Парист цахимаар зохион байгуулж, 10-26 насныхныг хооронд нь өрсөлдүүлсэн олон улсын “Nouvelles Etoiles” VI уралдааны үндэсний хөгжмийн төрөлд Консерваторын хоёрдугаар курсийн оюутан Э.Энхбат түрүүлжээ. Түүнд баяр хүргэж, товч ярилцлаа.
-Сүүлийн үед хөгжмийн олон улсын уралдаануудад үндэсний хөгжмийн төрлийг багтаах болжээ. Өрсөлдөж байх боломж нээгдээд урамтай байна уу?
-Тийм ээ. Бас нэг хувилбартай болсон байна лээ. Сонгодог, үндэсний гэж ялгалгүй, дундаас нь шилдгүүдийг тодруулдаг болж. Энэ оны дөрөвдүгээр сард Орост болсон “Найдал” уралдаанд оролцохдоо мэдлээ.
-Үүнд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Гран при шагнал хүртсэн. Шагналтнуудын нэгдсэн тоглолтод уригдаж, “Шилдэг виртуоз хөгжимчин” гэж өргөмжлөгдсөн.
-Сонгодог хөгжимчдийг ардаа орхижээ. Хуучраар ингэж сайн тоглохыг сонссон шүүгчид онцолж ямар нэгэн юм хэлж байв уу?
-Хуучир ямар гоё хөгжим юм бэ, анх удаа сонслоо гэж хэлсэн хүн хэд хэд байлаа.
-Хөгжим нь гоёынх уу, тоглооч нь сайных уу?
-Энэ хөгжим тоглох ур, хүч, бас бяр шаарддаг юм болов уу. Тэгэхээр эрэгтэй хүн эвийг нь олоод тоглоход арай өөр сонсогддог байж магадгүй.
-Гавьяат багш Б.Зоригт “Энхбат олон улсын хэд хэдэн уралдаанд түрүүлж, гран при шагналтан боллоо” гэсэн байна лээ. Өчигдөр өглөө үүрээр хариуг нь сонссон Францын уралдаан хэд дэх нь вэ?
-Зургаа дахь нь. Уралдаануудад оролцоход хөгжмөө олон улсад таниулаад байдаг юм байна. Энэ нь олзуурхууштай.
-Сая ямар зохиолууд тоглов?
-Хятадын хөгжмийн зохиолч Ли Бочаны “Чусон” буюу “Хайр ба дайн” гэдэг зохиол, мөн Ф.Шопены нэгэн ноктюрн тоглосон.
-Хуучирч болохоор шийдсэн нь таны сонголт уу?
-Эмээ минь чиглүүлсэн юм. Миний эмээ урлагт хайртай, уртын дуу дуулдаг, ер нь нийгмийн идэвх сайтай хөгшин бий. Хөгжим бүжгийн коллежид элсээд У.Одонтунгалаг багшийн шавь болсон. Гурван жилийн дараа Э.Цэндсүрэн багшийн удирдлагад нэг жил хичээллэсэн. Түүнээс хойш П.Мөнгөнцэцэг багшаараа олон жил заалгаж байна. Одоо ҮУИТ-т дадлагажигч хөгжимчнөөр ажилладаг.
-Сургуулиа төгсөөд тус театрт хөгжимчин болох уу, эсвэл сургуульдаа багшлах уу?
-Гадаадад үргэлжлүүлэн суралцах бодолтой байгаа. Хуучраа л олон улсад улам сайн таниулмаар байна.
-Энэ цагийн ганц эрэгтэй хуучирч юм аа.
-Одоохондоо тийм. Ардын жүжигчин С.Гончигсумлаа, Ж.Чулуун, бас Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш нар хуучирч. Эрэгтэйчүүд мэр сэр сонгодог л юм билээ.
Бэлтгэсэн Р.Оюунаа