Дэлхий дахинд авто аялал эрчимтэй хөгжиж буй. Гэр бүл, найз нөхдөөрөө нэгдэж, энэ төрлийн аялалд гарах нь түгээмэл болсон. Монголчуудын хувьд ч ялгаагүй. Бага насны гурван хүүхэдтэй Ш.Түвшинжаргалын гэр бүл жил гаруйн хугацаанд автомашинаар 16 улс дамжин 70 мянган км зам туулсны эцэст саяхан эх орондоо ирээд буй. Тэгвэл ээлжит авто аяллын буухиаг Н.Болор-Эрдэнийн гэр бүл үргэлжлүүлэхээр Улаанбаатар хотоос уржигдар хөдөлжээ. Тэд 44 000 км замыг автомашинаар туулан АНУ-д очихоор төлөвлөсөн бөгөөд 40 орчим улсаар дайран өнгөрөхөөр тооцсон байна.
Хосууд “Залуу насандаа аялах мөрөөдлөө биелүүлэхээр, хүүхдүүдээ хорвоотой танилцуулахаар замд гарлаа. Мөн Монгол орноо, дэлхийд ердөө 50-хан үлдээд буй мазаалай баавгайгаа чадах хэмжээгээрээ сурталчлах зорилготой” гэв. Тэд дэлхийд нэн ховордсон эл амьтныг сурталчлахаар машин дээрээ мазаалайн дүрс бүхий лого, “Говийн баавгайг хамгаалъя” гэсэн бичиг байршуулжээ.