“Амьдралд минь олон саад, бэрхшээл тулгардаг ч би алзахгүй даваад л гардаг. Нэр минь хүртэл дав, дараа нь жарга гэсэн утгатай мэт санагддаг” хэмээн нэхмэлч Д.Даваажаргал ярьсан юм. Тэрбээр Төв аймгийн Цээл сумд 1981 онд төржээ. Арван хүүхэдтэй айлын отгон охин. Олуулаа байхын жаргал хийгээд олзны бага амттай гэдгийг багаасаа л мэдэрч өссөн гэнэ. Өдгөө гурван эгч, ганц ахтайгаа үлдсэн ч 90 нас дөхөж яваа ээж нь түүний хамгийн сайн найз, бас хамтрагч нь болжээ. Түүний аав А.Даваасүрэн Төв аймгийн Бүрэн сумын уугуул. Гартаа уртай гагнуурчин байж. Харин ээж П.Анаабаатар нь Говь-Алтай аймагт төрж, өссөн бөгөөд худалдагч, тогооч, нярав, нягтлан, ургамал судлаач гээд төрөл бүрийн мэргэжилтэй, чадахгүй юмгүй хөдөлмөрч нэгэн. Тэд “Өгөөж” чихэр, боовны үйлдвэрт ажиллаж байхдаа танилцаж, гэр бүл болцгоожээ. Тэндээ гурван жил ажиллаад, Төв аймгийн Угтаалцайдам руу нүүсэн байна. 1976 онд тус сумаас Цээл сум салж байгуулагдахад тэднийх анхны оршин суугчдын нэг болсноор шинэ байраар шагнуулж байжээ. Г.Даваажаргал 10 нас хүртлээ сумдаа орон сууцад амьдарч байгаад, аав ээжийгээ дагаж мал маллах болж. Өмч хувьчлалаар мал авч, малчин болсон ч түүнийг наймдугаар ангиа төгсөх жил гэр бүлээрээ Улаанбаатар хотод нүүн иржээ. Анх ирэхдээ л одоогийн байгаа газартаа төвхнөсөн байна.
Өрөөснийг нь өөрөө оё
Ой гаруйтай байхдаа менингококкт халдвар буюу цахилгаан мененгит тусаж, үхэхийн наагуур үлдсэн ч хор уршиг нь хожим 37 настайд нь илэрнэ гэж Д.Даваажаргал яаж санах билээ. Нэг л өглөө хөл дээрээ зогсож чадахгүйд хүрч, бүсэлхийгээс доош мэдээ алдсан байжээ. Яаралтай компьютер томографийн шинжилгээ өгтөл хавдар илэрсэн гэнэ. “Хоргүй байсан нь бас учиртай. Тэгээгүй бол өдий хүртэл амьдарна гэж үү” гээд тэрбээр инээмсэглэсэн. “Тухайн үед нугасны ус авхуулаад аврагдсан гэж ээж минь ярьдаг байв. Зүү, тариурын ариутгал одоогийнх шиг лав байгаагүй биз. Ингээд 2018 онд Улсын гуравдугаар төв эмнэлэгт нурууны нугаснаас хавдар авах мэс засалд орлоо. Гурван америк, таван монгол эмч хагалгаа хийсэн. Мэс засал бараг 10 гаруй цаг үргэлжилж, ямар сайндаа ээж минь “Охинд минь муу юм болчихлоо. Та нар надад л хэлэхгүй нуугаад байна” гээд эмнэлгийн гадаа уйлж суух вэ” хэмээн ярив.
