Монголын уран зургийн галерейд дүрслэх урлагийн 2022 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг дэлгэсэн. Тэдгээрээс улсын санд худалдан авах бүтээлийг өнгөрсөн баасан гарагт шалгаруулав. Монгол Улсын Засгийн газар 2006 оноос хойш дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авч эхэлсэн билээ. 2022 оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд нийт 96 уран бүтээлч уран зураг, график, уран баримал, сийлбэр, инсталляци, холимог техникийн 131 бүтээл ирүүлсэн юм. Үүнээс Соёлын сайдын 2022 оны А/355 дугаар тушаалаар томилогдсон орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийн дагуу журамд заасан төрөл ангилалд хамаарахгүй, үзэсгэлэнгийн шаардлагад нийцэхгүй 34 бүтээлийг хасаж, 97 бүтээлийг эхний шатанд шалгаруулсан байна. Тэдгээрээс З.Уянгын “Тэнгэрийн хөвгүүд”, Д.Гунгаагийн “Амьдралын хүүрнэл” бүтээл шилдгээр шалгарч, улсын санд авахаар боллоо.
Бэлтгэсэн А.Тайшир