Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Төрийн худалдан авах ажиллагааны газраас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиудын эрх зүйн хэм хэмжээний давхардал, хийдлийг арилгаж, зохицуулалтыг боловсронгуй болгох зөвлөх үйлчилгээний тендер зарлажээ. Үүний төсөвт өртөг нь 312 сая төгрөг. Хоёр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судлахад энэ нь өндөр дүн хэмээн зарим хуульч цахим орчинд шүүмжилсэн байна. Тухайлбал, хуульч П.Баттулга “Засгийн газар 2026 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслөө наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн энэ өдөр дээрх тендерийг зарласан байна. Төсөв хэмнэх, тодотгох шаардлагатай ийм үед өндөр өртөгтэй тендерийг зогсоосон дээр байх” гэв. Уг тендерийг ирэх сарын 17-нд нээх аж.
Худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан нээлттэй тендерийн мэдээллээс үзэхэд энэ оны долоодугаар сарын 2-нд зарласан Цахилгаан эрчим хүчний экспортын чиглэлээр салбарын хууль тогтоомжид шинжилгээ хийх, олон улсын туршлага судлах, зөвлөмж боловсруулах хууль зүйн зөвлөх үйлчилгээний нийт төсөвт өртөг 96.4 сая төгрөг байна. Энэ нь дээрх зөвлөх үйлчилгээний өртгөөс гурав дахин бага дүн юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан гурван ч хуулийн тендерийн төсөвт өртөг хагас тэрбумыг даваад байгаа аж.
Ч.Цэлмэг