Тэрбээр энэ хагалгаанаас хойш зургаан сарын дараа хөл дээрээ босож чаджээ. Гэхдээ зөвхөн тэгшхэн газар л явна, шатаар өгсөж, уруудаж чаддаггүй байж. Хавдар авхуулсны дараа нурууны сэртэн ясыг нь хөрөөдсөн, бэхэлгээ төмөр хадуулах ёстой гэж эмч хэлсэн ч санхүүгийн боломжгүйгээсээ болж, дахин хагалгаа хийлгэж чадаагүй гэнэ. Хөл дээрээ боссондоо баярлаж, ажилдаа оржээ. Гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд үүрэх ачаа мундахгүй. Тухайн үедээ өөрийгөө эрүүл болчихлоо гэж ойлгоод, дахин хагалгаа хийлгээд яах вэ гэсэн гэнэн бодолд автсанаас биш, дараагийн эрсдэлийг тооцоогүй аж. Автомашин банкны зээлээр авч, ажлынхаа хажуугаар таксинд явж, амьдралаа хэнээс ч гуйхгүйгээр болгочихдог байжээ. Гэтэл дахиад л мэс засалд орох шаардлага тулгарч. Энэ удаа хоёр чихний хэнгэрэг нөхөх хагалгаа. Тэрбээр “Би хөлний судас, өндгөвчний дурангийн хагалгаа, чихний хэнгэрэг нөхөх, мухар олгой гээд нийт есөн удаа биедээ мэс хүргэсэн. 2022 онд УНТЭ-т чихний хэнгэрэг нөхөх хагалгаанд орсон. Төлбөр нь 450 мянган төгрөг байв. Бас л санхүүгийн байдлаасаа болоод хоёр чихэндээ зэрэг хагалгаа хийлгэлээ. Мэс заслын дараа, оройхон хэрд ариун цэврийн өрөө орох гэж орноосоо бостол сөхрөөд уначхав. Жижүүр эмч “Унтуулга чинь сайн гараагүй байна” гээд тэргэнцэр дээр суулгаж, ариун цэврийн өрөө оруулсан. Ингээд л эмнэлгээс гарах хүртлээ тэргэнцэр дээр суусан даа. “Зарим хүнд ийм шинж тэмдэг илэрдэг. Хоёр чихний хэнгэрэг нөхөх хагалгаа амжилттай болсон. Та нуруундаа бэхэлгээ төмөр хадуулаагүй юм байна. Хөл дээрээ босож чадахгүй байгаа нь таны архаг хууч өвчинтэй л холбоотой” гэхээс өөр зүйл хэлээгүй. Нэг л өдөр унтуулга бүрэн гарч, хөл дээрээ босно гэж найдсан ч түүнээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Хэнд хандахаа мэдэхгүй байсаар АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлгийн мэдрэлийн эмчид үзүүлэхэд “Хугацаа алдсан байна, тэр дуруйд нь сэргээн засах эмчилгээнд явах байсан” гэж хэлсэн дээ” хэмээн харамсангуй ярьсан юм. Хэнгэрэг нөхөх хагалгаанд орсноос хойш чихний аппарат зүүж, тэргэнцэр дээр суух болсон ч тэрбээр бууж өгсөнгүй. Эмнэлэгт хэвтэж байхдаа танилцсан нэг хүн түүнд дэгээ зүүгээр гутал нэхэхийг зааж өгснөөр шинэ хообийтой болж, талхны мөнгөө ч олчихдог байна. Сайн хүн нь муугаасаа олон гэдэг дээ. Энэ тухай тэрбээр “Ижил зовуурь шаналлаар хэвтэж эмчлүүлэхдээ хүмүүс багагүй дотносдог шүү дээ. Ингэж танилцсан нэг эгч намайг тэргэнцэр дээр суудаг болсныг дуулаад манайд ирж, юм нэхэхийг зааж өгсөн юм. Өрөөсөн гутал нэхэж өгчхөөд “нөгөөг нь чи өөрөө оё” гээд явчхаж билээ. Дүрсээ харж ярьж, заалгасаар байгаад нэхэж сурсан. Маш их талархаж явдаг” гэв.
500 гаруй хос гутал нэхжээ
Хүссэн бүхэн нь мэдээж зүү, утас шадарлуулж, бүтээл урлахгүй. Харин Д.Даваажаргалд төрөлхийн авьяас бий. Багадаа хонин холбоо, зүү ороох оёдлоор шаггүй байж. Ээж нь эсгийгээр ширмэл бойтог их нэхдэг, ширээ, данх, аяганы суурь урлаад гэрээ чимчихдэг. Аав нь төмрөөр хүссэнээ урлана. Харин ах нар нь арьс, модон дээр сийлдэг, гоё зурдаг байжээ. Нагац ах нь Монгол Улсын хүүхэлдэйн театрын нэгэн үеийн нүүр царай, Гавьяат жүжигчин А.Доржпүрэв агсан. Гэр бүлээрээ л гарын уртай, хөдөлмөрч улс. Иймдээ ч ургийн овгоо Урдуй хэмээж. Саяхан Д.Даваажаргал “Урдуй урлан” хэмээх пэйж хуудсаа нээжээ. Урласан бүтээлээ тэнд танилцуулдаг аж. Өөрийн гэсэн урлан, ажлын байргүй тулд захиалгаар л гэртээ оёдог байна. Мөн автобусанд, эмнэлэгт дараалалд сууж байхдаа гутал, малгай, цүнх зэргийг нэхэж суудаг гэнэ.
