Засгийн газраас энэ оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ 1.4 их наяд төгрөгийг сайд нарын багц дахь урсгал зардлаас хэмнэж, улмаар инфляц, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах зорилгоор арваннэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэнд, боловсролын болон төрийн үйлчилгээний салбарынхны цалинг нэмэх, өвлийг өнтэй давахын тулд цахилгаан, дулааны станцуудад засвар хийх, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд анхаарах, шатахууны нөөц бүрдүүлэхэд эл мөнгөө зарцуулахаар тусгасан юм. УИХ дахь АН-ын бүлгийнхэн ч ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэхийг шаардсан.
Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт энэ талаар “Ээлжит бус чуулган хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Гэхдээ үүний тулд уг хуулийн төсөл төсвийн холбогдох бусад хуульд нийцсэн, эсэхийг хянан, Үндэсний аудитын газраас болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэлт гаргах учиртай. Үүнд тодорхой хугацаа зарцуулна. Тиймээс есдүгээр сарын 1-нд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж, ээлжит бус чуулганыг хэзээ товлохыг шийдвэрлэнэ. Тэр болтол эдгээр бэлтгэл ажлыг хангана гэж тооцсон” гэсэн хариулт өглөө.