн төлөөх тулаанд хойд хөршийн Алина Балашова болон Английн Марлежо Элагудыг ялж, шагналын тавцанд зогсов. Мөн БНСУын Дэгү хотод эхэлсэн хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д улсаа төлөөлөн оролцож буй тамирчдаас дүүгүүр шидэлтийн төрөлд Гавьяат тамирчин Т.Цэрэндолгор (85 нас) хүрэл, Ц.Раднаа (90-ээс дээш нас) гүйлтийн 100 метрийн зайд тасархай түрүүллээ.