Хүмүүс “Ямар гоё нэхдэг юм” гэж хэлэхэд л дусал тариа хийлгүүлснээр илүү эрч хүчтэй болдгоо тэрбээр нуусангүй. Эмнэлэгт хэвтэхдээ хүртэл урласаар суудаг тул эмч, сувилагчид хамгийн итгэлт захиалагч нь болжээ. Анхны захиалгыг нь сэргээн засахын нэг эрэгтэй эмч өгсөн гэнэ. Бүр солонгын долоон өнгөтэй угшлааш оёх захиалга өгчээ. Дараа нь мөн пүүзэн загвартай гутал нэхүүлж авчээ. Анхны загвараараа 200 хос гутал нэхсэн байна. Загвараа дахин сайжруулж, 300 гаруй хос гутал нэхжээ. Нэхсэн гутлаа хүнд бэлэглэх дуртай бөгөөд ах дүү, найз нөхөд нь ч түүний сэтгэл шингэсэн бүтээлээр гоёх дуртай аж. Мөн бүтээлийн нэр, төрлөө нэмж, цүнх, малгай нэхэх болжээ. Ур чадвараа улам ахиулахын тулд нэхмэл утсаар хээ гаргаж, оёж сурсан байна.
Утас, загвараасаа хамаараад углаашийн үнэ нь 40-55 мянган төгрөг. Харин урт ороолт 45, пүүзэн загварын гутал 90 мянган төгрөг аж. Хамгийн өндөр үнэтэй нь гоёлын түрийтэй гутал. Ихэвчлэн шинэ жилээр даашинзтайгаа өнгө хослуулан захиалдаг байна. Углаашийг бүтэн өдөр суугаад оёчихдог бөгөөд одоо л гарт орж байна, анх бол гурван өдрийн ажил болдог байлаа хэмээн дурссан. Нэхмэл гутал нь чийг татдаггүй, зөв арчилж, угааж чадвал гурван жилдээ урагдаж, цоордоггүй гэнэ. Мэдээж галд шатааж, хурц үзүүртэй зүйлд утсыг нь тасалчихгүй бол шүү дээ. Хөлд эвтэйхэн, сэрүүхэн байдаг гээд холын тээвэрт явдаг жолооч нар цөөнгүй захиалдаг байна. Тэр ч бүү хэл, гутлынхаа улыг барьж очоод дахин нэхүүлж авсан үнэнч хэрэглэгч ч бий аж.
Хүүгийнхээ сургуулийг төгсгөх нь миний мөрөөдөл Тэрбээр одоо ээж, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Том хүү нь өрх тусгаарлажээ. Дараагийн охин нь АШУҮИС-д дүрс оношилгооны техникчээр суралцаж төгсөөд, мэргэжлээрээ ажиллаж буй. Харин бага охин нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Саяхан бага охиндоо сурагч цамц, зангиаг углаашаар сольж авч өгснөө олзуурхан хэлсэн. Сүүлийн үед зах, дэлгүүрийн худалдагч нартай тохирч, бартераар бараа авах болжээ. Энэ нь бэлэн мөнгө хомс үед хэн хэндээ ашигтай, ухаалаг наймаа хэмээн тодотгосон. “Оролдлого сайт оройд нь, онгироо сагсуу ёроолд нь гэдэг дээ” хэмээн өөрийгөө “магтаад” амжсан. Хоёр хүүхдээ их сургуульд сургах гэж зүтгэсэн ч арай л ахадсан ачаа байсан талаар тэрбээр ярьсан юм. 2022 онд нурууны мэс засалд орж, санхүүгийн хямралтай үед нь хоёр хүүхэд нь төгсөх курсийн оюутан байсан тул аль нэгэнд нь чөлөө авах шаардлага үүсэж. Барилгын коллеж төгсөөд, ХААИС-д барилгын инженерээр үргэлжлүүлэн сурч байсан хүү нь дөрөвдүгээр дамжааныхаа хоёрдугаар хагасаас чөлөө авсан байна. Одоо хэр нь сургуулийг нь төгсгөж чадаагүй байгаадаа харамсдаг хэмээн учирлав. Хүүгээ л амжилттай төгсгөчихвөл мөрөөдөл нь биелэх гэнэ лээ. Мөн түүний өөр нэг мөрөөдөл нь бусдад сурснаа зааж, шавьтай болох аж. Харин хэтийн зорилго нь хөл дээрээ дахин босох. Хөх хотод очиж үзүүлэхэд эмч нар “Хөл дээрээ босох 10 хувийн магадлал байна” гэж хэлжээ. Тэрхүү 10 хувийн боломжийг алдахгүйн төлөө хичээнэ гэв. Боломжгүй зүйл байдаггүй гэдэг дээ.