“Лоринэт” сангийн санхүүжилттэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн “Үлгэрийн цаг” олон нийтийн нөлөөллийн аяны хүрээнд Азийн сан, “Whyze” агентлаг хамтран “Үлгэрийн цаг” хүүхдийн номын зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Эл үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хүүхдийн төв номын сан дэмжин ажиллаж, “Монсудар”, “Непко кидс”, “Урга” зэрэг хэвлэлийн компани, зохиолч болон зураач нар бүтээлээрээ оролцож буй юм. Тодруулбал, “Үлгэрийн цаг” үзэсгэлэнгээс “Шидэт дэвтэр” цуврал ном, “Эвтэй дөрвөн найз” “Арван хоёр жил”, “Шүдээ угаая”, “Тагнуулч Одко вирустэй тэмцсэн нь”, “Барилгачин Бөөлхөн ба түүний найзууд”, “Хачин бодлууд”, “Жожогийн театр”, “Миний муухай ногоон хамар”, “Бяцхан шүлгүүд”, “Маанай, Маанай”, “Шоохой, Шоохой” зэрэг Монголын орчин цагийн хүүхдийн номын зураачдын шилдэг бүтээлээс гадна Хүүхдийн төв номын сангийн архивт хадгалагддаг хүүхдийн түүхэн номуудтай танилцах боломжтой. Түүнчлэн гэр бүлээрээ цагийг сонирхолтой өнгөрүүлэхээс гадна “Үлгэрийн цаг” хүүхэд, эцэг, эхчүүдэд зориулсан арга хэмжээнд ч оролцох боломжтой юм. Эл үзэсгэлэн энэ сарын 12 хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Хангал